Хэдхэн арван жилийн өмнө ураны салбарын хөгжлөөр ижил түвшинд байсан Монгол, Казахстан хоёр өнөөдөр огт өөр чиглэлд хөгжиж байна. Тухайлбал, Казахстан улс 2000-аад оны эхнээс ураны салбарт гаднын хөрөнгө оруулалт, орчин үеийн технологийг оновчтой ашигласнаар дэлхийд уран олборлолтоор №1 байр эзлэх болжээ.
Казахстан өнөөдөр жилд 20,000 тонноос дээш хэмжээний уран олборлож, дэлхийн нийт нийлүүлэлтийн 40 орчим хувийг дангаараа хангаж байна. Тус улс ураны олборлолтоо байгальд хамгийн ээлтэй гэж тооцогддог газар доогуур уусган олборлох (ISL) технологиор бүрэн шилжүүлсэн нь амжилтынх нь гол түлхүүр болжээ.
Монгол Улсад ч мөн ижил төрлийн ураны нөөцүүд бий. Гэвч олон нийтийн үл ойлголцол, бодлогын тогтворгүй байдал, мэдээллийн хомсдол зэрэг шалтгаанаар энэхүү салбар хангалттай хөгжөөгүй хэвээр байна.

Уг нь Монгол улс ч Казахстантай адил:
• Стратегийн ураны орд эзэмшдэг,
• Мэргэшсэн боловсон хүчин бэлдсэн,
• Газар доогуур уусган олборлох нөхцөл бүхий геологитой,
• Франц, Орос зэрэг цөмийн технологитой улсуудтай түншлэл тогтоосон.
Өнөөдөр Монголын өмнө ураны салбарыг ил тод, хариуцлагатай, олон нийтийн оролцоотойгоор хөгжүүлэх, Казахстаны жишгээр нүүрстөрөгч багатай эрчим хүчний ирээдүйд хөрөнгө оруулах түүхэн боломж байна.
Иргэдэд үнэн бодит мэдээлэл өгч, байгаль орчны аюулгүй байдалд хяналт тавин, дэлхийн жишигт нийцсэн ураны төслийг хэрэгжүүлэх нь зөвхөн эдийн засгийн бус, эрчим хүчний аюулгүй байдал, геополитикийн бие даасан байдлын чухал үндэс юм.