Монгол Улсад цэргийн тээврийн нисэх эскадриль үүсэж хөгжиж, үүх түүхээ бичээд 60 жилтэйгээ золгож байна. Анхлан 1966 онд ардын армийн командлагчийн тушаалаар “Холбооны эскадриль” байгуулахаар болж Монгол-018, Монгол-7305, Монгол-611 дугаартай Ан-2 гэсэн гурван нэгж зэвсэглэлтэй, 28 хүний орон тоотой байгуулагдсан агаарын цэргийнхэн өдгөө өнөр олуулаа болон өсөж дэвжиж, инженер техникийн ажилтнууд нь сүүлийн үеийн зэвсэглэл техникийг бүрэн эзэмшиж ажилдаа ашиглаж байна.
Цэргийн тээврийн нисэх эскадрилийн нисгэгчид байгуулагдсан жилдээ л үер усны аюул, Алтанбулаг, Дархан хотноо болсон Монгол- Зөвлөлтийн залуучуудын их наадам, Өгий нуур, Сайншанд, Зүүнбаян, Дорнод, Сүхбаатар, Халх гол чиглэлд Ан-14 онгоцоор олон удаа амжилттай ниссэн буухиа өнөөг хүртэл үргэлжилж агаарын цэргүүд 60 жилийн ойгоо баяр бахархал, бахдам амжилтаар дүүрэн угтаж байна.
Энэ хугацаанд Зэвсэгт хүчний 303 дугаар ангиас БНМАУ, ЗСБНХУ-ын баатар, Монгол Улсын анхны сансрын нисгэгч хошууч генерал Ж. Гүррагчаа нарын олон арван алдартан, гавьяат нисгэгч төрөн гарчээ. Түүхт ойг тохиолдуулан Mongoliapress агентлаг агаарын цэргийн багш, шавь хоёр Монгол Улсын гавьяат нисгэгч, хурандаа Н.Баясгалан, тус ангийн Нислэг удирдлагын хяналтын тасгийн дарга, хошууч Х.Энхжин нарыг онцолж байна.
Тэнгэрт 6000 цагийг өнгөрүүлсэн гавьяат нисгэгч

Зэвсэгт хүчний 303 дугаар анги онцгой үүрэгтэй. Тус анги төрийн гурван өндөрлөг, түүнтэй дүйцэхүйц гадаад дотоодын өндөр дээд түвшний зочид төлөөлөгчдөд үйлчилдэг. Мөн зөвхөн зэвсэгт хүчинд харьяалагдахаас гадна онцгой байдал, хилийн цэрэг, цагдаа, эмнэлэг гээд яаралтай осол аваар, гал ус, гамшгийн аль ч үед төр засаг, ард олныхоо төлөө үргэлж бэлэн командтай зогсож байдаг. Тэр ч утгаараа бие бүрэлдэхүүний дийлэнх нь ОХУ, АНУ гээд гадаадад мэргэжил эзэмшсэн нисгэгчид бий.
Монгол Улсын гавьяат нисгэгч, хурандаа Н.Баясгалан агаарын цэргийнхнээ алдах эрхгүй алба гэж тодорхойлохдоо “Нисгэгч, агаарын цэргийнхэнд алдах эрх байхгүй. Багахан алдаа гаргахад л хүний алтан аминаас эхлээд эд хөрөнгө, зэвсэг техник гээд үнэлж баршгүй хохиролтой. Харахад сайхан ч хүнд хөдөлмөр шүү дээ. Нэг цагийн нислэг үйлдээд буухад уурхайн гүнд найман цаг ажилласантай дүйцэх эрч хүч, энерги зарцуулдаг гэдгийг шинжлэх ухаан судлаад гаргаад ирсэн” гэж байна.
Н.Баясгалан хурандаа нисэхтэй амьдралаа холбоод 46 жил болжээ.
Тэрбээр 1980 онд зэвсэгт хүчинд Сөнөөгч онгоцны радиогийн механикаар гурван жил алба хаагаад тэндээсээ ЗХУ-ын нисэхийн сургуульд суралцаад 1986 онд эх орондоо ирсэн байна. Тухайн үед манай улсад шинээр МИ24 буюу байлдааны нисдэг тэрэгний эскадриль Төв аймгийн Алтанбулагт анхлан байгуулагдахад шинэхэн төгсөгч маань хоёрдугаар нисгэгчээр томилогдон очиж ажлын гараагаа эхэлж байлаа. Тэрбээр төд удалгүй жилийн дараа гэхэд л онгоцны дарга болсон гэдэг. Ингэж 1987 онд онгоцны дарга 1991 онд багш нисгэгч болсноос хойш өнөөдрийг хүртэл олон зуун шавь нар бэлтгэжээ. Ажил албаа агаарын цэрэгтэй холбосноос хойш нисэх багийн дарга, нисэхийн захирагч, эскадрилийн штабын дарга, захирагч, нисэх хорооны захирагчийн нислэг эрхэлсэн нэгдүгээр орлогч гээд албан тушаалын шат бүрээр алхаж гарч иржээ.

Тэрбээр байлдааны болон тээврийн нисдэг тэргийг эн тэнцүүхэн хослуулан жолоодохдоо агаарт 6000 гаруй цагийг нисэж өнгөрөөсөн байна. Нислэгийн цагийг онгоцны дугуй газраас хөндийрөөд буцаад газарт буусан хугацаагаар тооцдог аж. Мөн Монгол орныхоо дөрвөн зүгт 1.2 тонн даацтай хүрэл багана босгоход агаарын цэргийнхэн ачааны хүндийг үүрчээ. Улс эх орныхоо бүтээн байгуулалтад оролцсон бахархалт үйл хэргийнхээ талаар “Онгоц дотор багтахгүй учраас хил рүү дөхүүлж болох хамгийн ойрхон цэгт машинаар хүргээд цааш нь нисдэг тэргээр тээвэрлэсэн. Эхний ээлжинд сууриа цутгах ус, шавар, цементээс эхлээд бүгдийг нь зөөсөн. Дараа нь хүрэл баганаа хүргэсэн. Тухайлбал, Монгол шарын даваа гэхэд Цагааннуур сумаас цааш агаараар 100 км онгоцноосоо дүүжлээд авч явсан. Хэдийгээр онгоц хөдлөхгүй байсан ч 1.2 тонн жинтэй багана савлана. Мөн очоод шууд буулгачихгүй. Алтай таван богдын орой дээр буулгахад нэлээн чадвар, тэвчээр шаардсан. Онгоцоо хөдөлгөөнгүй “барьж” баганаа суурин дээр нь тааруулах гээд олон цаг болоход бидний гар чичирч байсан. Эргээд бодоход эх орныхоо бүтээн байгуулалтад оролцсон гээд бахархах сэтгэл төрдөг.

Монгол орныхоо дөрвөн өнцөгт нисдэг тэргээр хүрэл багана босгосон. Үүний тулд маш олон өдөр, олон цагийн нислэг үйлдсэн л дээ. Нэг удаа хүрэл баганаа босгочихоод Ховдоос буцаад Баянхонгор руу дөхөж явтал онгоцон дотор хиншүү үнэртээд битүү ухаа бүрхээд ирлээ. Урлагийнхан тоглолт хийхэд тайзан дээр битүү цагаан утаа шиг зүйл тархдаг даа. Яг л түүн шиг битүү утаа ороод ирлээ. Арын хүмүүс галын хор бариад тэрүүгээр нэг юм боллоо. Би ч маш богино хугацаанд амжиж онгоцоо буулгахаас аргагүй боллоо. Араас салхитай байсан учраас амаргүй байсан. Тэгээд маш богино хугацаанд газардаад хөдөлгүүрээ унтраагаад эргээд харахад л юу ч үзэгдэхгүй битүү утаа бүрхсэн. Гэтэл аккумулятор ачааллаа дийлэхгүй шатаж эхэлж байсан. Тэр үед жаахан хугацаа алдсан бол кабин битүү утаагаар дүүрч хянах самбар, гаднах орчноо харж аюулгүй газардаж чадахгүй. Үүнээс үүсэх эрсдэл, хохирлыг хэлж мэдэхгүй шүү дээ. Энэ мэтээр нисгэгч минут секундтэй уралдаж байдаг. Нисгэгч хүн агаарт маш богино хугацаанд хамгийн зөв шийдвэр гаргах шаардлага тулгардаг. Багахан л эргэлзэж тээнэгэлзээд хугацаа алдах, буруу шийдвэр гаргавал хохирлыг үнэлж баршгүй. Хүний амь нас, эд хөрөнгө, техник хэрэгслээс эхлээд үлэмж хэмжээний хохирол учрах эрсдэлтэй.
Нисгэгч байнга уншиж байх ёстой. Хүн уншихаа боливол сэтгэхээ больдог гэдэг.
Хэдийгээр бүгдийг сурч мэдсэн ч байнга давтаж, сайжруулж дадлагажиж, хөгжиж байх хэрэгтэй. Үүний төлөө л багш нар тасралтгүй шавь нараа сургаж дадлагажуулж байдаг. Ялангуяа дадлагын нислэгийг байнга хийх ёстой. Тамирчин хүн нэг мэхийг хэдэн зуун удаа давтаж байж дархан болгодог билээ. Үүнтэй яг ижил. Хэдий чинээ их давтаж, дадлагажина тэр хэрээр хугацаа алдахгүй онгоцыг удирдаж, богино хугацаанд зөв шийдвэр гаргана” гэж ярилаа.
Агаарын цэргийнхэн онцгой үүргийн нислэгт явахдаа төрийн ажлыг гүйцэтгэдэг бол тусгай үүргийн нислэгт хүн ардын эрүүл аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэдэг хос морьтой хүмүүс. Ялангуяа, өвдөж зовсон, ядарч зүдэрсэн хэчнээн хүнийг эсэн мэнд тээвэрлэж эмнэлэг бараадуулаад, эргээд баярлалаа гэдэг үг сонсоход төрийн том одон хүртэхээс илүү баярладаг гэнэ.
Гавьяат нисгэгчийн хүү мөн л удам залгасан агаарын хөлгийн жолооч. Хошууч Б.Батболд ОХУ-ын Краснодарийн Нисэхийн дээд сургуулийг сөнөөгч онгоцны нисгэгчээр, Ю.А.Гагарины нэрэмжит Нисэх хүчний академийг алтан медальтай төгсчээ. Одоо Налайхын цэргийн нисэхийн ангийн захирагчаар ажиллаж байна.
Н.Баясгалан гавьяат “Миний шавь нараас гадна хүү маань нисгэгч. Багаасаа л нисгэгч болно гэж мөрөөдөж сонгосон. Сургуульд ороогүй жаахан хүү эмээ, өвөөгөө асуухаар том болоод Боинг онгоцны нисгэгч болно гэж ярьдаг байсан. Хүүгээ багад нь онгоцныхоо зорчигчийн кабинд аваад явдаг байсан нь ч нөлөөлсөн байх. Хүү маань яг л миний замаар явж байна.
Өөрийгөө эргээд бодоход шавь нартаа нэг бодлын багш нь, аав нь, найз нөхөд нь болж хамтдаа үүрэг гүйцэтгэж байна даа. Насаараа өглөө босоод л тэнгэр шагайдаг зуршилтай. Хэзээ ч энэ зуршлаа хаяж чадахгүй байх. Өөрөө нисэхгүй ч хүү минь, шавь нар минь яаж байгаа бол гэж санаа зовнидог. Энэ бол нисгэгч хүний нэг бодлын бахархал, нэг бодлын зовлон юм даа. Яг нисэж яваа үед цаг хугацаа ямар богинохон юм бэ гэдгийг мэдэрдэг. Онгоцны хаалганаас үсрээд 4-5 секундын дараа шүхэр задрах ёстой. Гэтэл энэ хугацаанд маш их зүйлийг бодож амждаг. Их урт хугацаа мэт санагддаг. Цаг хугацааны үнэ цэнийг нисгэгч хүмүүс маш их ойлгож мэдэрдэг дээ” гэсэн юм.

Манай салбар болгонд л хүний нөөцийн хомсдол бий. Агаарын цэргийн салбарт л энэ асуудал тулгамдсаныг гавьяат нисгэгч хөндөж, санаа зовинож буйгаа хэлэв. Тэрбээр “Сүүлийн хэдэн жил манай цэргийн ангид овоо хэдэн залуу төгсөж ирсэн ч амьдралын шаардлагаар өөр байгууллагууд руу шилжиж байна. Техникийг мөнгөтэй бол худалдаад авчихна. Хамгийн гол нь боловсон хүчин дутвал худалдаад авах боломжгүй учраас бэлтгэх ёстой. Бэлтгэсэн боловсон хүчнээ тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд нийгмийн асуудлыг нь анхаарч, цалин мөнгийг нь бодолцож үзэх ёстой.
Урьд нь боловсон хүчний бэлтгэл 20 гаруй жил тасалдаж байсныг бодоход сургаж л байна. Гэхдээ л хүний нөөцөө тасралтгүй бэлтгэх ёстой. Одоогийн нөхцөл байдлыг харахад дахин арваад жил завсардаж магадгүй харагдаад байна. Үүнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчин, агаарын цэрэг онцгой анхаарах учиртай” гэсэн юм.
Ийнхүү бидний яриа өндөрлөхтэй зэрэгцэн Монгол Улсын гавьяат нисгэгчийн гарын шавь, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Нислэг удирдлагын хяналтын тасгийн дарга, хошууч Х.Энхжинтэй ярилцлаа. Багш, шавь хоёр хамт суралцаж, хөгжиж мөр зэрэгцэн ажиллаж байна.
БАГШИЙГАА ЗАЛГАМЖИЛСАН ОНГОЦНЫ ДАРГА

Гавьяат нисгэгч, хурандаа Н.Баясгалан “Би олон шавь бэлдсэн. Бүгд л гадаад дотоодод сургууль төгсч ирээд хувь, хувьсгалын байгууллагад ажиллаж байна. Муу шавь бэлдэх боломжгүй. Машин бол явж байгаад янз бүрийн саатал гэмтэл гарлаа гэхэд зогсоод засварлана. Харин онгоцонд, нисгэгчид тийм боломж, эрх байхгүй. Аюулгүй байдлаас эхлээд хаана буух, цаг агаар ямар байх гээд учирч болох эрсдлийг алхам тутамдаа бодож тооцоолж байх хэрэгтэй. Манай Х.Энхжин оюуны өндөр потенциалтай, өөртөө шаардлага тавьж өөрийгөө дайчилдаг, нягт нямбай. Гадаад руу сургалтад явуулах хүмүүсээ цэргийн ангиас тусгайлан бэлтгэдэг бол Х.Энхжин хувиараа бэлдэж байгаад хамгийн өндөр оноог нь аваад АНУ-ын Нисэхийн академид суралцаад ирсэн.Багш хүний хувьд бахархахгүй байхын аргагүй” гэлээ.
Х.Энхжин ангийнхаа Нислэг удирдлагын хяналтын тасгийн даргын албыг хашиж байна. Тэрбээр 2011-2017 онд ОХУ-ын Сызранийн Нисэхийн дээд сургуульд нисгэгч инженер мэргэжлээр зургаан жил суралцаж төгссөн. Ирээд хойд хөршид үйлдвэрлэсэн 20 хүний багтаамжтай Ми7171Е нисдэг тэргийг жолоодох эрх авч байв. Үүний дараа хоёрдугаар нисгэгч, нисэх багийн дарга болжээ. Зэвсэгт хүчний 303 дугаар 2025 онд Герман улсын “Airbus Helicopters” компанид үйлдвэрлэсэн H145/MBB-BK117 D3 загварын нисдэг тэргийг, тусгай нэмэлт тоног төхөөрөмжийн хамт хүлээн авч анх удаа барууны стандартыг нутагшуулахад Х.Энхжин болон бусад нисгэгчид Герман, Малайз, Францад суралцаж эрхээ аваад одоо амжилттай жолоодож байна.

Хошууч Х.Энхжин алба үүрэг, ажлын хамт олныхоо талаар ярихдаа “Нисгэгч мэргэжлийг багаасаа хүсэж мөрөөдсөн. Нэр төртэй, үнэ цэнтэй сайхан санагддаг.
Нисгэгч хүн бүгдийг дээрээс нь хамгийн өндрөөс хардаг. Эх орон маань уул тал, ой хээр хосолсон үзэсгэлэнт байгальтай. Энэ бүхнийг онгоцныхоо цонхоор харахад баярлаж бахархаж, эх орноо улам их хайрлах сэтгэл төрдөг.
Энэ улс орны эд эс болсон хүн ард, ан амьтан, байгал дэлхийгээс эхлээд бүхий л амьтай бүхнийг аврахын төлөө алба үүргээ амжилттай биелүүлж, тэр нь улс орны тусгаар тогтнол бүрэн бүтэн байдалд бага ч болов нөлөө үзүүлсэн гэдгийг сонсох үгээр илэрхийлэх аргагүй мэдрэмж байдаг даа.
Ажил мэргэжил алба үүрэг маань сайхан ч гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс байдаг. Шөнө хэдэн цагт ч хамаагүй дуудагдаад явна, баяр амралтын өдрөөр гэртээ өнжих нь ховор. Хамгийн сүүлд Сэлэнгийн хээрийн сургуульд оролцоход 20 хоног тэндээ байрласан. Манай нисгэгчид 1-2 сар гэртээ харихгүй хээрээр явах үе бий. Тиймээс ар гэр л ойлгож, ар талыг дааж байж ажил амжилттай явдаг. Тиймээс нисгэгчдийнхээ, анги хамт олныхоо ар гэрт байнга л баярлалаа гэж хэлмээр санагддаг” гэсэн юм.
Х.Энхжин сорилттой, чадвар шаардсан нислэгт цөөнгүй удаа явжээ. Түүний нэг нь 5-6 жилийн өмнө Сүхбаатар аймагт дэлбэрэлт болж олон хүн түлэгдэхэд шөнийн нислэгээр шуурхай очиж авахаар болж. Гэтэл аймгийн нисэх буудал шөнийн гэрэлтүүлэггүй байсан учраас дөрвөн талаас нь машины гэрэл тусгаж байгаад газардаж хүмүүсээ аваад шөнөдөө буцжээ. Эрсдэл, ур чадвар шаардсан энэ нислэгт хошууч Х.Энхжин онгоц жолоодож явав. Түүнээс энэ талаар нь асуухад “Нислэг болгон адилгүй. Нислэг болгоноос шинэ зүйл сурч дадлагажиж тасралтгүй суралцаж байдаг. Тэр өдрийн шөнийн нислэг нэлээн ур чадвар, тэвчээр олон зүйлийг шаардсан л даа. Хүмүүсээ хотод хүргээд эдгэрсэн гэдэг мэдээг сонсох л сайхан мэдрэмж байдаг” гэлээ.
Агаарын цэргийнхэн зөвхөн төрд үйлчлээд болчихдоггүй. Дээр дурдсан гал ус, гамшиг осол гээд хил хязгааргүй дүүлэн ниснэ. Тэд онцгойгийн аврагчдыг унаа тэрэг хүрэхгүй газар хүргэнэ, зөөнө. Зарим үед түймэрт 20-30 хоног явна гээд хүмүүсийн тэр бүр мэддэггүй ажлын ард чимээгүйхэн хөдөлмөрлөж байдаг.







.jpg)
.jpg)


.jpg)

.jpg)



