Орбис олон улсын байгууллага нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хүүхдийн нүдний тусламж, үйлчилгээний чиглэлээр буюу дөнгөж төрсөн нярай, дутуу төрсөн нярайн нүдний эмгэгийг эрт илрүүлэх, сургуулийн насны хүүхдүүдийн харааны гажгийг эрт илрүүлэх, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй. Эдгээр төслийн нэг болох “Алслагдсан сум, хороодын иргэдэд нүдний тусламж үйлчилгээг ойртуулах” төслийн хүрээнд Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвтэй хамтран Нүдний кабинет нээлээ.
Өмнөговь, Дундговь аймгийн иргэд нүдний тусламж үйлчилгээг авах боломжтой
ЭНЭҮТ 2024 оны байдлаар 250 мянга орчим иргэнд хэвтэн эмчлүүлэх болон амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Гэвч өнгөрсөн хугацаанд нүдний оношилгоо, эмчилгээг хараахан эхлүүлээгүй байжээ. Харин Нүдний кабинеттай болсноор нярай болон бага насны хүүхдүүдийн сул хараа, сохрол, жирэмсэн эмэгтэйчүүдийн харааны хүндрэлээс сэргийлэх сургуулийн насны хүүхдүүдэд хугарлын гажиг ба нүдний шилний үзлэг хийх, хяналтыг сайжруулж, хараа алдалт, бууралтаас сэргийлэн нүдний тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх чухал ач холбогдолтой гэдгийг ЭНЭҮТ-ийн, Стратеги, бодлого төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Ц.Тулга хэлж байв.
ЭНЭҮТ нь байршлын хувьд Хан-Уул дүүрэгт байрлалтай боловч Төв, Өмнөговь, Дундговь аймаг явах замд байдаг. Тиймээс Улаанбаатар хотын баруун бүсийн иргэд төдийгүй, орон нутгийн иргэдэд хүрч ажиллах боломжтой юм.
Ч.Чимгээ: Бид нэг ч болов хүүхдийн нүдийг аврах зорилготой
Орбис олон улсын байгууллагын хувьд эмнэлэгт өвчтөн ирэхийг хүлээхээс илүү оршин суугаа газар нь очиж тусламж үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Энэ зорилгынхоо хүрээнд “Алслагдсан сум, хороодын иргэдэд нүдний тусламж үйлчилгээг ойртуулах” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нүдний суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, хараа зүйн тусламж үйлчилгээг ойртуулахаар гэр хороололд байрлалтай 9 эмнэлэгтэй хамтран Гэр хорооллын нарийн мэргэжлийн харааны төвийг байгуулсан. Орон нутгийн иргэдэд нүдний анхан шатны тусламж үйлчилгээг хүргэхээр явуулын эмнэлгийг ажлуулан, хөдөө орон нутгаар явж байна. Одоогийн байдлаар Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудад үзлэг, оношилгоо хийгээд байна. Мөн сумдад хугарлын гажгийн болон харааны шилний тусламжийн загвар төвийг бий болгохоор зорьжээ.
Гэр хорооллын айл өрхөд нүдний тусламж үйлчилгээг ойртуулахын тулд Чингэлтэй дүүргийн XIX хороонд байрлах “UC” эмнэлгийн нүдний кабенитыг тохижуулж өгсөн. Ингэснээр тухайн бүс нутгийн гэр хорооллын 166 мянган иргэнд нүдний эмчилгээг оношилгоог дэргэдээсээ авах боломжтой болсон.
Орбис олон улсын байгууллагын зорьж буй ажлууд эхнээсээ үр дүнгээ өгсөөр байна. Энэ талаар тус байгууллагын Монгол дахь салбарын захирал Ч.Чимгээ “Саяхан нэг баяртай мэдээ болсон нь манай төслийн хүрээнд сургалтад хамрагдсан ЭНЭҮТ-ийн нярайн эмч төрөлхийн болрын цайлтыг оношилсон байсан. Энэ бол бидний төсөл хэрэгжүүлж байгаа гол зорилго. Бид нэг хүүхдийн ч болов нүдийг аврах гол зорилготой. Нярайг эхний нэг сард нь оношилж, мэс засал хийгээгүй бол насан туршдаа хараагүй, эсвэл сул хараатай үлдэх байсан” гэлээ.
Нярайг эхний нэг сард нь оношилж, мэс засал хийгээгүй бол насан туршдаа хараагүй, эсвэл сул хараатай үлдэх байсан.
Нүдний тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалаар үзүүлнэ
Төслийн хүрээнд АНУ, Финлянд, Англи Улсад үйлдвэрлэсэн 19 нэр төрлийн, 21 тоног төхөөрөмжийг хандивласан байна. Суурин төхөөрөмжүүдээс гадна зөөврийн тоног төхөөрөмжтэй болсноор тасагт очиж үзлэг хийх, дурандах, зургийг нь аваад хэвлэх боломжтой болжээ. Мөн ойр орчмын сургууль, цэцэрлэг, албан газруудад үзлэг хийнэ. Энэ талаар Нүдний эмч Г.Баасандулам “Орбис олон улсын байгууллагын тусламжтайгаар амбулатор, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, мэс засал, нүдний оношилгоонуудыг хийж байна.
Амбулаторийн тусламж үйлчилгээнд дутуу нярай, нярайн үзлэг, жирэмсэн ээжийн хяналтын үзлэг, сургуулийн хүүхдүүдийн нүдний хугарлын гажиг буюу шилний үзлэгийг хийх боломжтой болж байна.
Мөн насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалаар хийнэ. Хамгийн сүүлийн үеийн зөөврийн аппаратаар хэвтрийн болон тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст үзлэг хийх, сургуулийн хүүхдүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг хийж байгаа. Түүнчлэн дутуу нярайн нүдний уг, эрсдэлтэй бага жинтэй, хүчил төрөгчийн эмчилгээ авч байсан нярайд нүдний эмгэгийн бүх төрлийн тусламжийг үзүүлэх боломжтой болсон” гэлээ.