Нийслэлийн прокурорын газраас орон нутгийн удирдлагуудтай холбоотой хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргаар ажиллаж байсан Л.Н нь орлогч Т.С, тамгын газрын дарга Д.Э, нягтлан бодогч Ц.А нартай бүлэглэн хортон мэрэгч устгах 15 сая төгрөгийн санхүүжилтээс 11 сая төгрөгийг нь зориулалтын бусаар зарцуулжээ.

Өөрөөр хэлбэл, малын бэлчээрийг хамгаалах ёстой 15 сая төгрөгийн санхүүжилтээс 11 саяыг нь завшиж, дөрвөн сая төгрөгийг нь хортон мэрэгч амьтан устгахад зарцуулсан нь илэрсэн байна.

Мөн тариалан эрхлэлтийг дэмжих эргэлтийн сангийн журмыг зөрчиж, өөртөө 3.2 сая төгрөгийн давуу байдал бий болгосон, 2021 онд тариалан эрхлэлтийн үйл ажиллагаа явуулдаггүй, хэрэгжүүлэх төсөлд материал ирүүлээгүй хүний нэр дээр 40 сая төгрөг олгуулсныг өөртөө авсан. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, үнийн санал, ур чадварын мэдээлэл зэргийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн хэрэгт Цогт сумын удирдлагуудад Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах ), 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах) 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.

Ш.А нь нийтийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн ахлах байцаагчаар ажиллаж байхдаа “Ж...” ХХК нь Ерөө сумын нутаг дэвсгэрт 268 га ашиглалтын талбайн хилийг хэтрүүлж хөрс хуулалт явуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг зөрчлийн хэргээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний хариуд тус компанийн хувьцаа эзэмшигч В.Ж, компаний хууль ёсны төлөөлөгч Р.Г нараас 20 сая төгрөгийн хахууль авчээ. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар, В.Ж, Р.Г нарыг хуулийн этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулахгүй гэсэн ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль өгсөн хэргээр яллах дүгнэлт үйлдэж  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

‍