Бид хөвгүүддээ охидыг зодож цохиж болохгүй гэж сургадаг шигээ охиддоо ч бас хөвгүүдийг цохиж, зодож болохгүй гэдгийг, хэн хэн нь тэгш эрхтэйг ойлгуулах шаардлага тулгарчээ. Учир нь цахим орчинд тавигдаж байгаа бичлэгүүдэд бусдыг дээрэлхэж байгаа хүүхдүүдийн ихэнх нь охид байх болжээ. Бусдыг элдэв хэлбэрээр бүлэглэн буллиддэг, зоддог, гуяыг нь бахиар хавчиж тарчлаан зовоодог охидын бичлэгүүд сүүлийн өдрүүдэд хөвөрч, нийгмийг айдаст автууллаа. Энэ талаар цахим орчноос эхлээд парламентын төвшинд авч үзэж, хэлэлцэж байна.
Хэзээ ч газар авч, хүлээн зөвшөөрч болохгүй асуудал учир энэ нь ч зүйн хэрэг.

Харин асуудлыг ул суурьтай, том зургаар нь авч үзэж, ялангуяа хөвгүүд охидод илүүтэй хүчирхийлүүлж байгаа асуудлыг гэр бүлийн хүмүүжлийн төвшинд ярих шаардлага тулгарчээ.

Эрэгтэй хүн хүчтэй учир эмэгтэй хүнийг хайрладаг, халамжилдаг байх ёстой зэрэг жендерийн хэвшмэл ойлголтоос үүдэлтэй дээрэлхэлтийг бид энэ цаг үед хамтад нь ярьж, шийдэл олох хэрэгтэй.

Тэр дундаа сургуулийн орчинд охид хөвгүүдийг алгадах, цохих, маажих, бал гар хөлөнд нь зоох зэрэг харахад жижиг мэт ч том асуудлын суурь болж байгаа дээрэлхэлтийн дүр зураг маш олон. Тиймээс эцэг эхчүүд бид хүйсийн ялгаатай байдлаас нь үл хамаарах тэгш эрхийн талаарх ойлголтыг үр хүүхдэдээ зөв үлгэрлэж, зааж зааварлах шаардлагатай байна.

Үе тэнгийн дээрэлхэлт өнөөдөр гэнэт гараад ирсэн асуудал биш. Сурагчдын дунд дээрэлхэлт их байгаа талаар өмнө нь хийсэн судалгаанууд ч бидэнд хэлдэг байсан. Писсагийн 2022 онд 15 настай сурагчдын дунд хийсэн судалгаагаар монгол хүүхдүүдийн 5 хүүхэд тутмын 1 нь дээрэлхэлтэд өртдөг бол 10 хүүхэд тутмын 1 нь байнга өртдөг гэж дүгнэжээ. Энэ нь Хонконг, Солонгос зэрэг Азийн ихэнх орнуудаас өндөр үзүүлэлт юм.

Түүнчлэн охидын дунд дээрэлхэлт илүү их байгаа нь охидынхоо төлөвшилд анхаарах болсныг харуулж байна.

Мөн хүчирхийлэлд өртсөн 10 эрэгтэйн 1 нь хуулийн байгууллагад ханддаг гэх судалгааг Азийн хөгжлийн банкнаас гаргажээ. Түүнчлэн эрчүүд эдийн засаг, бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн ч хүчирхийлэл хэмээн хүлээн зөвшөөрдөггүй гэсэн судалгаа ч бий. Бас л манай орны жендерийн хэвшмэл ойлголттой холбоотой. Цэцэрлэг, сургуулиас эхлэлтэй хүчирхийлэл урт хугацаандаа хөвгүүд, эрчүүдийг ийн хүлцэнгүй болгож байгаа нь эдгээр судалгаанаас харагдаж байна. Нөгөө талд охидынхоо хүмүүжлийг “гээснийг” харуулж байна. Энэ нь хөвгүүдийг өрөвдөж хайрлаач гэсэн үг биш. Харин хүү, охин гэж ялгалгүй хэн хэнд нь тэгш эрх, тэгш боломж олгож үр хүүхдээ эн тэнцүү хүмүүжүүлье.