УИХ-ын гишүүн П.Сайнзориг төрийн албан тушаалтнууд цахим сүлжээнд төлбөртэй контент буюу бүүст хийхийг хориглох хуулийн төсөл санаачилсан. Тус хуулийн төслийнх нь талаар ярилцлаа.

-Улстөрчид төрийн байгууллагын коммуникацийг хувьчилж хийдэг. Түүнийгээ олон нийтэд төлбөр төлж идэвхжүүлж түгээх үйлдэл хавтгайрлаа. Таны санаачилсан хуулиар үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Иргэдийн үнэн зөв, бодит мэдээлэл авах эрхийг хангах асуудал яригдана. Хэвлэл мэдээллийн байгууллага аливааг мэдээлэхдээ хоёр талын байр суурь, баримт нотолгоон дээр үндэслэдэг. Мөн үйл явдлыг бодитоор харуулдаг мэргэжлийн үйл ажиллагаа шүү дээ. Гэтэл төрийн албанд ажиллаж байгаа зарим албан хаагчид маань өөрсдөө контент бэлтгэж байна. Тэр нь олон нийтэд ач холбогдолтой ажлын агуулга бага. Нэг хүний сурталчилгаанд зориулагдсан байдлаар мэдээллийг бэлтгэж хүргэхдээ төлбөртэйгээр идэвхжүүлдэг байдал түгээмэл байна.

Энэ нь нэг талаас иргэдийн мэдэх эрхийг зөрчихөөс гадна төрийн үйл ажиллагааг бодитоор хүргэхгүйгээр хэн нэгэн эрх мэдэл, албан тушаалтныг илт давуу байдлаар сурталчилж байгаа нь зохисгүй юм.

Мэдээллээ төлбөр төлж идэвхжүүлэх үйл ажиллагааны зарим хэсгийг тодорхой хэмжээнд үлдээж байгаа. Гэмт хэрэг зөрчил, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээллийг идэвхжүүлэх эрхийг нээлттэй үлдээнэ. Мөн сонгуулийн сурталчилгааны зөвшөөрөгдсөн хугацаанд төлбөр төлж мэдээллээ түгээж болно. Үүнээс бусад цаг үед цахим сүлжээнд оруулж байгаа мэдээллээ идэвхжүүлэхийг хязгаарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага мэдээллээ олон нийтэд таниулахдаа хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж түгээх нь зөв гэсэн үндсэн агуулгыг баримталж энэ хуулийн төслийг боловсруулсан.

Манай зарим төрийн байгууллага, улстөрчид нийгмийн сүлжээнд тохируулж ажил хийх, лайк, шэйр гуйх хүртлээ гажуудсан дүр төрх харагдсан учраас зохистой хэмжээний хязгаарлалт байх ёстой гэж үзсэн.

-Төрийн мэдээллийг хувь улстөрчид хувийн сошиал хаягаараа уралдаж мэдээлэх, өөрийгөө дөвийлгөж хэт нэг өнцөг барьж олон нийтэд түгээж байгааг судлаачид улс төрийн манипуляц хийж байна гэж дүгнэж байгаа л даа. Та бүхний судалгаагаар хэр их мөнгө мета руу урсаж байна вэ?

-Нээлттэй мэдээлэл буюу Meta Ad Library Report-оос харахад 2020 оны наймдугаар сараас хойш нийгэм, улс төр сонгуультай холбоотой 56900 орчим төлбөртэй идэвхжүүлэлт хийгдсэн байна.

Эндээс харахад Монгол Улс 2.2 сая гаруй ам.доллар буюу бараг найман тэрбум төгрөгийг төлбөртэй идэвхжүүлэлт буюу “бүүст”-д зарцуулсан байна.

Монголбанкнаас авсан мэдээллээр бол арилжааны банкууд иргэн, аж ахуйн нэгжийн гадаад төлбөр тооцоог олон улсын картын сүлжээ болон свифт  төлбөрийн системээр дамжуулан гүйцэтгэдэг. Энэ чиглэлээр арилжааны банкуудад свифт төлбөрийн системээр дамжуулан хийгдэж байгаа 50 мянган ам.доллараас дээш дүнтэй гадаад гүйлгээний мэдээллийг Төв банк хүлээж авч хянадаг. Үүнээс харахад мета платформын түнш байгууллагуудаас тус компани руу 2023 оноос хойш 12.1 сая ам.доллар шилжүүлсэн байна. Энэ дунд бизнесийн зорилгоор хандсан нь ч байна. Мөн улстөрчдийн өөрийгөө сурталчлахад зарцуулсан идэвхжүүлэлтийн төлбөр ч багтсан. Тоо статистикаас харахад бага мөнгө биш шүү дээ.

-Төрийн байгууллага, улстөрчид мэдээллээ хэвлэл мэдээллийн байгууллагаар түгээх зарчим руу орох юм бол алсдаа медиа салбарт ч эерэг нөлөөтэй байж таарна?

-Шууд хэвлэлийн эрх чөлөөг хамгаална гэж хэлж чадахгүй. Гэхдээ төрийн байгууллага, улстөрчид өөрсдөө контент бэлтгэж төлбөртэй идэвхжүүлэх биш мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан бодит мэдээлэл түгээх хэрэгтэй. Хувь хүний сошиал сүлжээнээс гадна төрийн байгууллагын пэйжийг ашиглаж байгаа нь зохисгүй.

Дахин хэлэхэд, хуулийн хамгийн том зарчим бол төрийн мэдээллийг манипуляц хийж иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэхээс сэргийлж иргэдийн мэдэх эрхийг хамгаална гэж харж байна. Төрийн байгууллага, албан тушаалтнууд ажлаа зохистой хэмжээнд хүргэж хэвших шаардлагатай. Нөгөө талдаа Монгол Улсаас гадагшаа гарч байгаа валютын урсгалыг хязгаарлах боломжтой.

Зарим улстөрч хувиасаа зардлаа гаргаж байгаа гэх боловч төрийн байгууллагын пэйж хуудсыг төлбөртэйгээр идэвхжүүлж байгаа тохиолдол бий. Цаашид ийм байдлаар явах шаардлагагүй гэж үзэж байгаа.

Мөн Монгол Улсыг харж ажиглаж авлигын төсөөллийн индекс болон тодорхой чиглэлийн тайлан, мэдээлэл гаргадаг олон улсын байгууллагууд төрийн албан ёсны вэб сайт, үйл ажиллагааны агуулгыг эх сурвалжаа болгодог. Гэтэл тэр мэдээлэл нь дандаа нэг талыг баримталсан сурталчилгааны хэлбэртэй, улс төрийн өнгө аястай, үндсэн агуулгаасаа гажсан байж болохгүй шүү дээ. Жишээлбэл,зөвхөн нэг салбарыг харахад л  мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх чиглэлийн ч гэдэг юм уу олон улсын шинжтэй мэдээ мэдээллийг төрийн аль байгууллага хэрхэн мэдээлж байна вэ гэдгийг харж ажиглаж байдаг.

-Гишүүд ихэнх нь пэйждээ тогтмол бүүст хийдэг. Дэмжих болов уу?

-Гишүүд харьцангуй дэмжих болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Эсэргүүцэх хэсэг байлаа ч цөөн болов уу гэж харж байна. Бид ямар ажил хийж буйгаа олон нийтэд хүргэх нь зөв. Гэхдээ маш зөв зохистой хэмжээгээр, хэвлэл мэдээллийн байгууллагаар түгээж болно. Төлбөртэйгээр идэвхжүүлэхээс илүү органикаар түгээх хэрэгтэй. Тэр дундаа бодит гэхээс илүү улс төрийн өнгө аястай мэдээлэл түгээгээд байхаар нийгэм, олон нийт ч улстөрждөг. Үндсэндээ агуулгаас илүү нэг хүнийг сурталчилсан гоё ганган зураг авалттай, улс төрийн өнгө аястай мэдээлэл элбэг байна шүү дээ. Энэ байдлыг хамтдаа засаад цаашаа зөв бодлогоор явах ёстой. Хийсвэр мэт мэдээлэл яваад байхаар бодит шүүмжлэл өрнүүлж чадахгүй хэлбэрийн юмуу сэтгэлгээний ядууралд орох талтай. Улс үндэстнээрээ сэтгэлгээний ядууралд орж алсыг харж чадахгүй болсон жишээ Европоос эхлээд байна шүү дээ.

-Олон улсад энэ нөхцөл байдал ямар байдаг юм бол?

-Мета-гийн төлбөртэй сурталчилгааны мэдээллийг судлахаар ихэнх нь улс төрийн хувьд тогтворгүй улс орнууд их хэмжээгээр идэвхжүүлэлт хийдэг юм байна. Бид үүнийг даган дуурайх шаардлагагүй, зөв зохистой хэмжээнд ажиллаад явах шаардлагатай. Харин бодит мэдээлэл хүргэдэг газрууд мета-д мөнгө төлдөггүй. Мэдээллийг эрж хайж сонирхож байгаа газрууд нь найдвартай эх сурвалжаасаа бодит мэдээллээ авчихдаг.

-Төрийн байгууллагууд дэргэдээ бүрэн хэмжээний сайт, сонин, сэтгүүл, студи, олон тооны сэтгүүлч ажиллуулж бүтэн хэмжээний продакшнтай болсон. Үүнийг та хэрхэн хардаг вэ?

-Хэвлэл мэдээллийн байгууллага байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх хоёр өөр. Үйл ажиллагаагаа иргэд олон нийтэд хүргэх шаардлага байгааг үгүйсгэхгүй. Зөв зохистой хэмжээнд яваа нь ч бий эсрэгээрээ орон тоо бүтэц нэмж хэт хавтгайрч байгаа тохиолдол ч байгаа.

Энэ мэтээр төр дэргэдээ хэвлэл мэдээллийн байгууллагатай дүйцэхүйц хэмжээний студи, хэвлэл мэдээллийн төв байгуулаад контент бэлтгээд ажиллаж байгаад шүүмжлэлтэй ханддаг. Энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах гэхээсээ илүү хувь улстөрч, төрийн албан хаагчийн имиджийг тодруулж гаргах агуулгаар хийгдээд байгаа нь учир дутагдалтай.

Олон нийтийн хандлагад ч зарим талаараа сөрөг нөлөө үзүүлж, иргэдийн мэдэх эрхэд халдаж байх талтай. Цааш утгаараа хувь хүнийг олон нийтэд таниулах зэргээр улс төрийн  шударга бус өрсөлдөөн ч харагддаг.

Төрийн байгууллагууд холбогдох хууль тогтоомжоороо вэб сайт ажиллах ёстой. Төрийн байгууллагуудын дэргэд судалгааны хүрээлэнг дагасан академик эрх чөлөөг дэмжсэн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл нийтэлдэг сэтгүүлүүд бий. Зохистой хэмжээнд байх ёстой гэж хардаг. Харин манипуляц хийх өөрсдийгөө хэт их дөвийлгөх байдлаар төрийн ажлыг хийж болохгүй.