Олон улсын судлаач, шинжээчдийн “Varieties of democracy” (V-Dem) байгууллагаас 179 орныг хамруулсан “Ардчиллын тайлан 2025”-д манай улсыг “автократ” хэмээн үнэлээд буй. Ийнхүү сүүлийн долоон жилийн турш манай ардчиллын үнэлгээ үндсэндээ тасралтгүй буурч, 2023 онд “ардчиллын индекс нь мэдэгдэхүйц доошилсон” орнуудын нэг болсон бол өнгөрсөн онд сонгуулийн ардчилсан дэглэмээс “саарал бүс” рүү шилжээд байсан юм. “Саарал бүс” гэдэг нь ардчилсан бус дэглэм рүү халтирч мэдэх эрсдэлтэй, тодорхойгүй, дундын ангилал бөгөөд өнгөрсөн жилээс бий болгосон нэр томьёо, ойлголт юм. Тэгвэл энэ удаа манайх “саарал бүс”-ээс сонгуулийн автократ буюу ардчилсан бус дэглэмтэй улсуудын ангилал руу уначихсан.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Бум-Очир хөндсөн юм. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Бум-Очир дараах байр суурийг илэрхийлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Н.Учрал нар хариулт өгөв.

Д.Бум-Очир: -Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг олон нийтээр хэлэлцүүлээгүй гэж аудитын байгууллагаас дүгнэсэн байна. 2024 оны төсөвт тусгасан төсөл, арга хэмжээнүүдийг батлахдаа ч олон нийтийн оролцоог хангаагүй гэж. Энэ нь аудитын дүгнэлт төдий боловч ноцтой асуудлууд дагуулж байна. “V-Dem” байгууллагаас гаргасан ардчиллын тайлангаар Монгол Улс жил бүр ухарч байна. Дэлхийн ардчиллаас хоёр орныг алдлаа гэж тодорхойлсны нэг нь манай улс, нөгөө нь Энэтхэг. 1990 оны хувьсгалын үр дүнгээр олж авсан бидний хамгийн үнэт зүйл бол ардчилал. Гэтэл олон улсын байгууллагаас биднийг ардчилсан биш, “автократ” хэмээн үнэлчихлээ. Бүр “Парламентын ардчилалтай боловч автократ дэглэмтэй” гэж дүгнэсэн байна. Иймд бид энэ чиглэлээр тусгайлан ажиллах шаардлагатай.  Юу нь болохгүй байгааг судлах хэрэгтэй. Ингээд л байр хойшлоод, ардчиллаас ухрах гээд байгаа юм уу. Олон улсад биднийг эдгээр индекс, үнэлгээ л тодорхойлдог шүү дээ.

Л.Оюун-Эрдэнэ: -Олон улсын хэмжээнд гаргадаг зарим үнэлгээгээр манай улс ухарсан, бас сайжирсан. Нээлттэй, бас хаалттай ярилцаж, парламентын гишүүдтэйгээ хамтдаа ярилцах зүйлс ч бий. Олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, үнэлгээ, индексийн задаргааг нягталж харвал манай хэд хэдэн индекс геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор асуудлууд дагуулсан. Украины асуудлаас үүдэн Оросын эсрэг манай улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн. Тухайн үед Энэтхэг ч ийм санал гаргасан. Бидний хувьд уг асуудлыг ҮАБЗ болон УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хороогоор 3-4 удаа хэлэлцэж байж байр сууриа илэрхийлсэн. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлдэг. Гэхдээ бид дэлхийн хоёр том гүрний дунд парламентын засаглалтайгаар оршдог. Тиймдээ ч сүүлийн 2-3 жилд “Аавыгаа сонгох уу, ээжийгээ сонгох уу” гэдэг шиг төвөгтэй байдал үүссэнийг бид дотроо илэн далангүй ярилцах ёстой. Гэхдээ Монгол Улс өөрийнхөөрөө бодлогоо тодорхойлж, парламентаараа хэлэлцэж явахгүй бол манай аюулгүй байдалтай холбоотой эрсдэлтэй асуудлууд үүсдэг. Мэдээж биднээс шалтгаалсан алдаа, оноо бий. Иймд индексүүдийг цогц байдлаар, ямар аргачлалаар үнэлэх вэ, ойлголтоо хэрхэн цэгцлэх вэ гэдэг нь чухал.

Н.Учрал: -Бид өөрсдийн гэсэн нэг үнэлгээтэй болох ажлыг эхлүүлсэн. Ардчиллын болон авлигын төсөөллийн индексээр байр урагшилъя гэвэл бид хоёр шаардлагыг биелүүлэх ёстой. Нэг төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах хууль, эрх зүйн орчин бүрдүүлж, бие даасан хуультай болгох, нөгөө нь олборлох салбарын ил тод байдлын санаачилгыг дэмжих ёстой гэсэн шаардлага юм. Энэ хоёр асуудалтай холбоотой хуулийн төслүүдийг хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлнэ. Ингэснээр индексүүдийн үнэлгээнд эерэгээр нөлөөлнө.