Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө 2025 оны есдүгээр сарын байдлаар 25 тэрбум төгрөгт хүрчээ. Тус сангийн гол зорилго нь хүүхдийн хөгжил, хамгаалалд чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх. Гэтэл санд цугларсан хөрөнгөөс олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулахаас хэтрээгүй. Хэдий хүүхдүүдийг дэмжих нь зүйн хэрэг боловч хэт явцуу, үндсэн зорилгоо умартсан байдалтай ажилласаар ирсэн. Энэ талаар Хүний эрхийн комисс илтгэл, тайландаа дурдаж, анхааруулж, сануулсаар буй.
Тодруулбал, Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийн тайлангийн үеэр ХЭҮК-ын орон нутаг хариуцсан тасгийн дарга Д.Ёндонжамц мэдээлэл өгөхдөө “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл оны эхэнд төлөвлөгөө батлах төгсгөлд тайлан хэлэлцэх зэргээр жилд 2-3 удаа хуралдаж байгаа нь хангалтгүй. Мэдээлэл нь хүртээмжтэй биш. Мөн Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зөвхөн уралдаан тэмцээн зохион байгуулж шагнал олгоход зарцуулж байгааг өөрчлөх шаардлагатай. Хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалах суурь эрхийг хангахад оновчтой хуваарилах хэрэгтэй” талаар онцолсон юм.
Мөн тус илтгэлд “Хүүхдийн эрхийн тухай конвенцын 4 дүгээр зүйлд “… оролцогч улсууд хүүхдийн эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хэрэгжүүлэх арга хэмжээг нөөц бололцоондоо тулгуурлаж дээд зэргээр ашиглана…” гэж заажээ. Гэвч Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт “хүүхдийн төлөө сан хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалттай байна” гэж заасан нь хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог олон улсын тэмцээн, уралдаанд оролцохоор хязгаарласан ерөнхий зохицуулалт болжээ” хэмээн дурджээ.
Харин Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан Хүүхдийн сангийн талаар хийсэн танилцуулгадаа “Хүүхдийн сангийн хөрөнгийг зузаатгах, арвижуулах, санхүү босгох ажлыг энэ онд зохион байгуулж 100 тэрбум төгрөгт хүргэх мөрөөдөлтэй байгаа” гэсэн байр суурийг илэрхийлжээ.
ХТС-ийн хөрөнгийн эх үүсвэр нь төсвийн хөрөнгө, хандив, тусламж, авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын орлого, бусад орлогоос бүрддэг. Тэгэхээр эдгээр эх үүсвэрээс орж ирэх орлого 100 тэрбумд хүртэл нь Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хав дарж, хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалах суурь эрхийг хангахад тус сан оролцоогүй байх уу гэдэг асуудал урган гарч байгаа юм.







.jpg)







