Орфей театрын захирал, продюсер Т.Ариунчимэгтэй яг энэ цаг үед үзэгчдийг байлдан дагуулж, шуугиулж буй “Хориотой жүжиг” уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Та бүхэн “Хориотой жүжиг”-“ийг яагаад 20 жилийн дараа амилуулах болов. Бас “Хэрмэл Крю”-гийн хамтрал их сонирхолтой байлаа?
-Орфей театрын таван жилийн ой энэ жил тохиож байгаа. Бид ойгоо угтаж өмнө нь тоглож байсан “Амьдрахуй”, “1984”, “Гэм зэм” жүжгүүдээ өнгөрсөн жил тоглосон. Харин дараагийн таван жилд бид ямар алсын хараатай ажиллах вэ гэдгээ ярилцаад үндэсний томоохон 2-3 жүжиг тавихаар шийдсэн. Мөн бусад уран бүтээлчид болон урлаг соёлынхонтойгоо хамтарсан төсөл дээр ажиллаж, шинэ уран бүтээлчдийг таниулах хүсэлтэй байсан. “Хэрмэл Крю”-гийнхэн “Хориотой жүжиг”-ийг дахин тавихаар төлөвлөж байсан нь бидний шинэ авьяас, дүр төрх, залуу жүжигчдийг таниулах зорилготой нийцсэн.
Мөн “Хэрмэл Крю”-гийнхэн өөрсдөө энэ санаачилгыг гаргаж, манай театртай хамтарч байгаа нь театрын урлагт хөрөнгө оруулж байгаа үйл явдал юм. Эдгээр залуучуудаар маш их бахархаж байна. Бидэнд итгэл найдвар, урам зориг өгсөн үйл явдал болсон.
-Танай багийнхан зохиолоос юуг илүү онцлохыг зорьсон бэ. Яг энэ цаг үетэй уялдуулж ямар өөрчлөлт хийв?
-“Хориотой жүжиг” 20 жилийн өмнө тоглогдож байсан. Тухайн үедээ цаг үеэсээ түрүүлж байсан ч, одоогийн цаг үед байдаг л зүйл болж, үүнд бид ч дасжээ. Сүүлийн жилүүдэд бид гэмт хэрэг, авлигын мэдээлэлд “хүчирхийлүүллээ”. Монголд ч, олон улсад ч энэ төрлийн мэдээлэл их гарлаа. Харин бид ийм мэдээллийг юу ч болоогүй юм шиг хүлээж авсаар байх уу, эвлэрэх үү эсвэл сэрэх үү, өөрчлөх үү гээд маш олон талаас нь харсан.
Тиймээс бид “Хориотой жүжиг”-ийг дахин сэргээхдээ маш их судалгаа хийж, манай театрын “лабораторийн баг” болох найруулагч М.Батболд, зохиолч Э.Бүжинлхам, продюсер миний бие зохиолын шинэчлэл дээр анхаарч ажиллалаа. Улмаар бид ярилцаад жүжигт шударга бус ялж, эмгэнэлт байдлаар төгсдөг байсныг өөрчилье гэж шийдсэн.
Шударга бус байдлыг залуучууд өөрчилж чадна гэдэг итгэл найдварыг бүтээлээрээ гаргахыг хүссэн. Залуучуудад системийн энэ тогтолцоог өөрчлөх хүч, зориг нь байгаа учир шударга ёс ялж байгаагаар төгсгөсөн. Гэхдээ шударга ёс ялагдаж байгаа энэ цаг үед үлгэр мэт санагдах болсон нь эмзэглүүлсэн. Мөн бид постдрам гэдэг утгаараа шинэлэг байхад анхаарсан. Маш олон дүртэй боловч нэг дүр нь давамгайлж ноёлоод байхааргүй харьцангуй тэнцвэртэй жүжиг боллоо гэж харж байгаа.

-Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн “20 жилийн өмнө маш хаалттай орчинд, хүлэмжинд ургаж байсан. Манай нийгэм арай ч ийм болоогүй хэмээн ярилцаж байлаа. Гэтэл өнөөдөр хогийн ургамал шиг болчихсон байна” гэдэг үг олон хүнийг эмзэглүүлсэн болов уу. Нийгмийн энэ асуудлын талаар сэтгэгдлээ хуваалцаж болох уу?
-20 жилийн өмнө нь хар тамхи гэдэг зөвхөн кинон дээр гардаг холын зүйл байсан бол өнөөдөр өсвөр насныхны дунд дэлгэрчихсэн байна. Нийгэм ч гайхахаа больсон байна. Авлига, хээл хахуулийн асуудлыг сүүлийн 20-30 жил ярьж байна. Авлигын индекс өссөөр байна. Шударга бус зүйл залуучуудын итгэл найдварыг мохоож байна. Хэн баян, эрх мэдэлтэй нь үргэлж ялж, зөв зүйл хийсэн ч буруудах юм байна гээд залуучууд итгэл найдвараа алдсан байна. Гэхдээ үүнийг хэн өөрчлөх вэ гэвэл залуучууд өөрсдөө өөрчилнө.
“Хориотой жүжиг”-ээс сүүлийн үед нийгмийг цочроож байгаа үйл явдлууд тэр чигээрээ харагдаж байгаа. Бүх үйл явц нь давхцаж байгаа нь нэг талаар гайхмаар боловч нөгөө талаар уйлмаар хэцүү байна. Үзэгчдийн нүднээс ч энэ бүхэн мэдрэгддэг. Мансууруулах бодис хэрэглэж байгаа, цагдаагийн охин хүчиндүүлж байгаа гэх мэт хэсгүүд сүүлийн үед болж байгаа эмгэнэлт явдлуудтай их төстэй. Сайд гэмт хэргээс хүүхдээ сугалж байгаа зэрэг нь үнэн бодит явдал шиг санагдана. Хамгийн гол нь энэ бүхэн 20 жилийн өмнөх жүжиг шиг эмгэнэлт байдалтай оршиж байна. Үүнд л бид дасаж болохгүй, өөрчлөгдөөсэй гэж хүссэн. Энэ өөрчлөлтийг хийж чадах эр зориг нь “Z-generation”-д байгаа.
-20 жилийн өмнөх үйл явдал гэдэг цаг хугацааны хувьд ялгаатай ч давхцал их байх шиг. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсан энэ бүхнийг таамаглаж байсан ч юм шиг…
-Зохиолыг харахаар зөвхөн энэ нийгмийн тухай биш, дараагийн аль ч нийгэмд тулгарч болох асуудлууд байгаа юм. 50 орчим хувь нь яг одоогийн цаг үетэй холбоотой үйл явдлууд байсан. Магадгүй түүх 15, 20 жилээр эргэж, үйл явдал нь давхцаж байж болох юм. Ц.Балдорж гуай сонгодог хүн юм гэж харж байгаа. Жишээ нь, Гамлет дээр гардаг аав хүү хоёрын зөрчил энэ жүжигт гардаг. Бас нийгмийн анги бүлгийн ялгаа, тэдний хоорондын тэмцэл зэргийг аль ч нийгэм, ямар ч улс оронд байж болохоор бичсэн байсан. Тэгэхээр хуучин жүжиг гэхээс илүү энэ цаг үед энэ зөрчил хэрхэн өрнөж байна вэ гэдэг агуулгыг харуулах юм байна гэж ярилцсан.
-Таны дээр хэлсэнчлэн олон шинэ, сонирхолтой жүжигчнийг гаргаж ирсэн бүтээл болсон. Ялангуяа, намын даргын дүрийг олон нийт их сонирхож, сонжиж хүлээж авлаа. Дүрийн сонголтыг хэрхэн хийсэн бэ?
-Жүжгийн бас нэг онцлог нь намын даргыг зочин дүрээр бүтээсэн.
Зочин дүр дээр хэн байх вэ гэж соёл урлаг, спорт, улс төрийн төлөөллүүдээс эрэл хайгуул хийж, олон хүн нэр дэвшүүлсний эцэст Т.Ганболдыг сонгосон байгаа. Санал тавихад эхэндээ шууд зөвшөөрөөгүй. Маш их гайхаж хүлээж авсан.
Бид бас зохиолоо уншуулж, кастинг хийж үзээд дажгүй байсан учир шийдвэрээ гаргасан. Шударга бус, хээл хахууль, авлигажсан нийгмийн системийн том ахын дүрийг энэ хүнээр төлөөлүүлж гаргасан. Үүнийг ялж чадаж байгаа нь өнөөгийн нийгэмд өгөх гол мессеж юм.
Бид ийм шударга бус зүйлд бууж өгч болохгүй. Сэрж, гэрэл асаах хэрэгтэй. Ялангуяа, залуучууд, Z generation-үүдэд итгэл найдвараа гээлгүй хичээх хэрэгтэй гэдэг урам өгөх зорилгоор энэ бүтээлийг хийсэн байгаа. Тиймээс ч залуучуудыг илүү үзээсэй гэж хүссэн. Харин идэр үеийнхэн маань өсвөр насны хүүхдүүддээ үзүүлж, амьдралдаа ямар сонголт хийх вэ гэдгийг харуулах боломжтой. Залуучуудад маш их өгөөжтэй, оршихуйн философид нь нөлөөлөх жүжиг болсон. Яг одоо нийгэмд болж байгаа үйл явдлууд учир ойрхон тусах болов уу.

-Инээдмийн дүрээр олон нийтэд танигдсан “Хэрмэл Крю”-ийнхний хувьд өөрсдийгөө шинээр таниуллаа. Тэдний постдрам жүжигт тоглоход тулгарсан сорилт, бэрхшээл, давуу тал хэрхэн харав?
-Манай таван жүжигчин өөрсдөө бас челленж хийе гэж бодсон юм билээ. Санхүүгийн талаасаа маш том эрсдэлтэй сонголт шүү дээ. Эрсдэлд орсон ч хамаагүй бид тайзны бүтээл хийх, том дурсамж үлдээх хүсэлтэй байна гээд зүтгэсэн. Нэг жанраар тоглодог, тэр дундаа сошиал контент гэх маш өөр хэлбэрээр уран бүтээл хийдэг хүмүүс тайзны бүтээл хийхэд богино хугацаанд маш их хүч хөдөлмөр, тэнхээ шаардсан ажил болсон. Үүний төлөө таван залуу маань үнэхээр их хичээж байгаа. Тайзны жүжгээ бэлдэхийн хажуугаар сошиал нөлөөллийн ажлаа хослуулан хийж байсан. Маш их хөдөлмөрч, чадварлаг залуучууд байна гэж харж байгаа. Тайз гэдэг хүнээс асар их анхаарал, авьяас, ухаан, чадвар гээд олон зүйл шаарддаг. Тэгэхээр жүжигчний ур чадварын хувьд өөрсдийгөө бүрэн өөрчилж байгаа юм. Үүнийг бий болгохын тулд өдөр, шөнөгүй ажилласан. Зоригоо өмнө нь манай “Шөнө дундын бүжиг”-т тоглож байсан.
Постдрам бол уламжлалт байдлыг илүү хөгжүүлсэн, эвдсэн хэлбэр шүү дээ. Жишээлбэл, яагаад харь холын бизнесийн салбарын хүнийг оруулж ирж байна вэ гэхээр мэдрэмж төрүүлэх л зорилготой. Тэр хүн сайн, муу жүжиглэхээс илүү яагаад энэ хүнийг оруулж ирэв гэдэг нь асуулт юм. Энэ хүнийг жүжигт оруулж ирснээр юу хэлж, харуулж, бодуулах гээд байна вэ гэдэг асуумж нь их чухал.
-Та ярилцлагын эхэнд дараагийн таван жилийн алсын хараа гэдгийг тодотголоо. “Орфей” театрын цаашдын төлөвлөгөө, театрын урлагийн хөгжлийн талаарх сэтгэгдлээ хуваалцаж болох уу?
-“Орфей” театр цаашид хамтарсан төслүүд хийнэ. Дөрөв, тавдугаар саруудад өөр уран бүтээлчидтэй хамтарсан төслүүд дээр ажиллана. Мөн үндэсний томоохон зохиолуудыг гаргаж ирэх төлөвлөгөө бий.
Монголд театрын урлаг хөгжиж байна гэж харж байгаа. Үзэгчид ч олуулаа зорин ирж байгаа нь талархалтай. Гэхдээ залуучуудыг театрт илүү олноор ирээсэй, илүү их үзээсэй гэж хүсэж байна. Театр хүнд маш чухал зүйлүүдийг өгдөг учир залуу насан дээрээ театр үздэг байгаасай. Нийгэм гэрэлтэй байж, эерэгээр хөгжихөд театрын хүч нөлөө маш их юм. Харин театрын урлагийн ач холбогдол нь үзэгчдийн идэвх хэр байгаа вэ гэдэгт оршдог.

















