-Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илт халдахуйц байршилд камер байршуулахыг хориглоно-

ХЭҮК-т ...“Ажлын удирдлагууд хүний хувийн орон зайд халдаж, урьдчилж мэдэгдэлгүйгээр амрах өрөөнд маань камер байршуулсан. Энэ үйлдэл хуульд нийцэх эсэхийг шалгаж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоож өгнө үү” гэх агуулга бүхий гомдол  .. аймгийн ..дугаар цэцэрлэгийн манаачаас гомдол иржээ. Гомдлын мөрөөр тухайн аймаг дахь ХЭҮК-ын албан хаагч газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албан тушаалтнаас тайлбар мэдээлэл авч, хяналт шалгалт хийсэн байна.

Тухайн иргэний ирүүлсэн гомдлыг шалгах явцад амралтын өрөөнд  хяналтын камер байршуулсан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчихөөс гадна Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаажсан зарим эрх нь ч  мөн зөрчигдөж байсан нь илэрч, улмаар энэхүү эрхээ давхар хамгаалуулж чадсан юм. Өөрөөр хэлбэл, манаачийг 72 цаг амарч, 24 цагаар ажилладаг, ажлаа хийж байхдаа унтаж буйг хянах зорилгоор байрлуулсан гэж тайлбар өгөв.

➡️1.Хөдөлмөрийн тухай хуульд, долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй, дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна. Нэг ээлжийн ердийн ажлын цаг найм, хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийг 4-өөс илүүгүй цагаар уртасгаж болно. Өөрөөр хэлбэл, ажилтны хоногт ажиллах цагийн дээд хязгаарыг 12 цаг байна гэж тогтоосон байдаг. Гэтэл манаач, галч нарыг 24 цагаар ажиллуулдаг нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм.

➡️2. Галч зуухыг галлаж барилгад дулаан нийлүүлэх үүрэгтэй учраас уурын зуух бүхий байгууламжийг түүний ажлын байр гэж үзнэ. Харин манаачийн үүрэг эд хөрөнгө, орчныг харж хамгаалах бөгөөд амрах өрөө түүний ажлын байр биш юм.    

Камерыг цэцэрлэгийн үндсэн барилгад нэмэлтээр барьсан, тусдаа хаалгатай, хоёр ор, ширээ сандал бүхий 5:5 хэмжээтэй манаач, галч нарт зориулсан “ахуйн байранд” суурилуулсан байна. Ахуйн байр гэдэг нь ажилтны ажиллах хэвийн нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн, хувцас солих, түр амрах, хооллох, дулаацах, усанд орох, бие засах зэрэг зориулалтын өрөөг хэлнэ гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заажээ.

➡️3.Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуульд “ариун цэврийн болон хувцас солих өрөө, караоке, зочид буудлын өрөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх өрөө зэрэг хүний халдашгүй,чөлөөтэй байх эрхэд илт халдахуйц байршилд дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглосон байдаг.

➡️Хуульд өөрөөр заагаагүй бол эдгээр байршилд дуу, дүрсийг хамтад нь бичих төхөөрөмжийг ямар ч үед хориглоно гэж заасан. Түүнчлэн цэцэрлэгийн эрхлэгч өрөөнөөсөө болон гар утаснаасаа камерыг хянадаг гэж тайлбар өгсөн бөгөөд энэ нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн үйлдэл юм.

Тиймээс уг тохиргоо, бичлэгүүдийг гэрчийн оролцоотой гар утаснаас устгуулж, дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг нэн даруй буулгахыг Комиссын гишүүн шаардлагадаа дурдсан.  

➡️Комиссын гишүүний шаардлагыг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэрхэн биелүүлснээ хуульд заасан хугацаанд Комисст бичгээр хариу ирүүлдэг учиртай. Тус цэцэрлэгээс 2025.04.15-нд ирсэн 06 тоот албан тоотод “Бид хүүхдийн аюулгүй байдал, хүүхэд хамгааллын бодлогыг сайжруулах зорилгоор цэцэрлэгээ камержуулсан. Гэвч туслах ажилтны амрах байрыг “ахуйн байр” гэж үзэхийг ойлгоогүйн улмаас гаргасан зөрчлөө арилгалаа.

➡️Мөн галч нартай харилцан тохиролцож 12 цагийн  ээлжээр, манаач нартай зөвшилцөж 8 цагаар ажиллуулж илүү цаг болон шөнийн нэмэгдлийг хуулийн дагуу олгохоор хөдөлмөрийн гэрээнд тусгалаа. Цаашид хуулийг чанд мөрдөж ажиллахаа илэрхийлье” гэжээ.

➡️Зорилго зөв ч үйлдэл буруу байх ёсгүй. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилго нь зөв ч “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч ялгаваргүйгээр хамгаалуулах эрхтэй” гэдгийг үйлдэл бүрдээ санаж ажиллах шаардлагатай юм.