Хүн бүрийн цээжинд “суут”-ны хүсэл нуугдаж байдагтай адил шинэ тутам бүрдсэн Засгийн газар болгонд л иргэдээс “оноо авах” сэдвийн жагсаалт дурайж байдаг нь нууц биш. Тэр тусмаа ард иргэдийн бухимдлыг юухнаар намжааж, гурван сая иргэний олонход нь дөмөгхөн таалагдчих бодлогын “засвар” шинэчлэл хийх толгойны өвчин дөнгөж дөч гаруй хонож буй гүйцэтгэх засаглалд байх нь зүйн хэрэг биз. Өнөөгийн нийгмийн дүр зурагнаас харахад ойлгомжтой шүү дээ.

Харин энэ удаагийнх нь олон жилийн турш улстөрчдийн “халаасны” сэдэв, гал унтраах хэрэгсэл, бүр нэгнээ намнах арга заль болж ирсэн өнөөх л ТӨК (төрийн өмчит компани)-иуд байв. Атал төрийн албыг цомхон, чадварлаг, үр бүтээмжтэй болгоно, хэмнэнэ, танана гэдгээ зарласан Г.Занданшатарын Засгийн газрын “үзүүлэн”-гийн өрөө төрийн өмчит компанийн цалин хангамж, байр сав, машин тэрэг болж таарав.

Үеийн үед иргэдэд шидэж өгөх, хамтдаа тэмцэх “хадны мангаа” үүсгэх хэрэгцээ шаардлага эрх баригчдад байдаг ч энэ удаагийн сэдэв бай, талбайгаа оносонгүй. Өнөөдрөө аргацаасан ч ирээдүйн хор уршиг нь асар их юм. Төр засаг маань төрийн албан хаагчдынхаа цалингийн “хүснэгт”-ийг нийгэмд хаяж өгтлөө пи-арын хомсдолд оров уу. Аль эсвэл улс төрийнхөө эрх ашигт хавчигдаж, өөр хоорондоо толхилцож, булаалдахдаа нийтээр нь хавтгайруулж ноцоод байна уу гэсэн мессежийг Г.Занданшатарын Засгийн газар гаргаж ирж өгснөөрөө эргээд энэ том ачаа, эрсдлээ даадаг байгаа гэсэн айдас болгоомжлолыг төрүүллээ. Экспертүүд ч ихээхэн эмзэглэж буйгаа ил тод илэрхийлсээр буй. Өөрөөр хэлбэл, нэг гараараа ТӨК-үүдийг “муухай” харагдуулж, нөгөө гараараа төрийн албанд боловсролтой залуусыг дэлхийн хэмжээнд үнэлж ажиллуулна гэж “дуудах” нь авцалдаагүй хэрэг юм. Гэхдээ өмнөхтэй харьцуулахад ТӨК-иудаас өө сэв хайж, ноолоход амаргүй болсныг наад захын хэдэн “тоо” гадарладаг хүн бүхэн мэдэхтэйгээ болтлоо бэхэжсэн. Тэр тусмаа манайдаа ганцаараа мөс хагалж яваа “Эрдэнэс Монгол” нэгдлийг дурдаж болно.  

2022 оноос эхлэн Засгийн газар Төрийн өмчит компаниудар цогц реформ хийж,  олон улсын жишигт нийцүүлэн нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Энэ  салхийг “Эрдэнэс Монгол” ХХК-иар хагалж байсан нь саяхан. Тухайн үед боловсон хүчнээ бодлогын түвшинд нээлттэй сонгон шалгаруулалт зарлан улс даяар дуулиан шуугиан болж тэр хэрээр ч олон улсад хүлээн зөвшөөрөгдөх өндөр боловсролтой залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн. ТӨК-иудын “босс” гэгдэх эгнээндээ 30 гаруй охин болон хараат компаниудыг нэгтгэсэн л нэгдлээр багцаа авахад л сайнтай муутай ч шинэчлэгдэж, өөрчлөгдөөд урагшилж яваа дүр зураг харагдаж байгаа. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” компани сүүлийн 2.9 жилийн хугацаанд парламент, Засгийн газраар 130 гаруй тогтоол, шийдвэр хэлэлцүүлж, хэрэгжилтээ тайлагнаж явна.

Бүр тодорхой хэлбэл, “Халаасны” сэдэв болсон ТӨК буюу тогтож харах “тоо”-нуудаас цөөн хэдийг энд онцольё.

                        Баялагтаа жинхнээсээ “эзэн” суух эрхээ эдэлж эхэллээ

“Эрдэнэс Монгол” компани үүсгэн байгуулагдсан 2007 оноос л Баялгийн сангийн тухай ойлголт, зохицуулалтыг тойрон ярьсаар ирсэн ч 2024 онд  Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хууль батлагдаж, Монголын ард түмэн баялагтаа жинхэнэ утгаараа эзэн суух хууль эрх зүйн боломж, нөхцөл бүрдсэн гэдгийг амтай болгон нь ярьсан. Гагцхүү энэ хуулийн төслийг цаасан дээр бичигдэхээс эхлээд парламентын босго давж, кноп дарж, алх цохих эцсийн мөч хүртэл “Эрдэнэс Монгол” нэгдлийн баг хамт олны хүч, хөдөлмөр, гүйцэтгэх удирдлагын багийн улс төрийн манлайлал онцгой ач холбогдолтой байсныг дурдах нь зүйтэй.

Норвегийн баялгийн сангаар жишээ татаж ярьж эхэлснээс хойш 17 жилийн дараа Үндэсний баялгийн сан сая бодит ажил хэрэг болж, 2024 онд Хуримтлалын санг 500 гаруй тэрбум төгрөгөөөр мөнгөжүүлж, Монгол Улсын иргэн бүр нэрийн данстай болж, “E-Mongolia”  нэгдсэн цахим системээр баялгаа удирдах боломж нээгдсэнийг өнөөдөр бид гар утсан дээрээ харж сууна.

““Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд энэхүү Хуримтлалын сангийн орлогыг бүрдүүлэхэд ачааны хүндийг үүрч байгаа бөгөөд 2040 он гэхэд тус санд нийтдээ 38 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх төсөөлөлтэй. Үндэсний баялгийн сан “биежиж”, Хуримтлалын дансанд баялгийн өгөөжийг нэгтгэснээр уул уурхайн компаниудын  үйл ажиллагаанд иргэд шууд утгаараа дүнгээ тавих хяналт хариуцлагын механизм давхар бүрдэж байна” гэдгийг тус нэгдлийн гүйцэтгэх захирал хэвлэлд ярьсан нь олонтаа.

                  28 жил гацсан Хөрөнгө оруулалтын гэрээг “хөдөлгөв”

28 жил гацаж үе үеийн улстөрчид гал дуудахаас бэргэж, тойрч гүйсэн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар “Орано Майнинг” компанитай энэ оны нэгдүгээр сард үзэглэснийг нийтээрээ түүхэнд тэмдэглэж авав. Өөрөөр хэлбэл, хэвлэлийнхний өмнө сууж, гэрээгээ үзэглэж, гэрэл зургаа татуулах хүртэл “Эрдэнэс Монгол” ХХК-иас болон бусад Ажлын хэсгийн гишүүд хөрөнгө оруулагч талтай 19 удаагийн хэлэлцээ хийж, заримдаа ширүүхэн “үзэлцсэний” үр дүнд монголчуудад ашигтай хувилбарыг батлуулж чадсан байдаг. Ямар ч нөхцөлд монгол хүн өөрсдийн боломж-эрсдлийг хэнээр ч заалгахгүй хамгийн  сайн мэдэж байгаагийн хувьд хөрсөнд буусан гэрээ байгуулж,  дотоодын хүний нөөцийнхөө ур чадвар, боломжийг баталгаажуулсан явдал болсныг  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт нэгэнтээ онцолж байв. Товчхондоо бол, Монгол-Францын хөрөнгө оруулалтын гэрээ эдийн засгийн дүнгээрээ нийт ашгийн дийлэнх буюу 51-ээс доошгүй хувь монголчуудад ирэх бөгөөд улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум  төгрөгийг төвлөрүүлж, шинээр 1600 ажлын байр бий болж, нийт ажилчдынхаа 90 хувийг монголчуудаар бүрдүүлэх юм.

 Гадаад гэхээр байдгаа барьж гүйдэг, гаднын зөвлөхүүдийг хэд нугалж цалинжуулдаг хэвшмэл ойлголт, нийтлэг хандлагыг сөрж, монгол оюун ухаан, монголд ашигтай модуль загварчилж, боловсруулж чаддаг гэдгийг баталж өгснөөрөө мөнгөн дүнгээр үнэлэхээргүй үнэ цэнтэй явдал гэдгийг төр засгийн төлөөллөөс илүү дотоод, гадаадын экспертүүд ч батлан ярьсан нь бий.

                                  Олон улсын тоглогч болох алхмууд

Төрийн өмчит компаниудыг хүссэнээрээ балбадаг ч харин тэд дотоодын хэрүүл тэмцлээс давж, бодлогоо тодорхойлж буйгаа мэдэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тухайлбал, Монголын эдийн засгийн форум 2025 арга хэмжээний үеэр “Эрдэнэс Монгол” нэгдэл хөрөнгө оруулагчдад чиглэсэн тоглоомын дүрмээ тогтоож, нээлттэй ил тод, тогтвортой бодлогоор хамтран ажиллахаа илэрхийлсэн нь гадаадын хөрөнгө оруулагчдын талархлыг хүлээсэн. Стратегийн чухал ач холбогдол бүхий орд газрууд, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжтой томоохон төслүүдээ олон улсын стандартад нийцүүлэх зорилгын хүрээнд Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний орд болон Асгат мөнгөний ордын нөөцийг уул уурхайн салбарт гол тоглогч болох Австрали Улсын JORС-Жорк стандартад нийцүүлэх ажлыг эрчимжүүлж буйгаа ярьсаар буй. Өөрөөр хэлбэл, томоохон хөрөнгө оруулагчидтай тэдний хэлээр буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, аргачлалуудыг нэвтрүүлж, ойлголцохоор “Эрдэнэс Монгол” нэгдлийнхэн ажиллаж байгаа аж.

     Үнэтэй оффисоос нүүж, ТУЗ-ийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдэл шинэчлэгдэж ирсэн гурван жилийн хугацаанд  хэмнэлтийг дотроосоо тэр дундаа түрээсийн үнэтэй “оффис”-оос гарснаар эхлүүлснийг манай хэвлэлүүд бичиж байв. Хотын А зэрэглэлийн бүсэд хувийн хэвшлийн оффисыг өндөр үнээр түрээсдэг байсныг болиулж, төрийн өмчийн байранд шилжин ирж, 700-800 сая төгрөг хэмнэсэн гэх тооцоог гаргажээ.  

Мөн нэгдлийн оролцогч 11 компанийн ТУЗ-ийг татан буулгасан тухайн үед нэлээдгүй “гал” дуудсан. Түүнчлэн байнгын хяналт шинжилгээ хийснээр эдийн засгийн үр ашиггүй хоёр компани, хоёр төслийн нэгжийг татан буулгаж, хоёр компанийг нэгтгэн ижил чиг үүрэг бүхий ажлын байруудыг тодорхойлж, төсөв санхүү эдийн засгаа хэмнэсэн сайн туршлагыг Засгийн газрын түвшинд онцолж, нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2024 онд гэхэд л 15.9 их наяд төгрөгийн орлоготой, 5.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай, улсын гадаад валютын нөөцийн 80 гаруй хувийг бүрдүүлж, улсын төсөвт 5.2 их наяд төгрөгийг төврүүлсэн байна. Энэ мэт энгийн "нүд"-ээр харж, хэдхэн тоо анзаарахад л ойлгомжтой байгаа ТӨК, тэр дундаа "Эрдэнэс Монгол" нэгдлийн сайн жишиг туршлагыг улс төртэй хутгаж боломгүй. Харин бүр дөнгөж шинээр эмхэлж, хөл дээрээ тэнцэж буй "Эрчист Монгол" нэгдлийг энэ загвараар ажиллуулж л болмоор бишүү.