Батлан хамгаалах салбар “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” гэх цогц реформ хийхээр болсноо мэдэгдсэн. Реформ зэвсэгт хүчний хэмжээнд хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, салбарын хэмжээнд тулгарч буй эрсдэлийг урьдчилан илрүүлж, таслан зогсооход чиглэсэн гэх. Энэхүү цогц гэх реформынхоо үр дүнг Батлан хамгаалах яамнаас өнөөдөр танилцуулав.
Реформын хүрээнд бүхий л цэргийн ангиудаар ажилласан ч тойрч, төөрч байж хэлсэн ганц үр дүн нь 2100 орчим эрсдэл бий гэж үзсэн тухай байв. Гэхдээ яг юуг эрсдэл гэж үзсэн, ямар дүр зурагтай байсан тухайд дэлгэрүүлж мэдээлэл өгөөгүй. Өгөхгүй гэдгээ ч хэлэв. “Бид ил тод, хариуцлагатай байна, өөрчлөлтүүд хийж байна” гэж яриад буй ч нэг ч зүйлийг тодорхой тоо баримттай, бүрэн бүтэн мэдээлсэнгүй.
Олон аавын хүү энхийн цагт дарамт шахалтаас болж амиа өргөх болсон нь тус салбарт хариуцлагагүйн харанга дэлдсэнтэй холбоотой. Гэвч тэд реформ гэх сүржин нэрийн дор, даржин үр дүн л мэдээллээ.
Мэдээллээс ганц тодорхой зүйл нь камер, камер байрлуулах боломжгүй газруудад аюулгүйн товчлуур байршуулсан тухай л байлаа. Бүх цэргийн ангиудад нийтдээ 1600 орчим камер суулгажээ. Хэдий цэргийн анги, салбаруудын тодорхой тоо нь улсын нууц боловч, нэг цэргийн анги байгууламжийн хэмжээ дамжаа, эзлэх зай талбайгаар төсөөлөөд үзэхэд 1600 гэдэг асар бага тоо. Ийм хэмжээний камераар Монгол Улсад байх бүх цэргийн ангид гарч буй зөрчлийг хянана гэдэг өрөөсгөл. Энэ тэгээд Д.Батлут сайдын яриад байсан реформ, технологийн шинэчлэлт үү.
Үнэхээр л цэргийн албанд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, түүнээс сэргийлэх, эрсдэл үүсэх нөхцөлийг арилгах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм бол хэдхэн ширхэг камер суурилуулах нь хангалтгүй. Камергүй хэсгүүдийг бүрэн хянаж чадахгүй.
АНУ-ын армид казармын коридор, шатны хонгил, үүдний хэсэг, хоолны газар, зэвсгийн өрөөний гадна камерыг идэвхтэй ашигладаг. Өмнөд Солонгосын арми мөн л хугацаат цэргүүдийн дундах дарамт шахалт, бэлгийн хүчирхийллээс үүдэлтэй амиа хорлолтоос сэргийлэхийн тулд цэргүүдийн байр болон казармын дундын бүсүүдийг бүрэн камержуулдаг. Хамгийн гол нь камерын бичлэгийг ангийн удирдлагаас гадуурх төв архивд хадгалдаг. Зөвхөн камерт найдалгүй камерын бичлэгийг хянаж буй харуулын сонор сэрэмж, дүрмийн хэрэгжилтийг чухалчилдаг.
Онцлон дурдаад байгаа аюулгүйн товчлуур нь бүрэн утгаараа ажиллаж чадах эсэхийг ч ярих нь зүйтэй. Олон улсад энэхүү аюулгүйн товч нь казармын коридор, угаалгын өрөө, эсвэл харанхуй булангуудад нууцлагдмал байдлаар байрлуулдаг. Цэрэг аюулд орсон үедээ энэ товчлуурыг дарвал тухайн ангийн жижүүрийн офицер болон дээд удирдлагын төвд дуугүй түгшүүр очдог. Энэ нь дарамталж буй хүнд мэдэгдэхгүйгээр шууд тусламж дуудах боломжийг олгодог. Харин улс даяар ариун цэврийн өрөө, усанд орох хэсэгт аюулгүйн товч байгаа талаар зарлачихаар хэн тэнд дарах вэ. Хэн тэр товчийг даруулах боломж олгоод зогсох вэ.
Барууны орнууд зөвхөн технологид найдах биш, тэрхүү товчлуур дарагдахад цэргийн удирдлагаас хамааралгүйгээр Хөндлөнгийн хяналтын баг орж ирдэг зохицуулалтыг ч хамтад нь хийсэн байдаг. Ингэж байж тэр товчлуур үүргээ гүйцэтгэж, бодитоор ажиллаж чаддаг.

.jpg)




.jpg)

.jpg)







