Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа

Улсын Их Хурлын 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа.

2027 оны Мөнгөний бодлогын Үндсэн чиглэл нь инфляцыг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжуулах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, Монголбанкны санхүүгийн бие даасан байдал, засаглал, хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц шинэчлэлийн эхлэлийг тавьж буйгаараа онцлог юм.

Энэ хүрээнд инфляцыг үүсгэж, тэтгэж буй мөнгөний илүүдэл нийлүүлэлтийн сувгуудыг үе шаттай хязгаарлах, Төв банкны институцийн чадавхыг бэхжүүлэх нийт 14 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Энэ удаагийн мөнгөний бодлогоор сүүлийн 15 жилийн хугацаанд мөнгөний бодлогын хэрэгжилтэд гарсан суурь асуудлуудыг нухацтай авч үзэж, үүнийг сууриар нь системийн шинэчлэл хийж, эрх зүйн орчныг тодорхой болгож шийдвэрлэх асуудлуудыг оруулсан.

Хамгийн гол нь Засгийн газар, Ерөнхий сайд, Сангийн сайд энэ асуудлын мөн чанарыг ойлгож, Засгийн газар үүнийг хамтран шийдэхээс өөр аргагүй гэж үзсэн анхны Засгийн газар болж байна. Өмнө нь ний нуугүй хэлэхэд Сангийн яам болон Монголбанк хоёр, улсын эзэд шиг хоёр тийшээ харж ирсэн гэж хатуухан хэлж болно. Төсөв батлагдчихсан учраас энэ жилээс эхлээд үнэт цаасыг Төв банкинд гаргаж эзэмшүүлэх асуудал хязгаарлагдсан. Тиймээс 2028 оноос 2032 он хүртэл жил бүр нэг их наяд төгрөгийг өмнө нь төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулж, Төв банкийг өөрийн хөрөнгийн дутагдалд оруулсныг нөхөх зорилгоор Засгийн газраас гаргаж өгөх тухай тогтоолын төсөл орж ирж байгаа.

Энэ нь хоёр зорилгоор хэрэглэгдэнэ. Нэгдүгээрт, Төв банкны хөрөнгийн дутагдлыг нөхөх хөрөнгө гэж бүртгэгдэнэ. Нөгөө талаас энэ үнэт цаасыг зүгээр байлгахгүй. Төв банкны үнэт цаасны оронд Засгийн газрын үнэт цаасыг ашигласнаар эрсдэлгүй, шинэ мөнгөөр зах зээл бий болгох эрсдэл хаагдана. Үүн дээр нэмээд Засгийн газар өөрөө 2027 оноос эхлэн нэг их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгө, гадаад хөрөнгийн менежментийг удирдах зориулалттай үнэт цаас давхар гаргаж байгаа юм. Энэ нь зах зээл дээр байгаа илүүдэл хөрөнгийг шингээх зөв хэрэгсэл болно. Мөн бидний мөнгөний бодлогод асар их нэмэр болж, инфляцыг дунд хугацаанд бууруулахад чухал арга хэмжээ болно" гэдгийг тодотгосон.

Төв банкны удирдлагын хэлсэнчлэн Монголбанкнаас өнгөрсөн 15 жилийн мөнгөний бодлогын хэрэгжилт, эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлтээр инфляц удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдахад эдийн засгийн бүтээмжээс давсан мөнгөний нийлүүлэлт, төсвийн шинжтэй санхүүжилт, төсвийн тэлэлт нөлөөлж иржээ. Иймд 2027 оны Үндсэн чиглэлд эдгээр суурь шалтгааныг арилгах, төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах цогц арга хэмжээг тусгасан юм.

Тухайлбал, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор 2027–2030 онд жил бүр 1 их наяд төгрөгөөс доошгүй үнэт цаас гаргахаар тусгасан. Үүний зэрэгцээ төсвийн шинжтэй үйл ажиллагаанаас үүдэлтэй Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг шийдвэрлэх хүрээнд 2028–2032 онд жил бүр 1 их наяд төгрөгөөс доошгүй үнэт цаас гаргаж, Монголбанканд эзэмшүүлнэ.

Ингэснээр зах зээл дэх илүүдэл мөнгийг татах хэрэгслийг өргөжүүлж, Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг үе шаттай нөхөх боломж бүрдэх юм.

Мөн цаашид Монголбанкаар дамжуулан төсвийн шинжтэй хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжүүлэхийг хориглох эрх зүйн орчныг бүрдүүлж, Төв банк үндсэн чиг үүрэг болох үнийн тогтвортой байдлыг хангахад төвлөрөх нөхцөлийг сайжруулна. Энэ хүрээнд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх бэлтгэлийг 2027 онд хангаж, 2028 онд бүрэн шилжүүлэхээр тусгасан бөгөөд одоогийн зээлдэгчдийн гэрээ, зээлийн хүү өөрчлөгдөхгүй.

Түүнчлэн төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтох зарчмыг баримталж, төрийн өмчит уул уурхайн компаниудын экспортын валютын орлогыг Монголбанканд бүрэн худалдах зохицуулалтаас үе шаттай татгалзахаар тусгалаа. Ингэснээр валютын зах зээлд ил тод, өрсөлдөөнт орчныг бүрдүүлж, төгрөгийн илүүдэл нийлүүлэлтийг хязгаарлах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Эдгээр шинэчлэлтэй уялдуулан санхүүгийн зах зээлийн арилжаа, төлбөр тооцоо, бүртгэлийн дэд бүтцийг сайжруулж, Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч захыг идэвхжүүлэх, бодлогын хүү эдийн засагт дамжих механизмыг боловсронгуй болгох арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ банк, санхүүгийн салбарын эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хөгжүүлэх, цахим залилангаас урьдчилан сэргийлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхээр тусгасан байна.

Ийнхүү 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь Монголбанкны 2026–2030 оны дунд хугацааны стратегитай уялдаж, мөнгөний бодлогын богино хугацааны тохируулгаас гадна инфляцыг үүсгэж буй тогтолцооны суурь асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байна. Тогтоолын хэрэгжилтийг тогтмол үнэлж, Улсын Их Хуралд тайлагнах бөгөөд бодлогын шинэчлэлүүдийг тууштай хэрэгжүүлснээр инфляцыг тогтвортой нам түвшинд хүргэх, иргэдийн бодит орлогыг хамгаалах, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдал, эдийн засгийн урт хугацааны өсөлтийн суурийг бэхжүүлэх ач холбогдолтой юм.

‍