Монгол хүний сайн сайхан байдлын түвшинг анх удаа хэмжжээ.

Сайн сайхан байдал гэдэг нь нэг талаас хувь хүн болон нийгэмд мэдрэгддэг эерэг төлөв байдал, нөгөө талаас амьдралын чанарыг хамгийн өргөн хүрээнд илэрхийлсэн ойлголт болохыг энэхүү цогц, үндэсний хэмжээний судалгааг хийсэн “Оптимал Эн Макс” ХХК-ийн дэд захирал Г.Мандухай тайлбарласан.

Тэд эл судалгааг хоёр жилийн турш хийхдээ нийслэл, баруун, зүүн, төв, хангайн бүс, гадаадад амьдарч буй насанд хүрсэн 5001 иргэнийг хамруулж, сайн сайхан байдлыг нь сэтгэл зүй, нийгэм, санхүү, бие махбодь, ажил хөдөлмөр, цахим орчин, хүрээлэн буй орчин болон хувийн сайн сайхан байдал гэсэн найман хүчин зүйлээр хэмжжээ. Тоон болон чанарын аргыг хослуулсан уг судалгааг МУИС-ийн Судалгааны ажлын ёс зүйн хороо баталгаажуулсан юм байна.

Судалгааны гол үр дүнгээс дурдвал, дээрх найман хүчин зүйлийг нэгтгэн үзвэл оролцогчдын 30.6 хувь нь сайн, 45.7 хувь нь дунд, 23.6 хувь нь сул түвшинд байж.

Ажил хөдөлмөрийн сайн сайхан байдал хамгийн өндөр буюу 59.9 хувь нь сайн түвшинд байгаа бол 13.5 хувь нь санхүүгийн сайн сайхан байдлаа “сайн” хэмээн үнэлжээ. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан хөдөлмөр эрхлэгчдийн бараг 60 хувь нь “сайн” гэж дүгнэсэн нь тэд хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байгаагийн илрэл гэж хэлж болох нь. Харин санхүүгийн сайн сайхан байдал гэдэг нь хүн санхүүгээ хариуцлагатайгаар удирдаж, амьдралд тулгарах гэнэтийн эрсдэлүүдийг амжилттай даван туулахын сацуу өөрт аз жаргал авчрах сонголтуудыг хийх санхүүгийн эрх чөлөөтэй байхыг хэлж буй.

Мөн монголчуудын сайн сайхан байдлын түвшинд нөлөөлж буй хамгийн чухал хүчин зүйлийг тодруулахад эдийн засаг (37.9 хувь) болон улс төр (26.1 хувь) давамгайлжээ.

Тухайлбал, эдийн засгийн нөхцөл байдал нь амьдралын наад захын хэрэгцээгээ хангах, хүрэлцээтэй орлоготой байх, эдийн засгийн дарамтгүй амьдрах боломж хязгаарлагдмал байгааг онцолсон байна. Харин улс төртэй холбоотой хүчин зүйлсийн хувьд төрийн бодлого, хуулийн хэрэгжилт, авлига, шударга бус байдал, улс төрийн тогтворгүй байдал зэрэг нь сайн сайхан байдалд нөлөөлж байна гэж үзэж. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлт, орлого, хадгаламж, өр зээл зэрэг санхүүтэй холбоотой үзүүлэлт нь бусад сайн сайхан байдлын хүчин зүйлд нөлөөлж буй аж.