Mongoliapress.mn сайт УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэгтэй хамтран хууль тогтоох дээд байгууллага парламентад иргэдийг төлөөлөн ажиллаж буй улс төрийн нам, эвслийн төлөөлөл 32 эмэгтэй гишүүнийг онцолж цуврал контент бэлтгэн хүргэж байгаа билээ.
Ээлжит "Монтажгүй яриа" булангийнхаа зочноор УИХ-ын гишүүн Б.Уянгыг урьж мэдлэг, туршлага, үзэл санаа, үнэт зүйлийг нь илүү ойроос таниулахыг зорилоо.
-Жендэр бол оролцоог чухалчилж, хамтын шийдвэр гарах шийдэл юм-
-126 гишүүн, тэр дундаа эмэгтэй гишүүд хамгийн олонтой анхны парламент бүрдээд бүрэн эрхийнхээ тал руу орлоо. Дотор нь ороод ажиллахад эмэгтэйчүүдийн дуу хоолой хэр хүчтэй мэдрэгдэж, та бүхний санал санаачилга бодит ажил хэрэг болох боломж, шийдэл ямар байна вэ?
-126 гишүүнтэй анхны парламент гэдэг утгаараа урьд өмнө гэдэг ч юм уу харьцуулаад ярих боломж хомс байна л дээ. Гэхдээ жендэр, квот гэхээр хүмүүс эмэгтэйчүүдтэй хамаатуулж ойлгох гээд байдаг. Уг нь сууриар нь авч үзвэл аливаа шийдвэрийг нэг хүйсийн төлөөлөл дангаараа сууж байгаад гаргахад ямар байх вэ. Харин эрэгтэй, эмэгтэй олон эрх ашгийн төлөөлөл хамтдаа ярилцаж байгаад шийдвэр гаргахад ямар үр дүнтэй вэ гэдэг нь нэгэнт батлагдсан зүйл шүү дээ. Олон талаас нь харж ярилцаж гаргасан шийдвэр илүү алсын хараатай, холын ухаантай гэдгийг судалгаанууд харуулж байна. Тэгэхээр жендэр бол оролцоог чухалчилж, аливааг олон талаас нь харах л нэг хэлбэр. Зөвхөн эрчүүд юм уу эмэгтэйчүүдийн нүдээр харсан шийдвэр тухайн хэсэг бүлэгтээ л үйлчилнэ. Орхигдсон хэсэгт хүчээр үйлчлэх боломжгүй. Парламентын засаглал, хамтын шийдвэр яагаад чухал вэ гэдэг учир шалтгаан ерөөсөө л энэ.
Жендэрийн асуудал дээр үе үеийн эмэгтэйчүүд их олон саад бэрхшээлийг туулж энэ хүртэлх замыг гаргасан. Тэр хүмүүсийн “мөрөн” дээр энэ парламентын 25 хувьд нь эмэгтэйчүүдийн төлөөлөл орж ирээд шийдвэр гаргах түвшинд мэдлэг оюунаараа мэтгэлцэх боломж нээгдлээ. Магадгүй олон нийтэд ил харагдаж байгаа нь хэл ам, хэрүүл зарга юм шиг хэрнээ цаана нь эмэгтэйчүүд ямар олон ажлыг нугалж, олон зүйл дээр бодитой өөрчлөлт шинэчлэл хийж байгааг хүмүүс анзаарч буй байх. Тэр ч утгаараа эмэгтэйчүүд нэгдэж нийлээд хууль тогтоох байгууллагын гаргаж байгаа шийдвэр, үр дүнтэй далайцтай байх зорилгын төлөө л ажиллаж байна. Гэр бүлд ч гэсэн зөвхөн эрэгтэй эсвэл зөвхөн эмэгтэй хүн дангаараа шийдвэр гаргадаггүй шүү дээ. Улс орон ч үүнтэй л адил.
-Сонгууль болгоны өмнө квотын асуудал хөндөгддөг. Энэ хөшүүргийг ярихаар л шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд байх ямар хэрэгтэй юм бэ гэдэг маргаан мэтгэлцээн өрнөдөг л дөө. Яг бодлого боловсрууж шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүний хувьд юу хэлэх вэ?
-Олон улсын парламентын холбоонд эрэгтэй, эмэгтэй хүйсийн төлөөлөл 50/50 хувийн харьцаатай байдаг. Гүйцэтгэх хорооноос эхлээд бүх түвшиндээ хүйсийн тэнцвэрийг чухалчилж авч үзэж байна. Энэ жил л гэхэд Ази Номхон далайн бүсээс эмэгтэй хүн нэр дэвшүүлнэ гэдгийг бүх бичиг баримтан дээрээ заагаад өгчисөн байх жишээтэй. Дэлхий нийтээр энэ зарчим руу орчихлоо. Хүйсийн төлөөлөл тэнцвэртэй байснаараа санал санаачилга баялаг, хүний эрх зөрчигдөхгүй байна л гэсэн үг.
Ер нь эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд байснаараа хэн нэгэн эрэгтэй улстөрчид хаалт болж байгаа хэрэг биш.
Ялангуяа квотын асуудал дээр манай эрчүүд айгаад байх шаардлагагүй. Нэр дэвшүүлэх нь л 40 хувийн квот болохоос ялж гарах нь биш шүү дээ. Нэр дэвшигчээс хэнийг сонгох нь ард түмний эрх учраас эмэгтэйчүүдэд 40 хувийн квот олгохоос айж эмээх хэрэггүй юм.
Ер нь ямар ч тохиолдолд эмэгтэйчүүдэд итгэл үнэмшил, зарчимдаа үнэнч байх чанар байдаг гэж боддог. Хэлснээсээ ухарч няцдаггүй. Аливааг үнэхээр зөв гэж бодсон бол холбиролтгүйгээр итгэл үнэмшил, үзэл бодлынхоо төлөө бат зогсдог чанар ажиглагддаг. Энэ нь магадгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс шийдвэр гаргах түвшинд зайлшгүй хамт ажиллах шалтгаан байх. Эмэгтэйчүүд нэг ажлыг барьж авсан бол заавал ард нь гардаг тууштай чанар бий.
-Сошиал дайралт болгон цохилт болж ирдэг-

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцоог боомилдог хамгийн том саад бол улс төрд байгаа эмэгтэйчүүд дайралтад их өртдөг. Та ч гэсэн их бага хэмжээгээр энэ замыг туулж яваагийн хувьд ямар мэдрэмж авч байв. Ялангуяа ар гэр, ойр тойрны хүмүүст их хүнд тусдаг учраас шантарч байгаа бүсгүйчүүд олон байдаг?
-Сошиал дайралт болгон цохилт болж ирдэг. Арьс нь зузаарч дархлаатай болсон байх гэдэг ч юм уу тийм зүйл огт байдаггүй. Зарим зүйлийг яаж зохиосон юм бол, хүний санаанд яаж багтдаг бол гэж бодмоор дайралтууд маш их байдаг. Тэр болгоныг бичиж байгаа хүмүүсийг хэдхэн минут зарцуулаад мэдээллээ шалгаасай, адилхан хүн гэдэг үүднээс бодож этиктэй байгаасай гэж гомдох үе бишгүй төрдөг.
Хүмүүст таалагдах албагүй гэж бодмоор байвч үр хүүхэд, гэр бүл рүү орох нь тэсэж тэвчишгүй хэцүү шүү дээ. Улс төрд орсон эхний хоёр жил бол сэтгэгдэл болгоныг уншиж чадахгүй юм билээ. Хариулт бичихээр загнаад, хүний талаар хүслээрээ ойлгочихоод улам өрдөөд байдаг. Тийм байхад хариулах ч ёстой юм уу. Хариулахгүй орхих ч хэрэгтэй юм уу бүү мэд. Миний хувьд зарим зүйл дээр сэтгэгдэл уншихгүй орхичихвол амар санагддаг. Гэтэл дунд охин маань бүгдийг нь уншаад “Таныг дандаа эрэгтэй хүмүүс муулсан” байна гэх зэргээр дүн шинжилгээ хийгээд хэлж байх жишээтэй. Ер нь амаргүй.
-Дайралтаас болоод зарим “гал”-тай гэгдэх асуудлаар байр сууриа илэрхийлэхээс эмээгээд орхиж байсан тохиолдол байгаа юу?
-Уг нь энэ л зөв дөө гэж бодсон хэрнээ нь зарим асуудлыг орхиж байсан тохиолдол байгаа. Орхиж магадгүй ч тохиолдол бий. Энэ тохиолдолд ихэнхдээ гэр бүлийнхэн, зөвлөхтэйгээ ярилцдаг.
Олон улсын судалгаануудыг харахад сошиал дайралтад эмэгтэйчүүд илүү их өртдөг гэдэг нь батлагдсан. Эмэгтэйчүүд улс төрд ороход дайралтад өртдөг гэж сонсох өөрөө түүнийг мэдэрч, туулах их өөр мэдрэмж юм байна.
Аливаа зүйл, хэм хэмжээг уландаа гишгэж нэг зүйлийн талаар огт өөрөөр ярьж ойлгуулахад эмэгтэйчүүд маань дасдаг, тэвчдэг байж болохгүй л санагддаг. Улс төрд орсон эмэгтэйчүүд угаасаа л дайралт, доромжлолыг даван туулдаг гэдэг бол маш буруу хандлага. Тэр тусмаа хүлээн зөвшөөрч огт болохгүй. Энэ бүхэн хэнд ч хэрэггүй маш буруу зүйл шүү дээ.
Болдог бол тэр даруйд нь таслан зогсоодог байх ёстой. Үнэний оргүй, огт худал зүйл дээр яагаад өвдөж зовох ёстой гэж.
Саяхан надад тохиолдсон нэг жишээ ярья л даа. Манай цэцэрлэгийн охины хүзүү, хоолойг айхтар гүнзгий маажчихсан байсан. Өөрөөс нь асуусан чинь ангийнх нь эрэгтэй хүүхэд маажсан гэнэ. Өглөө нь хүргэж өгөхдөө багшид нь хэллээ. Нэг их тоосонгүй. Маажсан хүүхдийн хумсыг харая гээд өнгөрлөө.
Тэгээд гарч явахдаа ээж рүү ярилаа. Тэрүүхэн зуур бид хоёрын дунд “Чи тэгээд уурлаж янз бүр болоогүй биз дээ. Нөгөө УИХ-ын гишүүн чинь хүүхдээ өмөөрөөд ингэлээ тэглээ” гэсэн хэл ам гарах вий гэсэн яриа өрнөлөө. Сүүлдээ би хүүхдээ ч хамгаалах эрхгүй болж байна шүү дээ. Яриад байвал сэтгэл хөндүүр зүйлс их байна аа.
-Үе үеийн парламентын эмэгтэй гишүүд хүүхэд, гэр бүлийн асуудал нэлээн идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн. Энэ удаагийн парламент Эмэгтэй гишүүдийн бүлэгтэй болсон нь хэр ач холбогдолтой байна вэ?
-УИХ дотроо Эмэгтэйчүүдийн бүлэгтэй болсноор бид нам эвсэл харгалзахгүй уулзаж ярилцах талбартай болж байна. Эмэгтэйчүүдээрээ суугаад санал шийдлээ хуваалцаж, үзэл бодлоо бие биедээ ойлгуулах боломж гэж харж байгаа. Нийлж нэгдээд нийгмийн асуудлыг хөндөж, хуулийн төсөл боловсруулаад явахад давуу талтай.
- Уул уурхай, эрдэс баялгийн салбарт ажилласан туршлага маань бодлогын түвшинд өөрчлөлт хийх давуу тал болсон-

-Одоо хоёулаа ажлын талаар яриагаа үргэлжлүүлье. УИХ тав дахь чуулганаа хуралдуулж та бүхний бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна. Таны хувьд уул уурхай, байгаль орчин талын хуулиуд руу нэлээн чиглэж ажиллалаа. Үр дүн хэр байв?
-Хуучнаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам буюу одоогийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд ажиллаж байхдаа салбарынхаа алдаа, оноог нэлээн олж харсан л даа. Тэр хэрээр шинэчилж сайжруулах, бодлогын түвшинд өөрчлөх ажлуудыг эрэмбэлэх зэргээр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт тодорхой хэмжээнд ажилласан нь давуу тал болсон гэж хэлж болно.
Ашигт малтмалын тухай хуулийг сайжруулах ёстой гэж 2021 оноос хойш ярьсан. Энэ хугацаанд анхнаас нь Ажлын хэсэгт орж эрдэс баялаг ашигт малтмалын салбарт шинэ тутам үүсэж байгаа харилцааг нарийн зохицуулах үүднээс Чухал ашигт малтмалын төслийг дэмжих хуулийн төсөл дээр нэлээн анхаарч ажилласан.
Чухал ашигт малтмалд зөвхөн газрын ховор элемент ордоггүй. Батарейнд ашигладаг олон эрдсүүдийн эрэлт өсөж байна. Үүнийг Монголын хөрсөнд буулгаж дэмжих ёстой гэж үзэж салбарын эрдэмтэн, экспертүүдийг оролцуулаад нэлээн том хэмжээний судалгаа, хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Мөн 2020-2024 он буюу өмнөх парламентын батлагдаж амжаагүй буцсан болон шинээр хэлэлцэж байгаа төслүүд дээр ажиллалаа.
Ер нь Ашигт малтмалын чиглэлээр нэлээн чамбай ажиллахаар төлөвлөсөн, тэр зорилгодоо ч хүрэхэд ойрхон байна гэж бодож байгаа. Яг одоо бол Чухал ашигт малтмалыг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна.
Дараагийн онцолж ярих ажил бол Шинжлэх ухаан технологийн хууль. Д.Рэгдэл гишүүн ШУА-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Г.Хосбаяр гишүүн Шинжлэх ухаан технологийн их сургуульд багшилж байсан гэдэг утгаараа бид гурав энэ хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж батлууллаа. Манайд улсын томоохон зургаан их сургууль байна. Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүд бий. Энэ бүгд төрийн тендерт оролцож чаддаггүй. Тендерийн гүйцэтгэлийн баталгаагаар төсөвт өртгийн тодорхой хувийг банкинд байршуулах шаардлага гардаг. Гэтэл энэ мөнгө байхгүй хаагдмал явж ирсэн учраас багш нар нь гэрээгээр бага цалинтай ажилладаг. Тиймээс хуулийн өөрчлөлтөөр төсөвт байгууллага хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж тендерт оролцох эрхийг нь нээсэн. Хэрэв шалгарах юм бол гүйцэтгэлийн баталгааг авахаа болих буюу төр нэг халааснаасаа нөгөө халаасандаа барьцаа байршуулах шаардлагагүй гэдэг зохицуулалтыг хийж өгсөн нь шинжлэх ухаан, технологийн салбарт нэлээн хэрэгтэй шинэчлэл болов уу гэж найдаж байгаа.
Өнгөрсөн чуулганаар Д.Үүрийнтуяа гишүүний хамт Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах хуульд өөрчлөлт орууллаа. Дөрөв эсвэл зургаа дахь хүүхэд дээрээ эхийн алдар I, II одон авахад хамгийн бага хүүхэд заавал нэг нас хүрэх шалгууртай байсан. Хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөж байсан урамшуулал авахын тулд заавал болзол хангах ёстой гэдэгтэй санал нэгдэнэ. Гэхдээ хүүхэд тээж төрүүлнэ гэдэг ямар ч шаардлага шалгуураас бодит зүйл шүү дээ. Хүн энэ хорвоод мэндлээд л иргэний эрх нь эхэлчихдэг. Энэ агуулга үндэслэлээр төрсний гэрчилгээ олгосон л бол алдарт эх гэдэг болзлыг хангахаар хуульд өөрчлөлт оруулж батлагдлаа. Ер нь хууль санаачилж бүрдүүлбэрийг хангаж өргөн барьж, хэлэлцүүлж батлуулахад жил тойрдог. Мөн хуулийн ажлын хэсэг ахална гэдэг амар хялбар зүйл биш. Процессоос эхлээд нэлээн чамбай ажиллах шаардлагатай.
-Уул уурхай бол байгаль орчны нэг хэсгийг л ашиглаж байгаа хэрэг-

-Байгаль орчны нөлөөллийн хууль дээр нэлээн “гал” авч хүчтэй хэлэлцүүлэг өрнөсөн шүү дээ. Ингэж их шүүмжлүүлж зүтгэж батлуулсан хуулийн гол өөрчлөлт, дэвшил юу байв?
-Бидэнд нэг буруу ойлголт бий. Байгаль орчны эсрэг уул уурхай байдаг мэтээр ойлгодог. Уг нь уул уурхай бол байгалийн нөөцийн нэг хэсгийг л ашиглаж байгаа хэрэг. Байгалийн нөөцийг хүн төрөлхтөн ашиглаж амьдардаг гэвэл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар, хатуу ашигт малтмалыг олборлож боловсруулаад зарах жишээтэй. Гэтэл ан агнах, мод бэлтгэх нь байгаль орчинд нөлөөлөхгүй. Зөвхөн уул уурхай л байгаль орчинд нөлөөлдөг гэвэл буруу шүү дээ. Тиймээс энэ бүхнийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр цогцоор нь харах боломж бүрдсэн.
Ажил хийе, урагшлуулья гэж зүтгэх үед хүн болгонд таалагдах боломжгүй. Хэн нэгний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийн адил нэг асуудлыг шийдэхэд түүнд дасан зохицсон хэсэг бүлэг хүмүүсийн дургүйг хүргэнэ. Эсэргүүцэлтэй тулна. Тиймдээ ч Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хууль нэлээн өндрийг авч салбар дундын хэлэлцүүлэг хүчтэй өрнөсөн. Энэ хууль маань 2012 оноос хойш дорвитой өөрчлөгдөөгүй байсан. Хүний эрх ярихаараа тухайн газарт амьдарч байгаа хүмүүсээр л төсөөлөөд байдгаас биш төслийг хэрэгжүүлэх төлөөллийг бодож үздэггүй. Эрсдэлээ үүрээд амьдралаа золиод ажиллаж байна шүү дээ.
Өмнө нь ялгаатай эсэхээс үл хамаарч бүх зөвшөөрөл, үнэлгээ нэг саванд байсан бол хуулийн өөрчлөлтөөр илүү мэргэжлийн, бодит, хялбар болсон. Мэргэжлийн хүмүүс нь судалж тайлбарлана, хариуцлагаа ч үүрнэ гэсэн үг. Нөгөө талд төрийн байгууллагын ч ачаалал буурна. Гэхдээ эцсийн шийдвэрийг төр гаргах нь зөв. Мөн гишүүдтэй хамтран ажилласан ажлууд маань УИХ-ын тогтоол болж батлагдсан нь цөөнгүй.
Намрын чуулганаар Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын хуулийг өргөн барилаа. Олборлох салбарын ил тод байдлын санаачилга 2008 оноос хойш нэвтэрсэн зүйл л дээ. Аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахаас эхлээд олборлоод экспортын татвар төлөх хүртэлх бүх процессоо ил тод болгож байдаг. Энэ үйл явц өмнө нь сайн дурын үндсэн дээр явагддаг байсан бол шинэ зохицуулалтаар бүх компани тайлагнадаг болгож байгаа юм. Зөвхөн олборлох салбар гэхгүйгээр байгалийн нөөц гэдгээр нь авч үзэж үр ашгаа энгийн хэлбэрээр тайлагнадаг болгоно л гэсэн үг.
Ерөөсөө л гол концепц нь авлига зөвшөөрөлтэй холбоотой гэж үзвэл бүхий л процесс ил болсноороо хууль бус үйлдэл багасах ёстой. Авлигын индекс талаасаа ч энэ хууль хэрэгжсэнээр бага ч болов эерэг үр дүн гарна гэж үзэж байгаа.
Хоёр зүйлийг онцлоход нэгдүгээрт төрийн албыг данхайлгахгүй байх үүднээс давхардуулсан тайлан авахгүй. Яаман дээр нэгж нэмж байгуулахгүй байхаар системийг бэхжүүлэх зарчим баримталлаа. Олборлох байдлын ил тод санаачилга тухайн орны эдийн засгаас хамаараад олон оронд ялгаатай хэрэгждэг.
Түүнчлэн Төрийн худалдан авах ажиллагааны хууль, Орон сууцны санхүүжилтийн банкны хуулийн Ажлын хэсэгт ажиллаж байгаа. Санаа оноо, хийж хэрэгжүүлэх зүйлс олон бий. Нэмээд Хүүхэд хөгжлийн хуулийг өргөн барьсан маань удахгүй хэлэлцэх эсэх нь тодорхой болох байх. Ер нь хууль тогтоох байгууллагад ажиллах хугацаанд олон зүйлийг хийж амжуулахын төлөө хичээж байна.
-Сүүлд эх орноо төлөөлөөд Олон улсын парламентын хуралд яваад ирсэн. Манай улсын нөхцөл байдал ямар байв, олз омог дүүрэн ирэв үү?
-Олон улсын парламентын холбоонд Монгол Улсын оролцоо их сайн байдаг. Тус холбооны Гүйцэтгэх хороонд манай парламентын гишүүд нэлээн идэвхтэй ажиллаж байсан түүхтэй.
Гурван жилд нэг удаа болдог, 183 орон гишүүнчлэлтэй Олон улсын парламентын хуралд миний бие анх удаа эх орноо төлөөлж оролцоод ирлээ. Энэ жил хиймэл оюун ухаан, сошиал хэрэглээ, терроризм, хүний эрхийн асуудлуудыг онцолж ярилаа. Явсан ажлынхаа мэдээллийг үе шаттайгаар хүргэж, хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна.
Хурал дээр яригдсан бас нэг зүйл нь яг энэ цаг мөчид УИХ-аар хэлэлцэж буй цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль байна. Энэ мэт их олон хэрэгтэй тайлан мэдээллээс гадна бусад орны парламентын гишүүдтэй танилцаж холбоо тогтоож, Монгол Улсыг олон улсад таниулж мэдүүлэх ажлаа өөрийнхөө хэмжээнд хийж ирлээ. Мөн чухал ашигт малтмалын фокус группт орж хэлэлцүүлэгт нь панелистаар орж ажиллаж байна. Олон орны төлөөлөлтэй хамт суралцаж мэдлэг туршлага хуримтлууллаа.
-Олон улсад докторын зэрэг хамгаална гэдэг багшилна, эсвэл судалгаа хийх ёстой гэж үздэг-


Говь руу цөөнгүй явах шиг боллоо. Чуулганы завсарлагаанаар хөдөө суурьшаад багшилсан нь бас сонирхолтой шийдвэр санагдлаа. Иргэдийн санал санаачилгыг төрийн бодлогод тусгуулах боломж бололцоо хэр байна вэ ?
-Өмнөговь руу нэлээн их явдаг. Чуулганы завсарлагаанаар жил бүрийн хоёрдугаар сард Өмнөговь аймгийн ШУТИС-ийн салбар сургуульд багшилж, оюутнуудад Ашигт малтмалын эдийн засаг хичээлийг гурван кредитээр орж байгаа. Бүтэн сарын хугацаанд тэндээ очоод амьдрахаар хүмүүстэй байнга уулзах боломжтой болж байна. 2024 оноос хойш говийн бүсийн бүх сумаар тойрлоо.
Хүмүүсийн санал бодлыг сонсож, хэрэгцээтэй асуудлыг олж харахыг хичээж 2025, 2026 онд говийн бүсэд хоёр төсөв суулгуулсан.
Нэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой буюу Түр хамгаалах байрны хөрөнгө оруулалтыг шийдүүлсэн нь анхдагч болсон. Дөрвөн аймгийн сум тус бүрийн нийгмийн ажилчдад шаардлагатай хөрөнгө оруулалтыг салбарын яамнаас олгосон. Дараагийнх нь усны чанарыг шинжилдэг багажийг дөрвөн аймгийнхаа Байгаль орчны газар, Сав газрын захиргаадад шийдүүлж өглөө. Ингэснээр ундны усны худагны түвшин, бохирдлыг сүүлийн үеийн маш сайн багажаар хэмжих боломжтой болсонд олзуурхаж байгаа. Ирэх оны төсөвт тусгуулахаар төлөвлөсөн ажлууд бий. Батлагдсаных нь дараа яривал илүү үр дүнтэй байх болов уу.
-Оюутнуудад хичээл заах мэдрэмж ямар байв?
-Олон улсад докторын зэрэг хамгаална гэдэг багшилна гэсэн утгатай. Тэр тусмаа их сургуульд багшлах ёстой эсвэл судалгаа хийх ёстой гэж үздэг. Миний хувьд өмнө нь багшилж байгаад сүүлийн жилүүдэд түр холдсон. Одоо эргээд ажлынхаа боломжоор багшлах нь зарим чадваруудаа сэргээж илүү их хөгжиж өөртөө “update” хийж байна. Оюутнуудаас харилцан суралцаж байна. Аль аль талдаа хэрэгтэй, үр өгөөжтэй байгаа болов уу гэж найдаж байгаа. Энэ хугацаанд Ажлын албаныхан маань оюутан залуус руу чиглэсэн төсөл хөтөлбөр гээд олон шинэ санал санаачилга хэрэгжүүлдэг. Би ер нь багшлах дуртай. Тиймдээ ч доктор хамгаалж, багшлахыг мөрөөдсөн. Цаашид ч багшилна гэж боддог.
















