НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүйн дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар  хамтран “Монгол Улсын Хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих нь төсөл”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.

🔹Уг төсөл 21 аймгийн хэмжээнд хэрэгжиж эхэлсэн бөгөөд сургалт “Хууль сахиулах ажиллагаа ба Хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал”  сэдвийн хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт үргэлжлэх юм.

ХЭҮК-ын гишүүн, доктор Б.Энхболд, НҮБХХ-ийн орлогч суурин төлөөлөгч Лин Цао, төслийн хүний эрхийн зөвлөх Б.Хишигсайхан нар сургалтын нээлтийг хийж, эхлүүллээ.

🔹Энэ удаагийн сургалтад Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын алба хаагч, Дотоодын цэргийн 822 дугаар анги, Шарын-Гол сумын Цагдаагийн хэлтсийн удирдлага, алба хаагчид нийт 40 хүн хамрагдлаа.  

Өнөөдрийн (2026.04.20) сургалт дараах сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Үүнд:

- Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор Б.Энхболд “Хүний эрх ба Хууль сахиулах ажиллагаа” сэдвийн хүрээнд хүний эрхийн суурь зарчим, хүний эрхэд суурилсан хууль сахиулах ажиллагаа, хууль сахиулагчийн хүний эрхийг хамгаалах үүрэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах тухай танилцууллаа.

-  “Цагдаагийн байгууллагаас албадлага хэрэглэх үеийн хүний эрх” сэдвээр Цагдаагийн сургагч ахлагч Т.Сэргэлэн

- “Хүний эрхийн хязгаарлалт цагдаагийн байгууллагын тодорхой үйл ажиллагаа” сэдвээр,  Ахлах мөрдөгч Цагдаагийн хошууч О.Нямдорж,

- “Хүний халдашгүй, чөлөөтэй байдал ба Цагдаагийн алба хаагчийн нийтлэг үйл ажиллагаа”  сэдвээр Цагдаагийн ахмад Г.Баярсүх нар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын мэргэшсэн сургагч багш нар оролцоонд суурилсан, дадлага давамгайлсан аргаар онол практик, кейс тохиолдолд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийлгэж,  сургалтыг удирдсанаараа онцлог боллоо.

🔹Төслийн зорилго нь Монгол Улсад хууль хэрэгжүүлэх практикт хүний эрхийн нийцлийг сайжруулахад оршиж байгаа юм.

📍Үүнд дараах үр дүнд хүрсэн байхаар тодорхойлж байна.

🔹Цагдаагийн байгууллагын дотоод дүрэм, журмыг хүний эрхийн зарчимд нийцүүлэх, мөн хууль сахиулах байгууллагын бодлого, дүрэм, журам, үйл ажиллагааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн стандартад нийцүүлэн, хянаж, шинэчлэх, хууль сахиулах алба хаагчдыг бэлтгэдэг үндсэн институт болох Дотоод Хэргийн Их сургуулиас олон улсын хүний эрхийн стандартад нийцсэн хууль сахиулах боловсрол олгох чадавхыг дэмжих замаар хууль сахиулах салбарт хүний эрхэд суурилсан хандлагыг бэхжүүлэх юм.