
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын өндөр настан, малчин Бат-Очирын Лхагвыг мал аж ахуйн салбарт 68 жил тасралтгүй ажиллаж, ХАА-н салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат гардууллаа. Б.Лхагва гуай 1956 онд нэгдэл нийгэмдээ малаа нийгэмчилж нэгдлийн гишүүн болсон. Энэ хугацаанд 1970–1980 онд энх сүрэгтнээр 10 удаа, 1974-1981 онуудад тасралтгүй сумын Аварга саальчин, 1980- 1985 онд Аварга төлчнөөр таван удаа, ямааны ноолуурын аваргаар гурван удаа, Аймгийн ашиг шимийн аваргаар гурван удаа шалгарч байсан хөдөө аж ауйн салбарын тод төлөөлөл болсон эрхэм буурал юм.
Б.Лхагва нь 1970 оноос мал маллаж өөрийн үйл ажиллагаанд аварга тэргүүний малчдын арга туршлагыг бүтээлчээр нэвтрүүлж БНМАУ-ын Хошой аварга малчин Г.Риймэдийн “Бог малыг таргалуулдаг арга туршлага” , ахмад тэргүүний хоньчин Л.Ёндонгийн “Бэлчээрийг нөөцлөн хуваарилан ашигладаг” , ахмад тэргүүний малчин Т.Эмээлийн “Төл малыг онд бүрэн оруулдаг” туршлагуудыг мал маллах арга ухаандаа үр ашигтай нэвтрүүлэн ажиллаж залуу үедээ одоог хүртэл сургаж уламжлуулан мал маллаж байна. Мөн зорилтот бүлгийн олон айл өрхийг малжуулж нутаг усандаа алдаршсан ахмад малчин юм.