Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх нийгмийн үйлчилгээний зураглалыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн болон Боловсролын яам болон төрийн бус байгууллагуудын саналд үндэслэн хамтран боловсруулсан эхний хувилбарыг танилцууллаа. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх эрх зүйн орчныг сайжруулж, нийгмийн халамж, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн, Нийгмийн халамжийн болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгаас гадна Гэр бүлийг дэмжих, Саадгүй байдал хүртээмжийн болон Дохионы хэлний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна. Дээрх хуулийн зорилт нь хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлээд хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, үнэлэх, нийгмийн оролцоог хангахад чиглэсэн тогтолцоог оновчтой бүрдүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгаж, амьдралын туршид нь нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй, хэрэгцээнд нь нийцсэн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.