Үе үеийн хотын дарга нар ганц нэг хууль батлуулах гэж сар жилийг бардаг байсныг иргэд олон нийт мэдэх байх. Нөгөө талаар төдийлөн хууль санаачлаад байсан дарга нар ч ховор. Харин өдгөөгийн хотын дарга Х.Нямбаатар томилогдсоноос хойш нийслэлд тулгамдаж буй олон асуудалд дүгнэлт хийж, эрх зүйн талаас нь эхлэн шинэчлэх ёстойг анзаарсан хэрэг. Тиймээс тэр 60 гаруй хууль санаачлан УИХ-аар батлуулсан цор ганцхан хотын дарга болж байна.
Энэ бол мэдээж, УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж, олон хууль тогтоомжийн ард гарч байсан төрийн хүний туршлага байж таарна. Түүнээс бус улс төрийн томилгоогоор очсон ажлын дадлага туршлагагүй, улстөрчийн зангараггүй нөхөр 60 хууль бүү хэл зургаан хууль ч оруулж чадахгүй биз. Мэдээж хэрэг, хотын ажил бол эмх замбараагүй, хаана юу яваа нь мэдэгдэхгүй их далай гэсэн үг. Ийм айлын ажлыг цэгцлэхэд юу юуны өмнө эрх зүйн орчин шаардлагатайг хуулийн хүний хувьд анзаарч харсан байх.
Тиймээс юуны өмнө хууль, эрх зүйн орчныг санаачлан батлуулаад хууль бусзүйлтэй тэмцэж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгааг нийслэлийн олон ажлаас харж болно. Мэдээж хэрэг, нэн түрүүнд хөгжлийн саад, түгжээ болж байсан хууль, эрхзүйн орчноо сайжруулж, үүнийгээ дагаад нийгэм, эдийн засгийн таатай орчин бий болох нөхцөлийг бүрдүүлсэн нь юу юунаас харагдана.
Нөгөө талаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг баталж, түүнд “Улаанбаатар ба дагуул хот”-ын бие даасан бүлэг оруулан, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан ногоон санхүүгийн үндэсний тогтолцоог дэмжин хөгжүүлж, олон улсын санхүүгийн арга хэлбэрийг ашиглан байгальд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэсэн зорилго дэвшүүлсэн учраас яах аргагүй хууль, эрх зүйн шинэчлэл тун чухал.
Хотын асуудал дуусахгүй, ахиад ч ундран гарна. Хүн амын өсөлт, төвлөрөл, орчин цагийн техник технологийн хөгжлийн хурд зэрэгтэй хөл нийлүүлэн алхахад ахиад ч шинэ эрх зүйн орчин хэрэгтэй болно. Тиймээс Х.Нямбаатарыг хотын даргаар ажиллах хугацаанд нь ажлын дадлага туршлага, хуульчийн мэдлэг, улс төрийн зангаргийг нь ашиглан нийслэлийн эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгочих хэрэгтэй. Манайх шиг улс төрийн цацаа цалгиа ихтэй улсад ахин ийм хотын дарга томилогдоо ч билүү, үгүй ч билүү. Тэгээд ч Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүний гэх давхар суудлаа орхиод хотыг зорьж ирэх хүн Х.Нямбаатараас өөр гарахгүй л болов уу.
Үнэхээр хийе бүтээе, хотыг цэглэе гэсэн чин сэтгэл л хөтөлсөн байх. Ийм сэтгэл зүтгэлийг нь дэмжиж, хууль, эрх зүйн орчноо сайжруулж, эхлүүлсэн олон төсөл хөтөлбөрийнх нь үр дүнг харах хэрэгтэй. Тиймээс Х.Нямбаатарыг нийслэлчүүд шахаж дэмжиж, ирэх 2028 оны сонгуулиар ч улираан томилох хэрэгтэй гэдгийг ахмадууд ярих болжээ.