Берлин хотын galerie son галерейд Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг толилуулж байна. Тодруулбал, аравдугаар сарын 21-ноос арваннэгдүгээр сарын 21-нийг дуустал Монголын керамик уран бүтээлч У.Одмаа, Н.Сүхбүрэн, каллиграфч О.Ням-Очир нар бүтээлүүдээрээ дэглэсэн „Α ба Ω – Эхлэлээс шинэ эхлэл рүү“ хамтарсан үзэсгэлэн толилуулж байна. Берлин хотын түүх, соёлын өвийн зүрхэнд, Хумбольдтын форумын яг эсрэг талд орших Шинкелплац 4 (Schinkelplatz 4) хаягт толилуулагдах энэхүү үзэсгэлэн нь Монгол орныг зөвхөн түүхэн өв, өнгөрсөн цагийн сүр хүчээр бус, өнөө цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээ, бүтээлч эрэл хайгуул, шинэлэг илэрхийллээр нь нээн харуулах онцгой боломжийг бүрдүүлж байна.
Тус үзэсгэлэнг Улаанбаатар хотод төвтэй Arts & Media Project Management & Consulting NGO (AMPMC) буюу “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, Берлин хотын galerie son галерейтай хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нар хүндэт зочноор оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр үзэсгэлэнг албан ёсоор нээж хэлсэн үгэндээ “Урлаг нь улс орны хил хязгаарыг давж, үе хоорондын зааг ялгаралгүйгээр хүмүүсийг холбох чухал гүүр болохыг онцолж, энэхүү үзэсгэлэнг манай хоёр орны урлаг, соёл хоорондын харилцааны тод илэрхийлэл” хэмээн тодорхойлов. Тэрбээр мөн төрийн айлчлал нь хоёр орны дипломат харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ иргэд хоорондын хэлхээ холбоо, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Галерейн үүсгэн байгуулагч хатагтай МиХён Сон нээж үг хэлэхдээ “Монголын орчин үеийн гурван уран бүтээлч ертөнцийн оршихуйн олон талт мөн чанарыг уран сайхны өвөрмөц илэрхийллээрээ нээн харуулж байна. Урлагийн гоо сайхан анир чимээгүйхэн мэдрэгддэг ч үзэгчдэд шинэ өнцөг нээж, гүн эргэцүүлэл төрүүлэн, ирээдүй хойч үеийнхэнд урам зориг өгөх хүчтэй байдаг. Үзэсгэлэнгээс төрсөн сэтгэгдэл, мэдрэмж үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдэх нь бидний хувьд хамгийн үнэ цэнтэй үр дүн юм” гэлээ.
Үзэсгэлэнд толилуулсан шинэ бүтээлүүдийг уран бүтээлчид “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ байгууллагаас зохион байгуулсан 2026 оны олон улсын уран бүтээлч солилцооны хөтөлбөрийн хүрээнд, Берлин хотын уран баримлын урлан bbk Berliner Bildhauerwerkstatt- д туурвив.


Төгсгөл хэзээ шинэ эхлэлийн үүдийг нээдэг вэ?
Хүн төрөлхтний оршихуй, цаг хугацаа, хувьсал өөрчлөлтийн мөн чанарыг хөндсөн энэхүү асуулт нь үзэсгэлэнгийн үзэл санааны гол цөмийг бүрдүүлж байна. Грек цагаан толгойн эхний болон сүүлчийн үсэг болох Альфа (Α), Омега (Ω) нь эхлэл, төгсгөл, дахин шинээр эхлэхийн хоорондын утга учир, харилцан шүтэлцээг бэлгэдэж, үзэсгэлэнгийн үзэл баримтлалын үндэс болжээ.
Гурван уран бүтээлч түүхэн ба соёлын сэдэв, хүн төрөлхтний оршихуй, амьдралын мөн чанар, оюун санааны ертөнцийг өөр өөрийн уран сайхны хэлээр шинээр тайлбарлан, үзэл санаа хэрхэн биет хэлбэрт шилжиж, хувьсал өөрчлөлт хэрхэн шинэ боломжийг нээдэг тухай уран бүтээлийн эрэл хайгуул хийжээ. Керамик баримлын эзлэхүүнт хэлбэр, хийсвэр уран бичлэгийн чөлөөт хөдөлгөөн, дүрслэлийн хэмнэл нэгэн орон зайд харилцан уялдаж, эхлэл ба төгсгөл, хүний оршихуй ба оюун санаа, материал ба дүрслэлийн хооронд олон давхар утга агуулгатай уран сайхны өвөрмөц харилцан яриаг өрнүүлнэ.
Берлиний алдарт Музейн арлын орчимд дэлгэгдэх „Α ба Ω – Эхлэлээс шинэ эхлэл рүү“ үзэсгэлэн нь Монголын орчин үеийн дүрслэх урлагийн бие даасан, өвөрмөц өнгө төрх, уран сайхны шинэлэг эрэл хайгуулыг олон улсын үзэгчдэд таниулах онцгой ач холбогдолтой юм.
Жеймс-Симон галерейд зохион байгуулагдаж буй „Чингис хаан ба Монголчуудын ертөнц“ үзэсгэлэнтэй нэгэн цаг үед дэлгэгдэх энэхүү үзэсгэлэн нь Монголын түүх, соёлын баялаг өвийг орчин үеийн уран бүтээлчдийн сэтгэлгээ, уран сайхны илэрхийлэлтэй зэрэгцүүлэн харах шинэ өнцгийг толилуулж байна.
Ийнхүү Монголын урлаг, соёлын түүхэн өв ба орчин үеийн бүтээлч сэтгэлгээ Берлиний музей болон галерейн орон зайд зэрэгцэн толилуулагдаж, Монголын урлагийн өнгөрсөн, одоо, ирээдүйн хооронд утга агуулгын шинэ харилцан яриаг өрнүүлнэ.
„Α ба Ω – Эхлэлээс шинэ эхлэл рүү“ үзэсгэлэн нь олон улсын урлагийн цуглуулагчид, кураторууд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд Монголын орчин үеийн дүрслэх урлагийн гурван уран бүтээлчийн бие даасан уран сайхны үзэл баримтлал, өвөрмөц илэрхийлэл, шинээр туурвисан бүтээлүүдтэй танилцах онцгой боломжийг бүрдүүлж байна.
Үзэсгэлэнгийн бүтээл туурвих үйл явц, зохион байгуулалт, олон улсын хамтын ажиллагааны уялдаа холбоог AMPMC байгууллага болон түүнийг үүсгэн байгуулагч, соёл, урлагийн менежер, куратор О.Оюунтуяа удирдан зохион байгуулж байна. Тэрбээр ХБНГУ-д Монгол Улсын Соёлын элчээр арав гаруй жил ажилласан туршлагатай ба хоёр орны соёл, урлагийн хамтын ажиллагааг дэмжин ажилладаг.

.jpg)
ҮЗЭСГЭЛЭНГИЙН МЭДЭЭЛЭЛ
Үзэсгэлэнгийн нэр: „Α ба Ω – Эхлэлээс шинэ эхлэл рүү“
Уран бүтээлч: О.Ням-Очир, У.Одмаа, Н.Сүхбүрэн
Куратор: МиХён Сон, О.Оюунтуяа
Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа: 2026 оны 10 сарын 21 – 11 сарын 21
Үзэсгэлэнгийн хаяг: galerie son
Schinkelplatz 4, 10117 Berlin, Germany
Метро: U5, Museumsinsel буудал
Галерейн ажиллах цаг: Мягмар–Бямба гараг, 11:00–18:00

















