МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн зөвлөх профессор, хөнгөн атлетикийн спортын мастер Л.Уртнасантай ярилцлаа.

-Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуулийн 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Алдартнуудын өргөө болсон энэ сургуулийн шанг татсан эрхмүүдийн талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улс биеийн тамирын салбарын боловсон хүчнээ бэлдэхийн тулд 1940 онд Ардын биеийн тамирыг удирдах зөвлөлөөс шийдвэр гаргаж найман хүнийг ЗХУ-руу илгээсэн байдаг. Тэдгээрт багтсан Б.Жигмэддорж, Л.Чимэддорж нар эх орондоо орчин үеийн биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлсэд түүчээлэн оролцсон.

Биеийн тамирын анхны тэнхим 1955 онд Улсын багшийн институтийн дэргэд байгуулагдаж таван багш, 30 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн.

Ингэж л Биеийн тамирын сургуулийн үндэс суурь тавигдсан түүхтэй. Б.Жигмэддорж багш биеийн тамирын тэнхимийн анхны эрхлэгчээр ажилласан байдаг. Улмаар 1963-1968 онд Биеийн тамирын дээд сургууль болж Спортын төв ордонд хичээллэж байсан. Нийт таван тэнхим, 30 гаруй багш, 300 гаруй оюутантай үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдэг. Б.Жигмэддорж багш энэ үед ч захирлаар нь ажиллаж байсан. Дараа нь биеийн тамир, урлагийн факультет болж манай урлагийн томчууд сурч төгсөж байлаа. Би тэр үеийн оюутан юм.  

-Анх чамлахааргүй их оюутан элсэж байжээ?

-30 оюутан элсэж 28 оюутан төгссөн байдаг. Манай сургууль 1955-1989 он хүртэл зөвхөн биеийн тамирын багш бэлтгэсэн. Хэсэг хугацаанд биеийн тамир, цэрэгжилтийн багш бэлтгэж байсан нь бий. Хүйтэн дайны үед цэрэгжилтийн багш бэлтгэж байсан хэрэг.

Боловсон хүчин бэлтгэнэ гэдэг өөрөө нийгмийн захиалга байдаг.

Энэ ч хүрээнд бид Биеийн тамир, эрүүл мэндийн багш гэдэг хос мэргэжлээр бэлтгэсэн. Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээл орох шаардлага үүссэн учир бид багшаа бэлдсэн юм. Ийм нөөц боломж ч нь манай сургуульд байсан. Хүний их эмч мэргэжилтэй багш нартай учир эрүүл мэндийн багш бэлтгэхэд хамгийн дөхөм тэнхим нь манай сургууль байсан.

-Хэзээнээс дасгалжуулагч бэлтгэж эхэлсэн бэ?

-Өмнө нь дасгалжуулагчаар голдуу социалист орнуудад төгсөж ирдэг байлаа. Бид 1989 оноос эхлэн спортын дасгалжуулагч бэлтгэж эхэлсэн. Анх хөнгөн атлетик, чөлөөт бөхөөр дасгалжуулагчдыг бэлтгэсэн. Их мундаг хүмүүс төгссөн байдаг юм. Чөлөөт бөхийн дасгалжуулагчийн ангийг гэхэд “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч, гавьяат Ц.Хосбаяр, Улсын гарди Пунцагийн Сүхбат, Ц.Баярсайхан заан зэрэг олон гавьяатууд төгссөн. Хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар гавьяат Отгончимэг, манай сургуулийн Спортын тэнхимийн багш, доктор, дэд профессор, хөнгөн атлетикийн спортын мастер Д.Баярлах гээд Монголын хамгийн л сайн тамирчин оюутнууд төгссөн. Улмаар 2004 оноос Спорт аялал жуулчлалын ангитай болсон. Спорт аялал жуулчлалын мэргэжилтнүүд хэрэгтэй байна гэж үзэж энэ ангийг нээж байсан.  

-Монголд Биеийн тамирын сургууль л мэргэшсэн спортын сэтгүүлч бэлтгэдэг. Энэ ангийг нээх болсон талаараа хуваалцаач?

-ОХУ-ын туршлагаас судалж, спортын сэтгүүлч бэлтгэх нь зүйтэй юм байна гэж үзсэн. Спортын тайлбар ч мэргэжлийн бус байсан үе л дээ. Нэр томьёо, өгч буй мэдээллүүд нь алдаа мадаг ихтэй байдаг байлаа. Энэ нь спортын сэтгүүлчийн ангийг нээх нэг шалтгаан болсон. Спортын сэтгүүлч бэлтгэж эхэлснээр хүмүүс мэргэшиж байна. Спортын төрөл бүрд мэргэшсэн тайлбарлагчид бий болж.

Спортын сэтгүүлч, тайлбарлагч ямар чухал үүрэгтэй вэ гэдгийг үзэгч, сонсогчид ч ойлгодог болсон байна.  

-Атлетик карьер гэх шинэ ангийг нээсэн. Анхны төгсөгчид нь олимп, тив, дэлхийн аваргууд байгаа нь сонирхолтой санагдаж байлаа?

-Тамирчны амьдрал гэдэг амаргүй. Яг л залуу сайхан насандаа амжилтаа бүтээдэг тул сурах боловсрох цаг зав хомс. Тиймдээ ч тамирчны карьер дуусахад мэргэжил эзэмшиж чадаагүй үлддэг. Суралцмаар байвч оройтсон эсвэл амьдрал зохиох нас нь ирчихдэг. Манай сургууль үүнийг олж харсан. Тамирчдын нийгмийн асуудлын талаар судалгаа ч хийсэн. Судалгаагаар тамирчны карьер дуусахад тэд нийгэмд ямар ч байр суурьгүй үлдэж байна, ажиллах боломж бололцоо хомс байна гэдэг дүгнэлт гарсан.

Энэ үндсэн дээр өндөр зэрэгтэй тамирчдад зориулсан атлетик карьер гэх ангийг нээсэн юм. Тамирчид карьерынхаа дунд болон сүүл үедээ суралцаж богино хугацаанд онолын мэдлэг эзэмших боломжтой. Дөрвөн жилийн бакалаврын сургалтыг хоёр жилийн сургалтаар өгч байгаа. Тэд төгсөөд өөр өөрсдийн спортын чиглэлээр тамирчин бэлтгээд явах бүрэн боломжтой юм.

Атлетик карьерын ангийг Монголын сор болсон тамирчид төгссөнд бахархдаг.  

-Биеийн тамирын сургуулийн оюутнуудын дунд хүүхдийн бие бялдарт хийсэн судалгаагаар эрдэм шинжилгээний хурлууд болдог. Оюутнуудаас ихээхэн чармайлт шаарддаг шиг санагдсан шүү.

-Манай сургууль оюутнуудад нэг, хоёрдугаар курст нь хувийн спортынхоо ур чадварыг дээшлүүлэх, ерөнхий боловсролын сургуульд заадаг спортын төрлүүдийг хүүхдэд үзүүлэх, заах, түүний алдааг олж харах, хэрхэн эзэмшүүлэх вэ гэдэгт суралцах суурийг нь тавьж өгдөг. Гурав, дөрөвдүгээр курст заах аргад суралцдаг. Төгсөх курст багшлах дадлага хийхдээ заавал хүүхдийн бие бялдар, хөдөлгөөний бэлтгэлжилтийн судалгаа хийх ёстой байдаг. Энэхүү судалгаагаараа оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, туршлагаа хуваалцдаг. Бид багшлах дадлагынхаа үр дүнгээр ч эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байлаа. Хичээлүүд дээр хүүхдийн бие бялдрын хөгжлийн судалгааг нь хэлэлцэх нь ч олонтоо. Үүний үр дүнд оюутнуудын аливаад тооцоо судалгаатай хандах чадвар өргөждөг гэж бодож байна.

Оюутны эрдэм шинжилгээний хурал жилд хоёр удаа болдог. Манай эмч багш нар “Эрүүл биед саруул ухаан оршино” гэх эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг. Анх зөвхөн биеийн тамирын сургуулийн хүрээнд болдог байсан бол одоо МУБИС төдийгүй бусад сургуулийн оюутнууд ч оролцох болсон. Мөн биеийн тамир спортын чиглэлээрээ оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна.

Харин манай багш нар үйл ажиллагааны хоёр чиглэлд хуваагдан ажилладаг. Залуу багш нар маань спортынхоо ур чадвараар тамирчин бэлтгэх, хүүхдүүдээ тэмцээн уралдаанд оролцуулах чиглэл рүүгээ түлхүү анхаарч ажилладаг. Туршлага суух тусмаа эрдэм судлалын ажил руу шамдаж эхэлдэг. Ер нь тамирчин бэлтгэнэ гэдэг шинжлэх ухааны мэдлэг ихээхэн шаарддаг ажил. Тиймдээ ч манай сургуулийн багш нарын 60-аад хувь нь докторын зэрэг хамгаалсан. Эрдмийн зэрэгтэй багш нарынхаа тоогоор МУБИС-даа хоёрдугаарт ордог.

-70 жилийн түүхт Биеийн тамирын сургууль энэ хугацаанд хэчнээн оюутан төгсгөв?

-5000 гаруй оюутан төгссөн байна. Түүний 3800-аад нь биеийн тамирын багш бусад нь сэтгүүлч, спорт, аялал жуулчлалын мэргэжлээр төгсжээ.

-Төгсөгчдөөс зургаан Хөдөлмөрийн баатар, 100 гаруй гавьяат төрөн гарсан гэх сэтгэл хөдөлгөм баримт байна л даа. Үнэхээр л Монголын спортын бүх алдартнууд энэ өргөөд бойжиж ээ?

-Яах аргагүй л манай төгсөгчид Монголын биеийн тамир, спортын салбарыг түүчээлж, их амжилтын эзэд болсоор иржээ.

Өнгөрсөн хугацаанд манай сургуулиас Ардын багш найм, Хөдөлмөрийн баатар зургаа, гавьяат тамирчин 57, гавьяат дасгалжуулагч 58 төрөн гарсан байна. Манай улс олимпоос 30 гаруйхан медальтай, үүний есийг нь манай сургуулийн төгсөгчид хүртсэн байгаа юм. Зуун солигдох үед хорьдугаар зууны шилдгүүдийг таван номинациар шалгаруулсан. Түүний шилдэг тамирчин, шүүгч, эрдэмтэн, бөх гэсэн дөрвөн номинацийг манай сургуулийн төгсөгч, багш нар авсан байдаг.

Сургуулийнхаа 70 жилийн ойд зориулсан номыг бичиж байхдаа үнэхээр их бахархаж байлаа. Бид энэхүү номоо “Алдартны өргөө” гэж нэрлэсэн. Энэ нь ч дээрх амжилтуудаар батлагдаж байгаа гэж бодож байна.

-Спортын гавьяат багш цолоор хамгийн анх шагнуулсан хүмүүс мөн л Биеийн тамирын сургуулиас тодорсон гэдэг байх аа.

-1941 онд БНМАУ-ын гавьяат багш цолыг бий болгож манай сургуулийн дөрвөн багшийг шагнасан байдаг. Б.Жигмэддорж, Л.Чимэддорж, Р.Зориг, П.Рэнцэндорж нарын багш нар маань энэ шагналыг хүртсэн хамгийн анхны хүмүүс юм.

Ер нь Монголын хамгийн сор болсон тамирчид манай сургуульд багшилж байсан. Цолмон гээд ЗХУ-д уран гулгалтаар төгсөж ирсэн манай гимнастикийн багш байлаа. Орос хэл дээрээс олон ч ном орчуулж оюутнуудын гарын авлага болгосон доо. Багшлаад зогсохгүй Хүний мөр, Түмний нэг зэрэг кинонд тоглосон байдаг. 1968 оноос хойш багшилсан гавьяат О.Уранчимэг багш маань байна. Сагсан бөмбөгийн, Цогт, волейболын Дэмчиг гэж багш нар байлаа. Миний багш болох хөнгөн атлетикийн Дамдинсүрэн гэж багш байлаа.

Хөнгөн атлетик эрэгтэй, эмэгтэй тус бүр 24 төрөлтэй. Тэдгээрийг агуулсан хөнгөн атлетикийн 10 төрөлтийг Дамдинсүрэн багш маш гоё үзүүлнэ, заана. Түүний тогтоосон улсын дээд амжилт өнөөдөр хүртэл эвдэгдээгүй. Бид багшийгаа үнэхээр шүтэж, бахархдаг байлаа. Дараа нь З.Ойдов, Д.Сэрээтэр, Ж.Даваажав багш нарынхаа тэнхимийн эрхлэгч байв. Энэ мэтчилэн олон сайхан хүмүүстэй хамт ажиллаж, өөрийгөө хөгжүүлж, сургуулиа хамт хөгжүүлж явснаа ховорхон аз завшаанд тооцож явдаг даа.

-Таны тамирчны замнал хэрхэн эхэлж байв?

-Би хүүхэд байхаасаа л хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг байлаа. Унаган хотын хүүхэд. 12 дугаар дунд сургуулиа төгсөөд “Алдар” нийгэмлэгт тамирчнаар ажилласан. Улмаар 1981-1985 онд УБДС-даа суралцаж, багшаар үлдсэн.

Хөнгөн атлетикийн 400 метрт Монгол Улсын амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоож . Мөн 4*400 метрт улсын амжилтыг шинэчлэн тогтоосон. 20 гаруй удаа улсын аварга болсон.

Социалист орнуудын тэмцээнд ч оролцож байлаа. Сургуульдаа багшаар үлдэж тамирчны замналаа орхисон. Хөнгөн атлетикийн багшаар ажилласан гурван жилийн хугацаандаа хоёр дэд мастер бэлдсэн. Үүнээс хойш хөнгөн атлетик бус биеийн тамирын сургалтын арга зүй буюу тухайн үеийнхээр бие бялдрын хүмүүжлийн онол арга зүй хичээл зааж эхэлсэн. Сургалтын арга зүйтэй холбоотой ажлуудыг илүүтэй хийж эхэлсэн л дээ. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, сургалт стандарт, мэргэжил дээшлүүлэх сургалт зэргийг илүү хариуцдаг болсон юм. Багш нар болоод төгсөгчдийнхөө хамтаар Биеийн тамирын багш ном тэргүүтэй арваад ном эмхлэн гаргажээ. Хөтөлбөр стандартыг сайжруулах ажлыг жил бүр ахалж оролцдог. Манай төгсөгчид бол ЕБС-ийн багш. Тэдгээрийг хөгжүүлэх нь бидний салшгүй үүрэг юм.

-Та сургуулийнхаа 40 жилийн түүхийг бүтээлцжээ. Чамлахааргүй хугацаа шүү.

-Тийм шүү. Одоо сургуульдаа зөвлөх профессороор ажиллаж байгаа. Хүүхэд, залуустай ажилладаг болохоор бодол, сэтгэлгээ залуугаараа л байх шиг санагддаг юм. Манай биеийн тамирынхан чинь сэтгэлийн хөдөлгөөн ихтэй сайхан хүмүүс байдаг юм. Амжилт бүтээл нь нүдэн дээр ил харагддаг болоод ч тэр үү их сайхан санагддаг. Их гоё мэргэжил дээ. Би таньдаг хүмүүстээ хэлдэг юм. “Багш больё гэвэл биеийн тамирын багш болоорой, хамгийн гоё нь шүү” гэж. Мэдээж хэцүү зүйл бий ч сайхан зүйл олон. Харин оюутнууддаа “Шинжлэх ухаан технологи хөгжихийн хэрээр хамгийн хэрэгтэй нь биеийн тамирын багш болно. Хүн амьдрал нь сайжраад сайхан болохын хэрээр чамайг хувийнхаа дасгалжуулагчаар авна. Хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг болсон энэ цаг үед та бүхний мэргэжил хамгийн хэрэгцээтэй нь. Харин өндөр мэдлэгтэй, чадварлаг байх нь чухал шүү” гэдэг юм. Хүүхдүүд нүд нь сэргээд л их дуртай байдаг.  

-Цаашдаа сургуульдаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй гэж харж байгаа вэ?

-Бид сургалтын хөтөлбөрүүдээ нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж дөрвөн жил тутамд шинэчилдэг. Харин суралцах материаллаг орчны хувьд дутагдалтай зүйлүүд бий. Жишээ нь бид сургуулиа олон улсад магадлан итгэмжлүүлье гэхээр манай сургалтын орчин хангалтгүйд тооцогддог. Жишгээрээ бол биеийн тамирын сургууль заавал цэнгэлдэх хүрээлэн, усан бассейнтай байх ёстой юм.