Гадаа -40 хэм давж, гэрт дулаан цахилгаангүй өлсөж цангаж, даарч бээрсэн иргэд. Сурагчдын амралт таарсныг хэлэх үү балчир хүүхдүүд эцэг эхээ хүлээж харанхуй гэрт айж сууна.
Нялх нойтон үрсээ даарч жиндээчих вий гээд хөдсөн дээлэндээ бөөвийтөл нь ороож зутруухан суугаа нь ч байна.
Чухам л утааг арилгахад хувь нэмэр болно гэж зориг шулуудан халаалтаа тогоор шийдсэн айл өрхүүд “Маргааш хаа нэг газраа цоолж яндан гаргах минь” гэж уур манан савсуулаад ярьж байгаа сурагтай. Ийм зүйл байж болдог хэрэг үү. Бид үнэхээр л 21 дүгээр зуунд бүх талаараа харанхуй хотод амьдарч байна.
Юун хиймэл оюун ухаан, техник технологийн хөгжил, аж үйлдвэрийн хувьсгал, алс хэтийн зорилго. Ерөнхий сайд, төрийн хамаг дарга нар дэлхийн чуулганд AI ярьж суухад энд иргэд нь тог цахилгаангүй зутарч байна.

Үнэндээ өнөөдөр монголчууд харласан дотортой улстөрчдийн балгаар орон гэртээ осгож хөлдчихгүйхэн шиг өвлийг давах нь л гол зорилго болоод байна. Үүний гол шалтгаан нь төр засаг эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулалт тавьдаггүй. Гадна дотноос орж ирснийг нь тоноод дуусгадаг.
Хэдэн арван жил ноорхой болтлоо нөхүүлж сэлбүүлсэн цахилгаан станцуудын мотор зогсож, тартагтаа тулж ийнхүү бүхэл бүтэн улсаараа гал алдаж байна.
Тэгсэн хэр нь төр засаг, түмнийг төлөөлсөн 126 гишүүн эрчим хүчний салбарын реформ, том том мега төсөл ярьж, албан тушаал буцаалдсаар л..
Энэ өвөл улаанбаатарчууд шатахуунгүй явгарч, лаа шүдэнзний эрэлд гарч, хөдсөн дээлтэй сууна.
Төр эрчим хүчний реформ ярьж иргэд лаатай сууна. Өвөл болохоор л нар салхиар аргалчихдаг Чойжоо сайд ч аргалсангүй.
Товчхондоо, төр нь эрчим хүчний салбараа тоодоггүй, салбарын удирдлагууд нь орж ирснийг нь тонож, эцэст нь иргэд лаа асааж “шинэчлэл” гэгчийг нь харж сууна.
Тиймээс бид мега төсөл, сэргэлт шинэтгэлийн бодлогоо ухаантай царай гарган ярихыг тань сонсож ханасан. Одоо монголчуудад бодит ажил, үр дүн хэрэгтэй байна. Бензин тогоо таслахгүй байж чаддаггүй юм гэхэд тог цахилгаан, халаалт дулаантай эсэн мэнд байлгах л чухал болтлоо тартагтаа туллаа. Орчин үелэг, нээлттэй гэгдээд буй Ерөнхий сайдтай Засгийн газар, зүтгэлээр дундуур 126 улстөрчөөс 21 дүгээр зууны иргэн би ийм л зүйл хүсэх байна. Дэндүү эмгэнэлтэй биш гэж үү.















