IRIM судалгааны хүрээлэн 2025 онд Монгол Улс дахь хуурамч мэдээллийн зураглалын судалгааг хийсэн байдаг. Үүгээр “залуучууд” мэдээллийн боловсрол дутмаг байх, шүүмжлэлт сэтгэлгээ сул байх болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан хуурамч мэдээлэлд өртөмтгий бүлгүүдийн нэг болох нь тогтоогдсон байдаг. Харин энэ удаад Европын Холбооны Team Europe Democracy санаачилгын дэмжлэгтэйгээр “Залуучуудын хуурамч мэдээлэлд өртөх эмзэг байдал, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс”-ийг судалжээ. Судалгаанд хот, орон нутагт амьдардаг 16–25 насны 400 залууг хамруулж.
Үр дүнг нь харахад судалгаанд оролцсон залуусын хуурамч мэдээллийн эмзэг байдал дундаж түвшинд байна. Тус бүрд нь авч үзвэл залуучуудын хувьд худал мэдээллийг таних байдал сайн, үнэн мэдээлэлд итгэх байдал жигд биш, хуурамч мэдээллийг хуваалцах зан үйл дунд түвшинд байна.
Мөн залуучууд хуурамч мэдээллийг таних чадварын хувьд харьцангуй сайн үзүүлэлттэй байна. Тухайлбал, судалгаанд ашигласан мэдээллийн агуулгуудын 41.4%-ийг зөв ялган таньж, хуурамч мэдээлэлд үл итгэж, үнэн мэдээлэлд итгэсэн байна. Энэ нь хуурамч мэдээлэлд өртөх эмзэг байдлыг бууруулж буй эерэг үзүүлэлт гэдгийг судлаачид онцолжээ.
Гэсэн хэдий ч анхаарал хандуулах шаардлагатай хэд хэдэн эрсдэлтэй хандлага ажиглагджээ. Нэгдүгээрт, нийт үнэлгээний 27 хувьд нь оролцогчид мэдээллийн үнэн худлыг буруу дүгнэж, хуурамч мэдээлэлд итгэх эсвэл үнэн мэдээлэлд үл итгэх хариу өгсөн байна. Энэ нь дөрвөн залуу тутмын нэг нь мэдээллийг буруу үнэлж байгааг харуулж байгаа юм.
Хоёрдугаарт, нийт хариу үйлдлийн 31.6 хувьд залуучууд мэдээллийн үнэн худлыг тодорхойлж чадаагүй, эргэлзсэн байр суурь илэрхийлжээ. Эргэлзэх хандлага нь зарим талаар хуурамч мэдээлэлд шууд итгэхээс сэргийлдэг эерэг талтай. Тухайлбал, залуучуудын хуурамч мэдээлэлд эргэлзэх түвшин үнэн мэдээлэлд эргэлзэх түвшнээс өндөр байна. Гэсэн хэдий ч мэдээллийн үнэн эсэхийг тогтоож чадахгүй байх нь мэдээллийг үнэлэх, шийдвэр гаргах чадвар хангалтгүй байгааг илтгэдэг байна.

.jpg)


.jpg)


.jpg)

.jpg)






