Ираны зүгээс Хормузын хоолойг хаасантай холбоотойгоор сая тонн бордоо тээвэрлэсэн 20 гаруй хөлөг онгоц Персийн буланд гацсан нь Азийн бусад орнуудын  хүнсний аюулгүй байдалд заналхийлж,  бордооны хомсдол үүсэх эрсдэлийг бий болгож байна.

Кплер судалгааны байгууллагын мэдээлснээр “3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тус бүс нутагт мочевина  /азотын бордоо/, хүхэр, фосфат зэрэг хөдөө, аж ахуйд нэн шаардлагатай 21 тээвэрлэгч онгоц байсан. Панамын далбаатай Африкийн Лорикеет, Мальтагийн далбаатай Киран Чина зэрэг хөлөг онгоцнууд нийт 980.0 мянган тонн бордоо тээвэрлэсэн. Үүнээс, 9 хөлөг онгоц өргөн хэрэглээтэй азотын бордоо болох мочевин 463.0 мянган тонн, 8 хөлөг онгоц 303.0 мянган тонн хүхэр, 2 хөлөг онгоц 105.0 мянган тонн фосфат тээвэрлэж байсан” гэв.

Персийн булангийн орнууд байгалийн хий болон газрын тосноос гаргаж авсан  химийн бордооны гол бэлтгэн нийлүүлэгчид бөгөөд жил 22-30 сая тонн хүхэр, 30-38 сая тонн мочевин-ийг дэлхийн улс орнуудад экспортолдог.

Чингэхдээ дэлхийн нийт хүхрийн хэрэглээний 50-аас дээш хувь, мочевинийн 30 гаруй хувь нь Хормузын хоолойгоор дамжин гадаад зах зээлд гардаг.

Иран Улсад үүссэн нөхцөлд байдлын талаар олон зүйлс тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд Хормузын хоолой хаагдсанаас хойш Хятадын компанийн бордоо ачсан 1 хөлөг онгоц дамжин өнгөрсөн байна.

Гэвч Кплер судалгааны байгууллагын тооцоолж буйгаар хэрэв энэхүү гацаа удаан хугацаанд үргэлжилбэл цаашдын тус бүс нутгаас гарах бордооны нийлүүлэлт 30-50%-аар буурч болзошгүй байна.

Азийн улс, орнууд Ойрх Дорнодын бордооноос онцгой хамааралтай ба хэрэглээгээр нь авч үзвэл, мочевин-ийн 40%, хүхрийн 54%, аммиакийн 71%-ийг тус бүс нутгаас импортолдог. Эдгээр бүтээгдэхүүнийг автомашинаар тээвэрлэхэд хүчин чадлын хувьд хязгаарлагдмал, Хормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцыг орлох тээвэрлэлт үгүй тул эдгээр хүчин зүйл нь цаашид үнийг өсгөж, хүнсний аюулгүй байдлыг хурцатгаж болзошгүй юм.

Япон Улс мөн химийн бордооны импортоос ихээхэн хамааралтай боловч нийлүүлэлтийн ихэнх нь Ойрх Дорнодоос бус бусад улсуудаас ирдэг. Тиймээс Япон руу чиглэсэн ачаа тээвэрт ойрын хугацаанд шууд нөлөө гарахгүй гэж үзэж байна. Гэвч японы хувьд мочевин, хүхэр, болон фосфат гэх бүхий л бордоог их хэмжээгээр экспортолдог тул Хормузын хоолой хаагдсанаас үүсэх үнэ болон тээврийн зардлын өсөлт нь цаашид хүндээр нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Reuters