Цөлжилт бэлчээрийн доройтол зөвхөн говийн асуудал биш. Судалгаа харвал, Монгол орны нийт бэлчээрийн 70 хувь ямар нэг хэмжээгээр доройтсон гэдгийг эрдэмтэн судлаачид ярьсаар л буй. Энд нэг зүйлийг анзаармаар байгаа нь бэлчээр доройтож өвс ургамалгүй болох нь зөвхөн мал, малчдад нөлөөлөөд зогсох зүйл огтхон ч биш юм. Үүний цаана 3.2 сая монгол хүний ам руугаа хийж байгаа хоол хүнсний эрүүл аюулгүй байдал, өргөн уудам нутагтаа мал аж ахуй эрхэлж буй 290 мянган малчин өрхийн амьжиргаа, амьдралын баталгаа, хэдэн мянган жилийн түүхтэй нүүдэлчин монголчуудын өв соёл, ололт ондоошил гээд олон талын үнэ цэнийг агуулдаг. Тиймдээ ч Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж хохирч буй орны хувьд, тэр бүү хэл агаарын дундаж хэм 1940 оноос хойш 2.4 градусаар дулаарсан ийм эмзэг, эрсдэлтэй нөхцөлд цөлжилтийг сааруулах бодлого, үйлдэл юу юунаас илүү чухал байна. Магадгүй бид гараа хумхиад суух юм бол Монгол орны хаа саагүй говь болж цөлжих аюул ойртсоор буй. Ингэж олон зүйлийг оршил болгосны учир нь хүний гараар бүтээсэн хамгийн цэнгэг нуур, тэндээс ундаалах мал амьтан. Эх орон, байгаль дэлхийгээ хайрлаж, хариуцлагатай байхын үлгэрлэл, цөлжилтийг сааруулах шийдлээрээ түүчээлж буй Заамарын хөндийд бүрэлдсэн баян бүрд, Тосон үйлдвэрийг тольдоод төрсөн сэтгэгдэл. Хэдийгээр байгалиас заяагаагүй ч гэсэн хүний гараар бүтсэн гэхээр үүнээс ч илүү гайхалтай санагдана.

Ашиглалт явуулсан талбайг байгалийн төрхөнд нь ойртуулан, сайжруулж биологийн олон янз байдал бүрдсэн газрыг орон нутагт өвлүүлэн үлдээхийг зорьж байна.

ДРАГЫН ОРДЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТОО “UPDATE” ХИЙХ ҮҮ

Монгол Улс тэртээ 20 гаруй жилийн өмнө буву 1999-2005 оны хооронд Алт-1, 2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ эдийн засгийн уналтаас гарахын тулд ашиглах боломжтой ордуудаа эргэлтэд оруулах төрийн шийдвэр гарч байв. Чухам тэр үеэс л Төв аймаг болон Булганы Бүрэгхангайн заагт орших Заамарын хөндийд уур уурхайн олборлолт хийх эхлэл тавигдсаны нэг нь Монполимет групп юм.Ийнхүү анх драгын үйлдвэрийг ашиглалтад оруулж байсан 2000 оны эхээр хойд хөршөөс мэргэжилтнүүдийг урьж авчирдаг байсан бол өнөөдөр Монгол инженерүүд өөрсдөө бүрэн хариуцаж ажиллаад 20-иод жил болжээ. Хүн болгон мэдэж ойлгох албагүй ч Монголын баялагтай холбоотой учраас сонирхож судлах нь зүй. Тиймээс олон нийтэд төдийлөн ойлголт, хандлага түгээгүй драгын ордын талаар лавлахад “Устай нөхцөлд олборлолт явуулдгаараа онцлогтой голдрилын ордод драгыг ашигладаг.

Товчхондоо драг бол хамгийн ЭКО орд. Ашиглалт, олборлолт, баяжуулалт, нөхөн сэргээлтийг нэг дор зэрэг хийнэ. Бүрэн цахилгаанаар ажиллана.

Нэг зүйлийг дурьдахад, Туул голд драгын үйлдвэр ажиллуулж голдрилыг өөрчлөх, хүн малыг хордуулаад байна гэсэн ойлголт бий. Голын гүн болоод үйлдвэрийн технологийг харахад л ямар ч боломжгүй шүү. Драгыг зөвхөн уул уурхайн салбарт ашигладаггүй. Гүүр, далан барих, элс, хайрга олборлохоос эхлээд барилгын салбарт ч өргөн ашигладаг. Хөгжлөөсөө үл хамаараад бүхий л улс орон драгыг ашигладаг. Норвегид гэхэд алмазыг драгаар олборлож байх жишээтэй” хэмээн Байгаль орчин, нөхөн сэргээлтийн албаны дарга Т.Октябрь бидэнд тайлбарлалаа. Энэ яриаг сонссоны дараа хэдийгээр драгын ордын талаарх ойлголт маань зарим нэгний сошиалд бичсэн шиг хэтэрхий ташаа биш байсан ч мэдлэг мэдээллээ илүү баяжуулж, нэг ёсондоо бүрэн хэмжээнд “update” хийсэндээ олзуурхаад цааш явлаа. Энэ зуур мод тариад ч амжлаа. Энэ үеэр Монполимет ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэр бидэнтэй яриа дэлгэнгээ “Манайх байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэлх 30 гаруй жилийн хугацаанд нэг л зарчмыг баримталж, түүнээсээ гуйвж хэлтийхгүй явж ирсэн. “Хариуцлагатай уул уурхайн үндсэн шалгуур бол нөхөн сэргээлт юм” гэдэг нэгдсэн зорилгын төлөө хичээсээр байна. Тиймдээ ч олборлолт, нөхөн сэргээлт арга билэг шиг хамт явагдах ёстой гэж үздэг.

Бидний бас нэг итгэл үнэмшил бол уул уурхайн салбарын мэргэжлийн инженерүүд байгалийн хэвлийг гэмтээх, хор хохирол учруулах үйлдэл хэзээ ч хийдэггүй. Бидний 30 жилийн өмнө олж харсан эдгээр зорилтууд өнөөдөр эргээд харахад хариуцлагатай уул уурхайн шалгуур болсон байдаг. Эх орондоо хайртайгаар хариуцлагатай нөхөн сэргээлт хийх хөдөлмөрч сэтгэхүйтэй хамт олон болж төлөвшиж, туршлагажиж чадсан нь өнөөдрийн амжилтын нууц” хэмээн бахархалтайгаар ярилаа.

ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИЙДЭЛ БУЮУ ХҮНИЙ ГАРААР БҮТЭЭСЭН УУРХАЙН ДУНДАХ БАЯНБҮРД

Ногоон пресс клубын сэтгүүлчид мод тарив.

Байгаль орчны чиглэлээр дагнан мэргэшсэн “Ногоон пресс” сэтгүүлчдийн багийнхын хамгийн удаан тухалж саатсан хэсэг бол Тосон нуурын эрэг. Хүний гараар бүтээсэн 1.6 км урт үргэлжлэх нуурын эрэг дээрх тархиа амраангаа төрөл зүйлийн усны шувууд, загас жараахай, цэнгэг усны ховор амьтан харж баясангаа завь сэлүүрдэн зэгэс шагшуурган дундуур “хурдлах” гайхалтай мэдрэмж биш гэж үү. Бүр аялаж зугаалж яваа хүмүүс нуураас загас барьж шарж идсэн ул мөр үлдсэн нь бидэнд их л сонин байв. Арга ч үгүй юм байна. Монполимет группын хэдэн зуун ажилчид энэ нуурыг өдий зэрэгтэй болгож “бойжуулах” гэж 24 жил тууштай хөдөлмөрлөжээ. Анхлан 2001 оноос олборлолт хийсэн талбайдаа нуур байгуулж тохижуулснаар 2011 онд Монгол Улсын усны тооллогоор хүний гараар бий болгосон цэнгэг уст нуураар бүртгэсэн юм билээ. Одоо Тосон нууранд цурхай, зэвэг, алгана, мөнгөлөг хэлтэг, амарын цулбуурга зэрэг олон төрлийн загас үржиж,  хун галуу, нугас, дэглий, ангир, хар галуу гээд усны шувууд жил бүр зорьж ирээд зогсохгүй зөвхөн цэнгэг усны индикатр гэгддэг заарт харх буюу ондатр, хясаа бий.

Бидний дараагийн аялал мод үржүүлгийн газар. Ер нь Монполимет групп уул уурхайн олборлолт хийсэн газрынхаа 600 гаруй га талбайг нөхөн сэргээжээ. 600 гаруй га гэдэг бол жижиг хэмжээ биш. 600 га (гектар) талбайг ойлгомжтой, сонирхолтой болгохын тулд өөр зүйлстэй харьцуулья. Футболын талбайтай жишвэл ойролцоогоор 7000–8000 ширхэг стандарт хөлбөмбөгийн талбай. Сүхбаатарын талбайн хэмжээ 17,500 м² орчим байдаг гэж үзвэл 600 га = 343 удаа багтана. Харин хотын дүүргээр жишвэл, Баянгол дүүргийн төв хэсгийн (100 га орчим) хэмжээнээс зургаа дахин том. Нууртай харьцуулбал, 600 га нь ойролцоогоор Тэрхийн цагаан нуурын талбайн 1/5 орчим. Товчхондоо 600 га нь нэг жижиг хотын хэмжээтэй, эсвэл хэдэн мянган хөлбөмбөгийн талбайтай тэнцүү асар том талбай гэсэн үг. Ийм хэмжээтэй талбайг нөхөн сэргээж ногоон хэрэм болгожээ.

Ийн нөхөн сэргээхдээ 13 төрлийн мод үржүүлж, 326 га талбайг ойжуулж, 460 мянган мод тарьсан байна. Тэр дунд хоёр төрлийн улиас, бургас, хайлаас, чацаргана, үхрийн нүд гээд “таньдаг” нь ч цөөнгүй харагдлаа. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа эхэлсэн цагаасаа олборлолт нөхөн сэргээлтийг хослуулж тарьж ургуулсан бгаа нь 460 мянга гаруй ч хөрсний онцлог, газрын ландшап, байгаль цаг уураас шалтгаалсан, бусдад хандивласан, мал амьтанд идүүлснээ нэмбэл сая гаруйгаар тоологдох аж. Гэхдээ “Тоонд ач холбогдол өгөхөөс илүү яг бодитоор үр дүн гаргахад л анхаардаг” гэсэн зарчмыг ягштал баримталдаг гэлээ.

Биологийн нөхөн сэргээлтийн бас нэг хэлбэр бол бэлчээрийн олон наст ургамал тарих. Ингэхдээ хаа хамаагүй биш Монгол орны бэлчээрт зонхилдог 7-8 төрлийн ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тарьж ургуулжээ. Буурцагт ургамал, үр ургамлуудыг 312 га-д тарихдаа 92 тонн үр зарцуулсан байна. Тухайлбал, ургамал болгон агаараас азотыг шингээж авч чаддаггүй ургамал цөөнгүй бий. Харин эдний талбайдаа тарьсан шар царгас азотыг шууд шингээдэг учраас хөрс азотоор баяжиж ургамал ургах таатай нөхцөл болж өгдөг аж. Мөн биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайгаа эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс гурван га талбайд чацаргана, үхрийн нүд, монос зэрэг жимс, жимсгэнэ тарьж байна. Энэ талаар БОНС-ын дарга Т.Октябрь “Ер нь бүх үйл ажиллагаагаа шинжлэх ухааны үндэслэлтэй хийх үүднээс судалгааны байгууллагуудтай хамтарч ажилладаг. Мэдээж маш олон саад бэрхшээлтэй тулгарч ирсэн ч шинжлэх ухаан, шинэ техник технологи, инновац нэвтрүүлж амжилттай даван туулж байгаа. Хамгийн наад захын жишээ гэхэд л 460 мянган модыг тарьж ургуулахад усалгаа хүндрэлтэй болж эхэлсэн. Тиймээс дуслын усалгааны системээр асуудлыг шийдвэрлэсэн. Мөн модны тогоонд мөс тавих, бионүүрсийг нөхөн сэргээлтэд ашиглах, нөхөн сэргээсэн талбайд эмийн ургамал тариалах, үр бүрэх технологи зэргээр шинэ дэвшилтэд шийдлийг уламжлалтай хослуулж байна. Гол нь ашиглалт явуулсан талбайг байгалийн анхны төрхөнд нь ойртуулан, сайжруулж биологийн олон янз байдал бүрдсэн газрыг орон нутагт өвлүүлэн үлдээх юм.  

Бидний энэ үр дүн бол ноу хау гэхээс илүү олон жилийн тууштай хүч хөдөлмөр юм. Хариуцлагатай уул уурхайн хүрээнд нөхөн сэргээлт хийсэн талбайгаа олборлолт дуусахаар нутгийн иргэдийн өмч болгон үлдээж, орон нутагт хүлээлгэж өгнө” гэлээ.

Эдний тарьж ургуулсан цөлжилтийг сааруулах ногоон хэрэм олон улсын судалгаагаар нэг мод 150-200 кг хүчилтөрөгч, 18-20 кг тоосыг шүүдэг гэж үздэг. Ингэж харвал, жилдээ 40 сая кг хүчилтөрөгч ялгаруулж, 10 сая кг тоос тоосонцорыг шүүж байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлжээ. Хамгийн чухал нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн 75 хувь цөлжсөн. Үүний нөлөөгөөр өвс ургамал хомсдож, бэлчээрийн даац хэтэрч хамгийн их хохирч буй нь малчид юм. Харин хариуцлагатай уул уурхай цөлжилттэй тэмцэхэд хэрхэн хувь нэмрээ оруулж болдог вэ гэдгийг Тосон үйлдвэр үлгэрлэж хоёр аймгийн нутаг дамнасан малчдын малаа идээшлүүлэх таатай орчин болжээ. Хэрэв энд ийм хэмжээний баян бүрд бий болгож 600 га талбайг ногооруулаагүй бол хэрхэх бол гэдгийг төсөөлөхөд ч халширмаар билээ.

Нөхөн сэргээлтийн үр дүнг яг нэг цэг дээрээс харуулсан жишээ. Ийм жишээ олон бий.

2700 ЛИЦЕНЗ БҮГД ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАДАГ БОЛ...

Энэ бүхнийг гараар барьж, нүдээр үзсэний дараа нэг зүйлийг заавал хөндмөөр санагдаж, сэтгэл хөндүүрлэв. Учир нь Монгол Улсын нутаг дэвсгэрт 2700 орчим  хайгуулын болон ашиглалтын лиценз бий. Зөвхөн нэг компани хариуцлагатай байхад байгаль орчин, хүн зонд ийм хэмжээний таатай орчин бүрдүүлж байхад дээрх 2700 лиценз эзэмшигчид бүгд хариуцлагатайгаар нөхөн сэргээвэл их зүйл өөрчлөгдөх нь лав. Энэ төсөөллөөрөө Монполимет ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэрийн байр суурийг сонирхоход

“Ний нуугүй хэлэхэд 2700 лиценз бүгд хариуцлагатай байгаа юу гэвэл салбарт нь ажиллаж байгаагийн хувьд “Үгүй” гэж хэлнэ. Гагцхүү сайн, муу бүгдийг нь нэг сагсанд хийчихээд буй учраас уул уурхайн салбар тэр чигээрээ, тогоонд нь ажиллаж буй зарим хариуцлагатай компаниуд хэлмэгдэж ирснийг нийтээрээ харж байна шүү дээ. Бид бусад байгууллагуудын олборлолт хийчихээд хаяад явсан эвдэрсэн газрыг ч нийгмийн хариуцлагын хүрээнд нөхөн сэргээдэг.

Манайх олборлосон талбайнхаа 90 хувьд техникийн, 60 хувьд биологийн нөхөн сэргээлтийг жил бүр хийдэг. МҮХАҮТ, Байгаль орчин, уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас жил бүр тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгж шалгаруулахад Монполимет групп 23 удаа тэргүүлсэн. Заримдаа жилд хоёр удаа шалгарсан ч тохиолдол бий.

Байгаль орчноо хамгаалах, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах, мэргэжлийн бөгөөд хариуцлагатай үйл ажиллагаа явуулах. Уурхайн үйлдвэр сургалтын баазыг бий болгох, эдийн засгийн эргэлттэй бүс нутаг болгон сэргээн хөгжүүлэх, нутгийн зон олны сэтгэлд нийцсэн тааламжтай бүс нутгийг бий болгохын төлөө зорьж байна” гэлээ.

Тэд бас 30 гаруй жил хуримтлуулж ирсэн туршлага, ноу хау, ухаалаг шийдлээ бусадтай үргэлж хуваалцдаг аж. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг сургалтын бааздаа урьж, туршлага солилцохдоо өнгөрсөн хугацаанд орон нутгийн болон олон улсын үзүүлэх сургалтыг дөрвөн ч удаа хийжээ.

Сурвалжлагынхаа төгсгөлд нэг зүйлийг тэмдэглэмээр байгаа нь баянбүрд гэдэг нь зөвхөн говь, цөлийн бүсэд оршдоггүй аж. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цөлжсөн, доройтсон газрыг нөхөн сэргээхдээ хүний гараар ч баянбүрдийг бий болгож болдгийг ийн нүдээр харж сэтгэгдлээ буулгахыг оролдлоо. Үнэхээр л цөлжилтөөс хамгаалах түүнтэй тэмцэх бэхлэлт болох хангайгаас тасалж авчраад тавьчихсан мэт ногоон хэрэмийг тэд байгуулсан нь цаашид ч тэлсээр байх биз ээ.