Хөхөө өвлийн хүйтэн, хаврын хавсарга буюу тавдугаар сарын 1-нөөс өмнө уралдаан сунгаан, үсэргээнээс эхлээд  морины ямар ч ажил хийхийг хориглосон Засгийн газрын тогтоол бий. Мөн өвөл хавар хүүхдээр морь унуулж болохгүй гэсэн шийдвэрийг Улсын Дээд шүүх гаргасан. Ийн өвөл, хавар морины үсэргээн сунгаан, уралдаан зохион байгуулахыг Засгийн газар, Дээд шүүхээс хориглочихоод байхад улс төрийн эрх бүхий албан тушаалтнууд хаврын уралдааныг сэргээх санаачилгыг гаргаж эхэллээ.

Маш тодорхой нь Дээд шүүхийн шийдвэрийг зөрчих эрх Засгийн газар, УИХ-ын алинд ч байхгүй.

Харамсалтай нь Монгол төрийн шийдвэр цаасан дээр баталгаажсан ч хөрсөн дээрээ хэрэгждэггүйг харуулсан жишээ олон байна. Уяачид ил далдаар өвлийн турш морио уяж сойж уралдаанч хүүхдүүдээр морины ажил хийлгэсэн бол сар шинийн өмнөөс эхлээд уралдаан сунгаан зохион байгуулж эхэллээ. Үүний ганцхан жишээ нь Төв аймгийн Сэргэлэн суманд уяачид уралдааны замаа засаж хүүхдүүдийн хичээлийг тасдуулж, эрүүл мэндэд нь эрсдэл учруулан өдөр бүр шахам үсэргээ сунгаа хийж байгааг Mongoliapress сайт газар дээрээс нь сурвалжилсан. Мөн сар шинийн өмнөхөн Хөвсгөл аймгийн Галт суманд морины ажил хийх үеэр бага насны хүүхэд унаж амь насаа алдсан ноцтой хэрэг гарлаа.

ГБХНХЯ-ны мэдээллээр сүүлийн найман жилийн хугацаанд 2200 гаруй хурдан морины уралдаанд зохиогдож 72 мянган орчим хүүхэд оролцжээ. Үүнээс 3000 гаруй хүүхэд мориноосоо унаж, 25 хүүхэд нас барж, 8 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж үлдсэн. Нас барсан 25 хүүхдийн 22 нь морины уралдаан, сунгаа бэлтгэлийн үед нас барсан бол баяр наадмын үеэр гурван хүүхэд мориноос унаж амиа алджээ.

Гэтэл хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй төрийн албан тушаалтнууд хаврын хавсарга хүйтэнд хүүхдээр хурдан морь унуулъя, хаврын морин уралдааныг сэргээе гээд уриалж байх юм.

Энэ санаачилгыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү өдгөө УИХ-д суугаа У.Отгонбаяр гаргалаа. Тэрбээр “Хаврын морин уралдааныг сэргээх чиглэлээр УИХ-ын хаврын чуулганаар тодорхой шийдвэр гаргаж ажиллана. Монгол өв соёл хэзээ ч мөхөх ёсгүй.Үр хүүхдүүдээ ч хамгаална.Олон гишүүн нэгдэх байх” гэсэн бол түүнийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дэмжиж цахим орчинд хуваалцжээ. Уг нь ХЗДХ-ийн дэд сайд шүүхийн шийдвэрийг зөрчих нь битгий хэл биелүүлэхийг шаардах ёстой албан тушаалтан. Гэвч Засгийн газрынхаа танхимын эсрэг, шүүх засаглалынхаа эсрэг ажиллаж, олон нийтэд хууль зөрчихийг уриалж сууна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа хаврын морин уралдааныг хориглосон тогтоол гаргаж байсан. Гэтэл төрсөн дүү нь ахынхаа шийдвэрийн эсрэг ажиллаж явна.

Хамгийн хачирхалтай нь эмэгтэйчүүдээс УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийгөө хурдтай нутгаас сонгогдсон, болохгүй бол манай говьд хаврын уралдааныг зохион байгуул гэж олон нийтийн доог тохуу болсон бол НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа уяачдыг хүлээж авч уулзаж, хаврын уралдааныг дэмжсэн байр суурь илэрхийлж явна.

Гишүүн Л.Мөнхбаясгалан хаврын морин уралдааныг сэргээе хэмээн удаа дараа байр сууриа илэрхийлэхдээ хүүхдийн эрхийг зөрчихөөс гадна зөвхөн эрчүүдийг магтаж эмэгтэйчүүдийг дорд үзсэн хандлага гаргаж жендэрийн мэдрэмжтэй авирлав. Тэрбээр “Бид дэлхийн талыг морь, эр хүн хоёрын хүчээр л эзэлсэн. Эр хүн эмээлт хүлэг хоёр л эх орноо санадаг. Энэ өв уламжлалаа мартаж болохгүй. Замыг нь засаж өгөөд л хаврын морин уралдааныг хийх хэрэгтэй. Зам засах мөнгийг уяачид өөрсдөө гаргачихна. Бүр болохгүй бол манай говьд хаврын морин уралдааныг зохион байгуулж болно. Говьд хангай шиг хөр цастай хүйтэн байдаггүй. Би морин дэл дээр дарцаглаж өссөн. Морийг холоос, зурагтаар харсан хүмүүс хаврын морин уралдааныг хориглоё гэж элдэв янз бүрийн юм ярьж болохгүй. Малчин айлын хүүхэд морио унахгүй утсаа ухаад Улаанбаатарт байх нь зөв юм байна л даа. Би говиос сонгогдсон УИХ-ын гишүүн, тангараг өргөсөн элч нь шүү дээ. Морины нуруунд гарч үзээгүй,  хөдөө ч явж үзээгүй хүмүүсийн хийрхлээр өв соёл, төрт ёсны уламжлалаа эвдүүлэхгүй. Би хурдтай бүсээс сонгогдсон гишүүн” гэв.

Гэвч нөгөө талд хуульчид “Дээд шүүхийн шийдвэрийг зөрчих эрх Засгийн газар, УИХ-ын алинд ч байхгүй. Хари насанд хүрсэн бие жижиг, хөнгөн туранхай хүнээр хавар, өвөл ч унуулж уралдуулах эрх боломж нь нээлттэй” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Эндээс харвал хаврын морин уралдааныг сэргээе гээд байгаа “том”-чууд маань өөрсдөө унаж уралдаж бас болох юм. Үгүй бол хууль шүүхийн шийдвэрийг маш ноцтой зөрчих нь.

Хавар дулаарчихаад байхад яагаад морь унуулж болохгүй гэж гэсэн хүмүүст хэлэхэд олон улсын судалгаагаар гадаа 15 хэм байхад хүүхдэд морин дээр -21 градус мэдрэгдэж 30 минутад хөлдөх эрсдэлтэй гэсэн нарийн тооцооллыг энд мөн хавсаргая.