МҮХАҮТ Манай улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон мянган хүнийг ажлын байраар ханган, улс, орон нутгийн төсөвт жинтэй хувь нэмэр оруулсан компаниудаас жил бүр "ТОП 100" аж ахуйн нэгж шалгаруулдаг. Тэгвэл эдгээр шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах гол шалгуур нь ашиг, орлого, төлсөн татвар нийгмийн даатгал, ажиллагсдын тоо зэргийг үндэслэл болгож байна. Харин үүний цаана хариуцлага, компанийн засаглал, тогтвортой байдлын асуудал орхигдож буй. Тиймээс олон улсын жишиг, тогтвортой хөгжлийн зорилтууд, БОНЗ (байгаль орчин, нийгэм, засаглал)-ын тайлан зэргийг "ТОП 100" аж ахуйн нэгжийн шалгаруулалтад нэвтрүүлэх, үндэслэл болгох боломжтой, эсэх талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн зөвлөх М.Сарандаваатай ярилцлаа.

-Манай улс “ТОП 100” аж ахуйн нэгжийг олон жил шалгаруулж байгаа. Одоогийн шалгаруулалт голдуу ашиг, орлогоор эрэмбэлж, БОНЗ-ын асуудлыг орхигдуулсан харагддаг. Ер нь МҮХАҮТ олон улсын эдгээр аргачлалыг шалгаруулалтдаа нэвтрүүлэх үү?

-Одоогийн үнэлгээг 2016 онд шинэчилсэн. Ингэхдээ гурван хүн уншаад үнэлгээ өгдөг, яаж үнэлсэн нь тодорхой бус шалгаруулалттай байсныг олон улсын “Fortune” сэтгүүлийн аргачлал буюу ашиг, орлого, төлсөн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа ажиллагсдын тоо, эзний өмч гэсэн таван үзүүлэлтээр шалгаруулдаг болсон. Энэ таван үзүүлэлтээр пропорцолж шалгаруулж байна. Компанийн хувьд хуулиараа ашгийн төлөө байгууллага, төр талаасаа бол төлсөн татварыг чухалчилдаг. Тиймээс ашиг, төлсөн татвар хоёрын хувьд тус бүр 30 хувь, бусад үзүүлэлтийг тус бүр 20 хувиар жигнэж тооцно.

Ер нь “Fortune” сэтгүүлийн энэ аргачлалыг сонгосон нь олон улсад Монгол компаниудаа таниулах, хөрөнгө оруулалт татах, гаднын компаниудтай харилцах замыг нэг шат ахиулж үндэсний хэмжээний компаниудаа дэлхийн өрсөлдөөний тавцанд таниулж өгье л гэж зорьсон хэрэг. Ингэхийн тулд голдуу тоон үзүүлэлтээр эрэмбэлдэг болохоор сүбьектив буюу чанарын үзүүлэлтийг тооцож, үнэлэж шалгаруулах боломжгүй болчхож байгаа юм.

Харин сүүлийн үеийн хөрөнгө оруулагчид GRI буюу олон улсын тайлагналын санаачилга, НҮБ-ын Даян дэлхийн гэрээ зэргийг авч үздэг болсон. Мөн нөгөө талдаа Монгол Улс маань тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд амлалт авчихсан байгаа. Тиймээс хөрөнгө оруулагчид компанийн ашгаас гадна БОНЗ-ын үзүүлэлтүүд буюу байгаль орчинд ул мөрөө яаж үлдээдэг, нийгэмдээ хүний эрхийг яаж хангадаг, засаглалын хувьд бизнесийн ёс зүйтэй, авлигын эсрэг бодлого байгаа эсэх гэх мэт агуулгын хүрээнд дунд хугацаанд гарч болох эрсдэлийг чухалчилж, тооцдог болсон.

Ер нь Европын холбоо, Канад, Австрали, БНСУ, Япон, Хонг Конг, Малайз зэрэг улсууд БОНЗ-ын хуультай болсон.

Нэг талдаа тухайн байгууллагад өөрт нь хэрэгтэй буюу компанид учирч болох санхүүгийн эрсдэл, дарамтаа дунд хугацаанд ажиглачих боломжтой болно. Хөрөнгө оруулагчдын хувьд компани бизнесийн тасралтгүй байдлаа хангаж эрсдэлээ удирдах боломжтой болох учир “миний хөрөнгө найдвартай юм байна” гэдэг итгэл үнэмшилтэйгээр хөрөнгө оруулалт хийнэ.

Дээрхээс гадна хэрэглэгчдийн сэтгэлгээ маш их өөрчлөгдсөн. 2025 онд хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар хэрэглэгчид илүү тогтвортой худалдан авалт, тогтвортой үйлчилгээг сонирхож байна. Нэг үгээр тухайн бүтээгдэхүүний амьдралын мөчлөгт тойрог эдийн засгийн зарчмууд шингэсэн, байгалийн анхдагч нөөцийг хэмнэсэн, дахин ашиглах орцуудыг нэмэгдүүлсэн эсэх, байгаль орчинд үзүүлэх нөлөө хамгийн бага гэх мэт ойлголтуудыг хардаг болсон. Хэрэглэгчид, үйлчлүүлэгчид маань ийм боловсролтой болсон учир бизнес тогтвортой хөгжил рүү анхаарахаас өөр аргагүй болж байгаа.

Тиймээс Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим “ТОП 100” аж ахуй нэгжийг дээрх санхүүгийн бус үзүүлэлтээ сайн дураараа тайлагнадаг болох зарчим руу алхам алхмаар явж байна.

Ер нь компаниудын хэрэв нээлттэй больё, олон нийтээс хөрөнгө оруулалт татье гэж төлөвлөж, зорьж байгаа бол эхлээд БОНЗ-ын суурь үнэлгээгээ хийх ёстой, энэ дагуу тайлангаа гаргаж, тайлан нь олон улсын гуравдагч байгууллагаар магадлагдах ёстой байдаг. Ингэснээр олон улсын зах зээл, хөрөнгийн зах зээлд гарах боломж нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын шаардлагыг хангахаар болдог.

Монгол Улсын хувьд Хөрөнгийн биржид бүртгэлтэй I ангиллын 20 компани журмын дагуу БОНЗ тайлангаа Англи, Монгол хэл дээр гаргаж байгаа. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос нээлттэй компанийн мэдээллийн ил тод байдлын журмаар нээлттэй компаниуд БОНЗ-ын зарим мэдээллээ ил тод болгох ёстой гээд үүрэгжүүлчихсэн.

Ер нь “ТОП 100”-д шалгарсан эхний 20 компаний олонх нь БОНЗ болон тогтвортой хөгжлийн тайлан гаргаж байгаа гэж ойлгож болох юм.

-Санхүүгийн бус үзүүлэлтээ сайн дураараа тайлагнадаг болно гэлээ. Ямар үе шаттайгаар яаж нэвтрүүлэх вэ?

-Бид өнгөрсөн жил жижиг дунд, компаниудынхаа дунд БОНЗ-ын тайлагналын хүрээнд тандалт явуулсан. Үүнд жижиг дунд үйлдвэрүүд маань үнэлгээ хийгдэх боломжтой юм байна гэж харагдсан. Үүнийг үндэслээд МҮХАҮТ “ТОП-100” аж ахуй нэгжийн эрэмбэнд нь нөлөөлөхгүйгээр тайланг нь гаргуулах тал дээр бодлогоор ажиллаж байгаа. Хоёрдугаарт, "Энтрепренёр" (Entrepreneur) гэж арга хэмжээ жил бүр болдог. Энэ арга хэмжээн дээр БОНЗ үзүүлэлтүүдийг шалгуур үзүүлэлтээр оруулж ирнэ. БОНЗ хэрэгжүүлэгч, хамгийн үр дүнтэй нэвтрүүлж байгаа аж ахуй нэгж гэх мэтээр энэ агуулгыг оруулж, тэргүүлж байгаа байгууллагуудаа олон нийтэд таниулна. Ингэж алхам алхмаар нэвтрүүлнэ. Түүнээс захиргааны журмаар нэвтрүүлэх боломж байхгүй. Миний авсан мэдээллээр Сангийн яам, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт хамтран “IFRS” стандартын хүрээнд санхүүгийн тайлангийн маягтад БОНЗ-ын үзүүлэлтүүдийг оруулж боловсруулж байгаа гэсэн. Тэгэхээр манай улс бэлтгэлээ хангаж байна гэсэн үг.

-БОНЗ тайлан тайлагнадаг болохын ач холбогдлыг юу гэж харж байгаа вэ?

-Европын холбоо парламентаараа 2023 онд хууль баталж,  БОНЗ тайлан гаргаагүй, үнэлгээ хийгдэдгүй аж ахуй нэгжүүдэд 2027 оноос нэг ч еврогийн хөрөнгө оруулалт хийхгүй байхаар тусгасан. Монголоос одоогоор “Монголиан Майнинг Корпорэйшн”, “Хаан банк” зэрэг байгууллагууд олон улсын байгууллагаар БОНЗ-ын үнэлгээ8 магадлагаагаа хийлгэсэн гэж байсан. Тэгэхээр БОНЗ гэдэг нь хөрөнгө оруулагчдын ойлголцдог хэл болчихсон байна. Торонто, Хонк Конг, Токио гэх мэт ихэнх улсын хөрөнгийн бирж БОНЗ үзүүлэлт шаарддаг болсон байгаа. Манай аж ахуй нэгжүүд тэр чиглэл рүү алхам алхмаар урагшилж байна.

-Төрийн өмчит компаниудын хувьд БОНЗ-ын талаарх ойлголтууд ямар байгаа вэ. Зүй нь төр өөрөө үлгэр жишээ байж, нэвтрүүлэх ёстой баймаар.

-ТӨК-уудын хувьд олон асуудал байгаа ч засаглал, ТУЗ-ийн сонгон шалгаруулалтын асуудал дээр маш их учир дутагдалтай байна. Олон улсад ТУЗ-ийн гишүүдийг "Board Skill Matrix" буюу ур чадварын матрицаар сонгодог. Гэтэл манайд яамны нэг мэргэжилтэн эсвэл газрын дарга ТУЗ-ын гишүүн болчихдог.

Уг нь ТӨК-ийн ТУЗ-ыг сонгох журам гэж бий. Гэвч энэ журам өөрөө маш хангалтгүй. Хэн ч орж болохоор журам байдаг. Тухайн хүн юу хийж бүтээсэн, ямар ур чадвартай, компанид ямар ашиг тустай вэ гэдгийг орхигдуулсан, компанийн тухай хуулиас хуулсан ерөнхий шаардлагуудыг тавьсан байдаг. Ийм ТУЗ-тай байгууллагаас бид ил тод, тунгалаг, хараат бус, бие даасан, үр ашигтай байдал, хувьцааны үр ашгийг өсгөх бодлого, жижиг хувьцаа эзэмшигчдээ хамгаалах, шүгэл үлээгчийн тухай асуудал, хяналтын тогтолцоо, дотоод аудит, хяналт гэх мэтийг хүлээгээд нэмэргүй. Дээр нь хэтэрхий их улс төр орчихсон. Авилга, ашиг сонирхлын зөрчил, дотоод аудитын үл нийцэл байнга гардаг ч авч хэлэлцдэггүй шүү дээ. Гэх мэт асуудал байгаа учраас төр өөрөөсөө эхлэх ёстой юм.

-ТӨК-уудаас тогтвортой хөгжил, БОНЗ тайлан гаргаж байгаа газар ер нь бий юү?

-ТӨК-уудаас “Эрдэнэт үйлдвэр” уул уурхайн салбарын стандарт руу түлхүү явж байна. Гэтэл олон улсад “ESG” нэвтрүүлээд эхэлсэн байгаа. Тэгэхээр манай төрийн компаниуд ардаас нь явж байна. Гэхдээ ойлгохын хувьд чухал гэдгийг ойлгосон байгаа. Бас хэрэгжилт хангалтгүй байна.

-БОНЗ нэвтрүүлэхээр бэлтгэж байна гэлээ. Яг хэзээнээс нэвтрүүлнэ гэж тооцоолж байгаа вэ?

-Бид одоогоор “ТОП-100” шалгаруулахдаа 500 байгууллагын мэдээллийг Сангийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас авч, мэдээллүүд дээр ажилладаг. Тэгэхээр энэ жилээс юм уу ирэх жилээс шууд нэвтрүүлэх боломжгүй. Маш их үйл явц өрнөх шаардлагатай. Мөн аж ахуй нэгжүүд маань үүнийг ойлгож, сайн дураараа тайлагнадаг болох шаардлагатай. Түүнээс хүчилж болохгүй.

Ер нь БОНЗ тайлан гаргахад нэг байгууллага дээр гурав орчим сар болдог. 500 гаруй шалгуур үзүүлэлтээр хэмжиж, 120-300 гаруй баримт бичигтэй уншиж үнэлэх, түншлэгч, харилцагч, үйлчлүүлэгч талуудтай уулзаж судалгаа хийх зэрэг маш шиг ажиллагаатай тайлан гаргадаг. Нөгөө талдаа үнэлгээ хийдэг мэргэжилтнүүд нь манайд бэлэн биш байна. Тэгэхээр нилээн том, нүсэр ажил болно.

-Аж ахуй нэгжүүдээс ямар нэг эсэргүүцэл ирж байна уу?

-МҮХАҮТ-аас ажлын хэсэг гарчихсан байгаа. Бидний зүгээс албан журмаар оруулбал компаниудад зардал нэмнэ гэж үзсэн. Мөн компаниуддаа мөн чанарыг нь ойлгуулахгүй бол “greenwash” хийх эрсдэлтэй. Тиймээс бага ачаалал өгч, ахьсан, дунд, анхлан гэсэн төвшнүүдээр ангилж мэдээллийг нь авах зохицуулалтыг ярьж байна. Ямартай ч компаниуд маань чухал гэдгийг ойлгож эхэлж байна. Хоёрдугаарт, том буюу үндэстэн дамансан компанийн ханган нийлүүлэгч буюу өртгийн сүлжээний оролцогч болье гэвэл, гадны хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллая гэвэл заавал БОНЗ нэвтрүүлэх ёстой болж байгаа. Гуравдугаарт, худалдан авагч нарын шахалтаас шалтгаалан цаашдаа нэвтрэх нь гарцаагүй.

Өөрөөр хэлбэл, МҮХАҮТ эхний ээлжинд Тогтвортой хөгжлийн тайлан, ESG, салбарын тайлангуудаас алийг нь гаргаж байгаа вэ гэдэг мэдээллийг “ТОП 100”-ийн шалгуурт оруулья гэж байгаа. Энэ дундаас ESG буюу БОНЗ-ын тайлан гаргадаг компаниудыг сонгож, илүү нарийвчилж харна. Тэгэхээр эхний ээлжинд тайлан гаргадаг гаргадаггүй гэдгийг тодорхой болгож, дараагийн шатанд үнэлгээ хийлгэх байдлаар явна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

-Баярлалаа.

‍