Дэлхийн эдийн засаг байгалийн баялагт суурилсан уламжлалт хэлбэрээс мэдлэгт суурилсан инновацийн тогтолцоо руу эргэлт буцалтгүй шилжиж байна. Өнөөдөр улс орнуудын өрсөлдөх чадвар хэдэн тонн нүүрс эсвэл зэс олборлож байгаагаар бус, харин шинжлэх ухааны нээлтээ хэр хурдан зах зээлийн эргэлтэд оруулж, эдийн засгийн үнэ цэн бүтээж байгаагаар хэмжигдэх боллоо. Энэхүү шилжилтийн тэргүүн эгнээнд манай өмнөд хөрш БНХАУ бичигдэж байна.
Хятад улс сүүлийн хэдхэн арван жилд хэрхэн "дэлхийн үйлдвэр"-ээс "дэлхийн технологийн төв" болон хувирав? Тэдний амжилтын нууц нь “Industry-academia-research” буюу бидний нэрлэж заншсанаар “Үйлдвэрлэл (Бизнес)-Сургалт-Судалгаа”-ны амьд холбоо, хөгжлийн “Алтан гурвалжин”-д оршиж байгаа юм.
Хятадын инновациар хөтлөгдөж эдийн засгаа хөгжүүлэх төрийн бодлогод энэхүү гурван үгийн холбоос том агуулгыг тээдэг. Энгийнээр тайлбарлавал, Үйлдвэрлэл буюу бизнес бол зах зээлийн эрэлт, үйлдвэрлэлийн практик талбар буюу компаниуд юм. Тэд юу хэрэгцээтэй байгааг, зах зээл хаашаа чиглэж буйг хамгийн сайн мэднэ. Харин Сургалт бол их сургууль, боловсролын байгууллагууд. Тэнд мэдлэгийг тээгч эрдэмтэн багш нар, маргаашийн өндөр технологийн салбарыг авч явах оюутан залуус, хүний нөөц төвлөрөн суралцдаг. Эцэст нь Судалгаа. Энэ бол эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, тинк танк төвүүд, лабораториуд. Шинжлэх ухааны шинэ нээлт, туршилт, инноваци, судалгаа энд төрдөг.
Эдгээр гурван хэсэг тус тусдаа ажиллавал шинжлэх ухаан нь "цаасан дээр", сургалт нь "амьдралаас тасархай", үйлдвэрлэл нь "технологийн хамааралтай" үлддэг. Харин Хятад улс энэ гурвыг нэгэн цогц системд оруулж, их сургуульд хийгдсэн судалгаа нь маргааш нь үйлдвэрийн дамжлага дээр очиж, эцсийн бүтээгдэхүүн болон ам.доллар болох механизмыг төрийн бодлогоор төгс бүрдүүлж чаджээ. Үүнийг хятадууд "Алтан гурвалжин" гэж нэрлээд байгаагийн тод жишээ бол Хятадын Чинхуа их сургууль. Тус сургууль дэргэдээ дэлхийн хамгийн том технологийн парк болох TusPark-ийг байгуулж, их сургуулийн эрдэмтдийнхээ нээлтийг шууд эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Тухайлбал, рентген туяагаар ачаа шалгах технологийг их сургуулийн лабораториос гаргаж, Nuctech компанийг үүсгэн байгуулснаар өнөөдөр дэлхийн боомтуудыг Хятад технологиор хянаж байна. Энэ бол шинжлэх ухаан үйлдвэрлэлтэй нягт холбоотой байж, ам.доллар бүтээдгийн бодит илрэл юм. Үүгээр зогсохгүй эрдэм шинжилгээний байгууллага, тинк танк төвүүд яаж зах зээлээ дагаж болдгийг харуулсан Чинхуатай холбоотой бас нэг жишээ бол “Чинхуа Шөньжөний судалгааны хүрээлэн" (The Research Institute of Tsinghua University in Shenzhen ) юм.

Эх сурвалж: Research Institute of Tsinghua University in Shenzhen, https://www.gooood.cn/
Чинхуа их сургууль бидний мэдэхээр Бээжинд байрладаг ч Хятадын үйлдвэрлэлийн гол цэг болох Шөньжөньд өөрийн хүрээлэнгээ байгуулжээ. Тэд зөвхөн судалгаа хийдэггүй, харин компаниудын захиалгаар ажилладаг байна. Тэд "Зах зээлд юу хэрэгтэй байна, бид түүнийг чинь судалж өгье" гэсэн зарчмаар ажилладаг. Энэ нь судалгааны байгууллага төсөв хүлээж суух биш, үйлдвэрлэлийн "захиалгаар" инноваци хийж болдгийг баталж байна.
XV таван жилийн төлөвлөгөө: "Шинэ чанарын үйлдвэрлэх хүчин"
Хятад улсад удахгүй хэрэгжих XV таван жилийн төлөвлөгөө (2026-2030) нь энэхүү механизмыг улам төгөлдөржүүлэхээр байна. Тус улс стратегийн түвшинд “Шинэ чанарын үйлдвэрлэх хүчин” (Xinzhi shengchanli) хэмээх зорилтыг дэвшүүлсэн. Энэ нь уламжлалт ажиллах хүч, хөрөнгө оруулалтад суурилсан өсөлтөөс татгалзаж, хиймэл оюун ухаан, квант тооцоолол, ногоон эрчим хүч, био технологи зэрэг өндөр технологид суурилсан өсөлтийг чухалчлах бодлого.
Энэхүү зорилтод хүрэх гол хөшүүрэг нь мэдээж “үйлдвэрлэл-сургалт-судалгаа” байхаар байна. Хятадын төрөөс их сургуулийн лабораториудад зөвхөн "судалгаа хийх" төсөв өгөхөөс илүүтэй, тэрхүү судалгаа нь практик дээр ямар асуудлыг шийдэж чадаж байгааг нь харгалзан санхүүжүүлдэг болов. Өнөөдөр Хятадын технологийн аваргууд болох Huawei, BYD, Tencent зэрэг компаниуд өөрсдийн дэргэд дэлхийн түвшний судалгааны төвүүдтэй, их сургуулиудтай хамтарсан лабораториудтай байгаа нь энэхүү гурвалжингийн тод жишээ юм.
Монголын "Үхлийн хөндий" буюу холбоосгүй систем
Монгол Улсад шинжлэх ухаан, боловсролын салбар байхгүй биш, байна.
Бидэнд олон мянган доктор, эрдэмтэд, олон арван их сургууль бий. Гэвч эрдэмтдийн бүтээл яагаад эдийн засагт өгөөжөө өгөхгүй байна вэ? Хариулт нь маш энгийн. Манайд "Алтан гурвалжин" байхгүй.
Монголын их сургуулиуд зах зээлд хэрэггүй онол заадаг, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь төсвөөс өгсөн хэдэн төгрөгийг "цаасан дээрх судалгаа" болгоод архивтаа хадгалдаг, харин үндэсний үйлдвэрлэгчид болон уул уурхайн компаниуд нь технологийн шийдлээ гаднаас өндөр үнээр худалдаж авдаг. Энэ бол инновацийн "Үхлийн хөндий" юм. Лабораторид гарсан сайн судалгаа, санаанууд үйлдвэр рүү хүрэх замдаа "замхардаг". Бид нэг талаас "Эрдэмтдээ дэмжье" гэж уриалдаг ч, нөгөө талдаа тэдний мэдлэгийг ам.доллар болгох механизмыг огт бүрдүүлээгүй явсаар өдийг хүрсэн.
Нүүрснээс технологи руу: Хятад туршлагыг Монголд нутагшуулах нь
"Бүс ба зам" санаачилгын хүрээнд Монгол Улс Хятадтай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах түүхэн боломж ирээд байна. Гэхдээ бид энэ харилцааг зөвхөн "түүхий эдээ зарах, бэлэн бараа авах" хэмжээнд харвал хоцрогдоно. Бид Хятадын “үйлдвэрлэл-сургалт-судалгаа” гэх загвараас суралцаж, дараах гурван алхмыг стратегийн түвшинд хэрэгжүүлэх хэрэгтэй болоод байна.
Үүнд:
1. Технологийн шилжүүлгийг ухаалаг хийх: Хятад улс XV таван жилийн хүрээнд хөрш зэргэлдээ орнуудтайгаа технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байна. Бид уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт Хятадын бэлэн технологийг худалдаж авахаас илүүтэй, тэр технологийг нь Монголдоо "нутагшуулах" хамтарсан судалгааны төвүүдийг байгуулах ёстой. Энэ нь манай инженерүүд суралцах, технологийг эзэмших боломжийг бүрдүүлнэ.
2. Инновацийн кластеруудыг боомт, чөлөөт бүсэд байгуулах: Хятадын Шөньжөнь хот яаж хөгжсөн туршлага бий. Бид Замын-Үүд эсвэл Гашуунсухайт, Бичигт боомтуудаа зөвхөн тээврийн зангилаа биш, харин "Үйлдвэрлэл-Судалгаа"-ны төв болгох хэрэгтэй. Хятадын технологийн компаниуд, Монголын их сургуулиуд хамтран тэнд туршилт, инновацийн лабораториуд ажиллуулдаг байх боломжийг нээх, бодлогооор дэмжих нь чухал.
3. Санхүүжилтийн шинэ тогтолцоо: Төрөөс шинжлэх ухаанд өгдөг мөнгийг "судалгаа хийсэн" гэдэгт нь бус, "судалгаа нь үйлдвэрлэлд нэвтэрч, үр ашиг өгсөн" гэдэгт нь олгодог байх. Энэ чиглэлд Хятадын сайн туршлагуудыг тусгайлан судлах шаардлагатай. Энэ талаар бид цаашид гүнзгий судлах хэрэгтэй.
"Алтан гурвалжин" бол үндэсний аюулгүй байдлын баталгаа
Монгол Улс хөгжлийн гацаанаас гарахын тулд түүхий эдийн экспортоос хамааралтай эдийн засгаа мэдлэгт суурилсан бүтэц рүү шилжүүлэхээс өөр замгүй.
Хятадын XV таван жилийн төлөвлөгөө нь манай улсын хувьд "Технологийн дагагч" байхаас "Технологийн түнш" болон хувирах цонх үеийг нээж байна.
Судлаачийн хувьд өмнөд хөршийн энэхүү амжилтын туршлага болох “үйлдвэрлэл-сургалт-судалгаа” механизмыг Монголын төрийн бодлогод "суулгах" нь хамгийн чухал гэж харж байна. Шинжлэх ухааны нээлт лабораторийн ширээн дээр үлдвэл зардал, харин зах зээлийн лангуун дээр очвол баялаг болдог. Бид мэдлэгээ баялаг болгож сурсан цагт л эдийн засгийн тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь тунхаглаж чадна.
Хөгжлийн "Алтан гурвалжин"-г амилуулах цаг ирсэн. Бидэнд мэдлэг байна, бидэнд өмнөд хөршийн том зах зээл байна. Харин одоо энэ хоёрыг холбох "гүүр" буюу бодлогын зориг л дутагдаж байна.

















.jpg)
