Монголчууд өргөн уудам газар нутагтаа дөрвөн цагийн улиралд дураараа нүүдэллэж ирсэн. Өдгөө цагийн эрхээр хүн амын талаас илүү нь төв суурин газарт суурьшсан ч зах хязгаар нутгаа хамгаалж, харж хандаж үлдсэн нь яах аргагүй малчин түмэн билээ. Тэд л газар нутгийнхаа эзэн нь болж байгаль дэлхий, хөрс шороогоо хамгаалсаар, эх орныхоо өнцөг булан бүрийг нөхөн сэргээсээр буй. Харин малчдын нүүдэлчин ондоошлыг сэргээж байгалиа хамгаалж ногоон дэлхийгээ авч үлдэхэд мэдлэг ойлголт, бодит дэмжлэг үзүүлж байж өгөөжөө өгөх нь гарцаагүй. Ийн ногоон дэлхийг хамгаалах ажлыг Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллага манлайлж ирсэн юм.

TNC-гээс хэрэгжүүлж буй “Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төслийн хүрээнд 2016 оноос хойш одоогийн байдлаар 9 сая га газар нутгийг 6000 орчим нөхөрлөлөөр дамжуулж хамгаалжээ.

Нүүдэлчдийн хамтын хүч, тэнцвэртэй оролцоонд тулгуурласан байгаль хамгаалах шийдэл “Нөхөрлөж хөгжих”

-Байгаль хамгаалалд манлайлагч Дэ Нэйче Консерванси байгууллага хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “Нөхөрлөл хөгжил-2025” уламжлалт наадмаа энэ удаад хоймор нутагт товлож, хамтран ажиллдаг нутгийн иргэд, нөхөрлөлүүдээ Хөвсгөл аймаг үзэсгэлэнт Жанхайн эрэг дээр урилаа. Монголчууд бидний амин чухал нөөц болох ой мод, цэнгэг усны хамгийн том нөөц оршиж, үндэсний болон дэлхийн улаан дансанд бүртгэлтэй 17 зүйл хөхтөн, шувуу болон хоёр нутагтан амьтад энд идээшин амьдарч байна. Тиймдээ ч биологийн олон янз байдал, аялал жуулчлал, амин чухал нөөцийг хадгалж буй Хөвсгөл нутагт байгаль хамгаалагч нөхөрлөлүүдийг урьсан нь ч учиртай биз. Тэд ч эх дэлхийгээ ногооноор нь хадгалж үлдэхийн ач холбогдол, учир утгыг илүү их мэдэрч ойлгосон нь лав.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн “Нөхөрлөл хөгжил-2025” наадамд энэ удаа Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Ховд, Говь-Алтай аймгийн 28 сумын нөхөрлөл оролцож хамтаараа хөгжиж буй туршлагаа харилцан солилцож, нутаг нутгийн онцлогыг харуулсан хамтын үйлдвэрлэлээ дэлгэлээ. Монгол орны зүүн, баруун хязгаараас мянган бээрийг туулж ирсэн нүүдэлчин нөхөрлөлүүд байгаль хамгаалах хөрсөн дээр буусан бодит шийдлээ ярихаас гадна яг л малчдын гар дээрээс худалдан авалт хийх боломжийг олгосон нь эко, дундын зуучлалгүй үнээр авах зэрэг олон давуу тал үнэ цэнийг бий болголоо. Тиймдээ ч ихэнх нь ганзагалж ирсэн цагаан идээ, бараа материалаа борлуулж дуусаад эргэлтийн хөрөнгөө өвөртлөөд буцлаа.

Энэ үеэр Дэ Нэйче Консерванси олон улсын байгууллагын Африк, Ази Номхон далай, Европ болон Латин Америк хариуцсан Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Мэтт Браун алс холоос Хөвсгөл нутаг, “Нөхөрлөл хөгжил-2025” наадмыг зорьж ирсэн юм. Тэрбээр дөрвөн бүс нутагт нийт 59 оронд хэрэгжиж буй байгаль хамгааллын үйл ажиллагааг удирдан ажилладаг юм байна. Мэтт Браун “Монголд ирсэндээ маш их баяртай байна. Монгол Улс маш гоё байгальтайн дээр монголчууд байгаль хамгааллын үйлсэд агуу их сэтгэл гарган ажиллаж байгааг харж, мэдэрлээ.

Монгол Улс нийт газар нутгийнхаа 30 хувийг хамгаалахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна гэдгийг сонслоо. Энэ бол маш том хөрөнгө оруулалтаас гадна том зорилт юм.

Яагаад вэ гэвэл, дэлхий нийтээр нийт газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авна гэсэн зорилт тавьдаг боловч түүндээ хүрэхэд их хол байдаг. Гэтэл Монгол Улс орон нутаг төдийгүй Засгийн газрын төвшиндөө дэмжиж ажиллаж байгаад үнэхээр таатай байна. Ер нь Америк, Кени, Африкийн улсууд газар нутгаа хамгаалах 30 хувийнхаа зорилгод хүрэхэд маш их хүчин чармайлт гаргадаг. Гэтэл Монгол Улс ямар том газар нутагтай билээ. Хээрийн эко систем нь ямар билээ. 30 хувьдаа хүрэхэд өөрсдийн сэтгэл зүрхээ зориулж байгааг харахад таатай байна. Мөн “Нөхөрлөл хөгжил-2025”  наадамд ирсэндээ баяртай байна. 28 сумын малчид өөрсдөө ирээд, бие биеэсээ сайн туршлага судлаад, яаж бэлчээрээ хамгаалах, яаж байгаль орчноо унаган төрхөөр нь хадгалж хамгаалах вэ гэдэгт санал солилцож байгаа нь маш зөв зүйтэй үйл ажиллагаа болж байна” гэдгийг онцолсон юм.

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар “Манай аймгийн 52 нөхөрлөл, 1365 иргэн малчин Дэ нэйче консерванси байгууллагын төсөлд хамрагдаж байгаа. Төсөл нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал, цэнгэг усны байгаль хамгаалал, хүлэрт намгийн байгаль хамгаалал гээд гурван төрлөөр хэрэгжиж байгаа. Хөвсгөл нуур Монгол Улсын гадаргын усны нөөцийн 72.5 хувийг эзэлдэг гэсэн тоо байдаг. Мөн манай улсын ойн сангийн 35.5 хувь нь Хөвсгөл аймагт байна. Тэгэхээр орон нутгийн малчид иргэдэд чиглэсэн тогтолцоог бий болгох нь чухал байгаа. Ойрын хугацаанд усны эхүүдийг хамгаалах зургийг баталж мөрдүүлнэ. Мөн Цагаан-Уул, Арбулаг, Баянзүрх суманд хүлэрт намгийн хамгаалал зайлшгүй чухал.

Гуравдугаарт нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон малчин иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, байгалиа зүй зохистой ашиглах, хамгаалах гэдэг зүйл байна.

Хамгийн гол нь нөхөрлөл, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал, эко системийн хамгаалал гэдэг бол Монгол Улсад гарсан ямар ч хуулиас илүү ач холбогдолтой гэж үзэж байгаа юм” гэсэн бол БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн хамтын менежментийн хэлтсийн дарга П.Цогтсайхан “Яаманд зориуд байгалийн нөөцийн хамтын менежментийн хэлтэс нэгжийг бий болгосноор нөхөрлөл, нутгийн иргэдтэй хамтарч байгаль хамгаалах ажлыг бодлогоор дэмждэг. Улсын хэмжээнд нийт 1200 орчим нөхөрлөл  үйл ажиллагаа явуулж, байгаль хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах чиглэлээр ажиллаж байна. Аливаа байгаль хамгааллын үйл ажиллагааг зохион байгуулахад гол түшиглэх хүч бол нутгийн иргэд байдаг” гэлээ.

Малчид нөхөрлөл болж хамтаараа хөгжихөөс гадна нутгийнхаа онцлогт тулгуурласан үйлдвэрлэл эрхэлж брэнд бий болгож байна. Тухайлбал, хогийн цэг дээр хаягдаж буй малын түүхий эд, арьс ширийг үнэ цэнтэй болгохын тулд суран эдлэл хийж эхэлсэн Хэнтийн малчин залуус, ургамал, ногоо байгалийн үр шимээр саван, угаалгын нунтаг хийж өөрийн гэсэн брэндтэй болсон Өмнөговь аймгийн иргэн, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Ховд аймгийн Чандмань сумын нөхөрлөлүүдийн хамтран эрхэлдэг “Дөргөн хатан эко кемп”-ээр өрхийн орлогыг нэмэгдүүлж буй зэргээр таван аймгийн 28 сумын нөхөрлөлүүдийн төлөөлөл 500 орчим хүн хоймор нутаг цуглаж хамтаараа хөгжиж, тэнцвэртэй оролцоотойгоор хийж бүтээсэн зүйлсээ хуваалцахын зэрэгцээ өөр олон олон шинэ санал санаачилгатай олз омог дүүрэн буцаж буйгээ хэлж байв.

“Гурван-Алаг” нөхөрлөл Т.Алтансүх: Анх хулгайн анг зогсоох зорилгоор 13 өрх нэгдэж байсан бол одоо 29 болж өргөжсөн

- Ховд аймгийн Мөст сумын Цэц гол баг дахь “Гурван-Алаг” нөхөрлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Т.Алтансүх “Анх бид хулгайн анг зогсоох зорилготойгоор 13 өрх айл нийлж 2003 онд нөхөрлөл болсон. Харин өнөөдөр 29 өрх болж өргөжжээ. Одоо бид зорилго, чиглэлээ дэлгэрүүлж янгир ямаа, аргаль, ирвэс болон тарваганы тоо толгойд хяналт тавих гэсэн гурван зорилтод төвлөрч байна. Нэг үеэ бодвол хулгайн ан багасаад үзэгдэхээ байсан ирвэс олон үзэгдэх болсон. Ирвэсийг бид яагаад чухалчиж үзэж байна вэ гэхээр ирвэс байгаа газар экологийн тэнцвэрт байдал хэвийн байдаг гэж олон улсын судалгаа байдаг юм билээ.

Нөхөрлөл байхын давуу тал нь мэдээж хамт олон. Сайн, муу бүх үед хамт байж зөвлөдөг хоорондоо ярилцдаг, нэгэндээ тодорхой хэмжээгээр тус дэм болдог. Жишээ нь, ямаа самнах,  хашаа хороо засах, өвс тэжээл авахад нь тус болоод явдаг. Мөн цахим орчинд групп үүсгээд нэгэндээ мэдээллээ хуваалцдаг, хийх ажлаа хэлээд явчихдаг. Манай нөхөрлөлийн хувьд сумын цаг уурын газартай хамтарч ажилладаг. Тэндээс явуулдаг урьдчилсан мэдээг группдээ тавиад түгээх жишээтэй. Дээрээс нь бид нар байгаль хамгааллын TNC байгууллагатай хамтраад нөхөрлөл хөгжлийн наадамд оролцдог. Дотроо л байгаад байхаар өөрсдийн түвшнийг мэддэггүй. Тийм болохоор бусад нөхөрлөлтэй харьцуулаад, сум, аймаг, цаашлаад улсын түвшинд ямар түвшинд байгаагаа мэдэх, аливаа бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа сайжруулах боломж юу байна гэдгийг судалдаг.

Бид мал аж ахуй эрхлээд, ашиг шимийг нь хүртээд явж байгаа бол олсон орлогынхоо тодорхой хэмжээг эргээд байгаль хамгаалалдаа зарцуулах нь зүйтэй. Одоо амьдарч байгаа байгалиа эдлээд дуусгах биш, хойно үлдэх үр хойчдоо байгалаа сайжруулдаггүй юм гэхэд дордуулахгүй өвлүүлж үлдээвэл сайн биздээ. Урд нь урсаж байсан ус, гол мөрөн, булаг шанд, тарвага, зурам, ирвэс, янгир нь цаашдаа ч байж байвал сайхан биш үү л гэж хэлэх байна.  

Манай нөхөрлөл сүү, цагаан идээний 13 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж үзсэн. Одоо бол хайлмаг, ааруул дотроо гурван төрөл, өрөм, бяслаг, сүүний ундаа, молоко, тараг хүртэл бас 2-3 төрөлтэй,  шар тос зэргийг түлхүү хийж байна.  Эсгийгээр гэвэл нөмөрдөг ноосон хөнжил, эсгий гудас, олбог гэх гурван төрлийн бүтээгдэхүүн хийж борлуулдаг. Удахгүй нэмэгдэх нэг гоё бүтээгдэхүүн бий. Шинэ бэрийг газар гишгүүлэхгүй гэрт оруулдаг уламжлал байдаг. Тиймээс бэр ирэхэд гэрийн урд дэвсэх эсгий олбогийг гоё улаан эмжээрэгтэй, цав цагаан өнгөтэй хийж байна. Гадаадын хэллэгээр бол улаан хивс юм уу даа” гэлээ.

Байгаль хамгаалах бодит дэмжлэг TNC-гийн манлайлал

-Дэ Нэйче Консерванси олон улсын байгаль хамгааллын байгууллага 2008 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхлэхдээ хялганат хээрийн экосистемд чиглэсэн байдаг. Улмаар Монгол орны баруун болон хойд зүг хараа, зорилгоо тэлж Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 70 гаруй хувийг агуулдаг, Евразийн 20%-ийг цэнгэг усаар хангадаг Байгаль нуур, 84 сая хүнийг ундны усаар тэтгэгч Енисей мөрний эх бүрэлдэх газар оршдог, дэлхийд ховордсон цэнгэг усны Тул загасны амьдрах орчин болсон стратегийн ач холбогдолтой Хөвсгөл нутгийг унаган төрхөөр нь үр хойчдоо хадгалан үлдээхээр зорьж байна.

Дэ Нэйче Консерванси олон улсын байгаль хамгааллын байгууллага 2008 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхлэхдээ хялганат хээрийн экосистемд чиглэсэн байдаг. Улмаар Монгол орны баруун болон хойд зүг хараа, зорилгоо тэлсэн билээ. Ингэхийн учир Хөвсгөл аймаг бол Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 70 гаруй хувийг агуулдаг, Евразийн 20%-ийг цэнгэг усаар хангадаг Байгаль нуур, 84 сая хүнийг ундны усаар тэтгэгч Енисей мөрний эх бүрэлдэх газар оршдог, дэлхийд ховордсон цэнгэг усны Тул загасны амьдрах орчин болсон стратегийн ач холбогдолтой нутаг юм.

Дэ Нэйче Консерванси олон улсын байгаль хамгааллын байгууллагын “Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төслийн удирдагч Э.Төгөлдөр “TNC 2009-2017 онд улсын хэмжээнд экологийн бүс нутгийн үнэлгээ хийсэн. Өөрөөр хэлбэл, газар нутгийнхаа аль хэсгийг хамгаалж авч үлдэх вэ гэдгийг судалсан.

Байгалийн үзэсгэлэн, түүх соёлын дурсгал зэргээр олон талын ач холбогдлыг нь харж тодорхойлсны үндсэн дээр тухайн газар амьдарч буй малчид эзэн нь болж хамгаалах юм байна гэдэг шийдэлд хүрсэн. Малчид гол ус, саахалтаараа санаагаа нийлүүлээд байгаль дэлхийгээ харж хандах нь илүү үр дүнтэй байна.

2016 оноос хойш одоогийн байдлаар 9 сая га газар нутгийг 6000 орчим нөхөрлөлөөр дамжуулж хамгаалсан. TNC байгууллагаас малчдад хууль дүрмийн хүрээнд ямар боломж буйг ойлгуулж таниулахаас гадна нөхөрлөлүүдийн санал санаачилга, орлогоо төрөлжүүлэхийг дэмжиж санхүү, техник тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийдэг. Энэ бүхэн малчин иргэд, орон нутаг, TNC байгууллагын хамтын оролцоотойгоор хэрэгжиж байна” гэлээ.

Энэ хүрээнд Дэ Нэйче Консерванси байгууллагын манлайлал дор 50-60 эрдэмтэн судлаачдын баг Монгол орны экологийн дөрвөн бүс нутагт үнэлгээ хийж, зайлшгүй хамгаалбал зохих газруудыг тодорхойлж, Монгол Улсын хөгжлийн бодлогуудтай уялдуулах ажлыг харин 30-40 хүнтэй баг явуулсны нэг нь Хөвсгөл, Хангайн бүс нутаг юм. Уг судалгааны дагуу хамгааллын ажлыг гардаж хийх хүмүүс нь нутгийн иргэд учир 2017 онд “Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” хөтөлбөрийг эхлүүлж өдгөө Хөвсгөлөөс гадна дөрвөн аймагт хэрэгжүүлж 300 гаруй нөхөрлөлтэй хамтран ажиллаж буй. Эдгээрийн 52 нь Хөвсгөл аймгийнх бөгөөд 2-10 жилийн хугацаатай нийт гурван төсөл, хөтөлбөрийн нэг хэсэг болсон билээ.

Хамгийн эхнийх нь “Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” хөтөлбөр бөгөөд байгаль хамгааллыг хамгийн үр дүнтэй авч явж чадах малчдыг байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл болгон нэгтгэж, чадавхжуулахыг зорьж буй.

Удаах нь “Цэнгэг ус хамгаалал” хөтөлбөр бөгөөд Хөвсгөл аймаг, Дэлгэрмөрөн голын сав газар, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын дэд сав газар болох Үүр голын сав газрыг чиглэн хэрэгжүүлж байна. Ингэхдээ гол, мөрний хамгааллыг сав газрын хэмжээнд харж, эх бүрэлдэх газрын хамт хамгаалах билээ.

Гурав дахь нь “Хүлэрт намаг хамгаалал” төсөл юм. Цагаан-Уул сумыг тусгайлан чиглэсэн энэхүү төсөл сүүлийн арваад жил манай улсад хийгдээгүй Монгол орны нийт хүлэрт намгархаг газрын тархалтын зураглалыг өнгөрсөн онд шинэчилж, цаашид харин нутгийн иргэд, малчдыг хамгааллын ажилд идэвхжүүлж, менежмент төлөвлөгөөнд нь хүлэрт намаг хамгааллыг тусгахад анхаарч байна.

Дээрх гурван төсөл амжилттай хэрэгжвэл алсдаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ундны усны эх үүсвэрийг хамгаалж үлдэх зэрэг эдийн засгийн хувьд хэмжээлшгүй үр дүн гарах юм.

Ингэхдээ,

- 2030 он гэхэд нийт 10 сая га газар нутгийг 6,000 малчин өрхийн оролцоотойгоор, байгалийн нөөцийн хамтын менежментийн зарчмаар тогтвортой хамгаална.

- Байгалийн нөөцийн хамтын менежментийн 300 нөхөрлөл бий болж, засаглалын хувьд тогтворжин, орон нутгийн шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэдэг болсон байна.

- Хамгийн багадаа 15,000 малчин эдийн засгийн тогтвортой байдлаа нэмэгдүүлэх боломжоо ихэсгэсэн байна. Энэхүү том зорилгод хүрэхийн төлөө дээрх гурван төсөл, хөтөлбөр тус тусын хувь нэмрээ оруулсаар буй юм.