Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаанд нь тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого, дэмжлэгийн талаар санал солилцлоо. Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа болон нийслэлийн холбогдох албан тушаалтнууд оролцов.

Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл, бизнесийн орчныг сайжруулах боломжийн талаар салбарын төлөөлөл саналаа илэрхийллээ. Тухайлбал, хотын орчны тохижилт, автомашины болон аяллын автобусны зогсоол, замын түгжрэл, жуулчдын аюулгүй байдал, ажиллах хүчний хомсдол, татвар, хяналт шалгалттай холбоотой асуудлыг хөндсөн юм.

Мөн жуулчдын Улаанбаатар хотод саатах хугацааг нэмэгдүүлэх, нисэх буудлын орчмын үйлчилгээний орчныг сайжруулах, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг бэлтгэхэд анхаарах шаардлагатайг салбарынхан хэлж байлаа. Түүнчлэн нийслэлийн төсөвт төвлөрүүлж буй татварын зарцуулалт, үр өгөөжийг ил тод мэдээлж, бизнес эрхлэгчдийн саналыг нийслэлийн бодлого, төлөвлөгөөнд тусгах хэрэгтэйг онцлов.

Энэ үеэр зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн салбарын холбоодын зүгээс хотын албан татварын хувь хэмжээг 2 хувиас 1 хувь болгон бууруулах саналыг гаргалаа.

НИТХ-ын дарга Д.Ихбаяр салбарын төлөөллийн санал, бодит нөхцөл байдлыг харгалзан хотын албан татварын хувь хэмжээг бууруулах асуудлыг судалж, холбогдох тогтоолын төслийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр болсныг онцоллоо. Тэрбээр бизнес эрхлэгчдэд учирч буй зөвшөөрөл, бүртгэлтэй холбоотой дарамтыг бууруулах чиглэлээр “Чөлөөлье” санаачилгын хүрээнд худалдаа, үйлчилгээний салбарын 103 зөвшөөрөл, бүртгэлийг цуцалсан бөгөөд цаашид энэ чиглэлийн ажлыг үргэлжлүүлнэ гэв.

Мөн нийслэлээс бизнес эрхлэгчдийг дэмжихийн зэрэгцээ иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах шаардлагатайг харгалзан хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан, зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн хэрэгжүүлэх боломжтой бизнес, үйлчилгээг төр өөрөө эрхлэхгүй байх зарчмыг баримталж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр гарсан санал, санаачилгыг нийслэлийн бодлого, төлөвлөгөөнд тусган, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болов.