Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Өөрчлөлтийн элч төлөөлөгчид" төслөөс Монголын хүнсчдийн нэгдсэн холбоотой хамтран нарийн боов болон мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Өгөөмж архад”, “Хос ивээл” ХХК-ын удирдлага, ажилтнуудад “Бизнес дэх хүний эрх, байгаль орчны асуудал-Ажилтнуудын оролцоотой шийдэл” сэдэвт сургалт зохион байгууллаа. 50 гаруй хүн хамруулсан эдгээр сургалтаар хүний эрхийн үндсэн асуудлаас гадна хүнсний зарим бүтээгдэхүүний орц, найрлага дутуу дулимгаас хэрэглэгчийн эрх хэрхэн зөрчигдөх эрсдэлтэй, сав, баглаа, боодол болон хог хаягдлын менежментээс үүдэлтэйгээр байгаль орчинд үзүүлэх нөлөө, ажлын байрны дарамт, гомдол барагдуулах механизм зэрэг өргөн хүрээтэй сэдвийн хүрээнд ярилцаж, санал солилцсон юм. Мөн оролцогчид байгаль орчны менежментийн тогтолцоо нэвтрүүлэх гэж буй сайн туршлагаа ч хуваалцав.

"Өгөөмж архад" компанид зохион байгуулсан сургалтын үеэр

"Мэдээллийг тасралтгүй хүргэх нь чухал"

Сургалтын үеэр “Өгөөмж архад” компанийн Санхүү, хангамжийн албаны дарга Н.Энхзул “Хүмүүс бид аль нэгэн байгууллагын ажилтан, албан хаагчийн үүднээс эдлэх ёстой эрхээ сайн мэддэггүй юм байна. Жишээ, ажилчдын зүгээс гомдол, санал, санаачилга байгаа бол компани, удирдлага нь тэдгээрийг хүлээн авч, шийдвэрлэх Комисс байгуулах боломжтойг энэ удаагийн сургалтаас мэдлээ. Тухайн Комисс энэ үйл ажиллагааг явуулахдаа тусгайлсан журам баталж, асуудлыг нь шийдвэрлэсний дараа тайлан тавих ёстой юм байна. Ингэснээр компани илүү нээлттэй, хамт олны уур амьсгал илүү эерэг, эргэх холбоо сайтай болох ач холбогдолтой” хэмээн сургалтын талаарх сэтгэгдлээ хуваалцсан бол тус компанийн хүний нөөцийн менежер Чимэд “Ажлын байр, тэнд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн эрхийг тухайн компанийн дотоод дүрэм, журамдаа хүн гэдэг үүднээс нь нарийвчлан тусгах хэрэгтэйг ойлголоо. Бизнесийг хүн л хийж, хөдөлмөр гээч зүйл бид бүхний гараар л бүтэж, бий болдгийг маш сайн анзаарх ёстой” гэв.

Мөн тус компанийн Үйлдвэр, технологийн албаны дарга Б.Аюурзана “Ажилчид ямар эрх эдлэх ёстой, түүний зэрэгцээ ямар үүрэг хүлээх вэ гэдгийг хамт олондоо сайтар ойлгуулахын тулд энэ талаарх мэдээллийг тасралтгүй хүргэх нь чухал юм байна. Жишээ нь, албан тушаалын тодорхойлолтод бүх нийтийн арга хэмжээний талаар тусгадаггүй. Зөвхөн тухайн ажилтны үндсэн чиг үүргийг нь л тодорхойлдог. Үүнээс мэдээллийн зөрүүтэй байдал үүсэж, тухайн ажилтан сэтгэл дундуур үлдэж болзошгүй. Тухайлбал, нийтийн гудамж, талбайг цэвэрлэх шаардлага гардаг. Үүнд хамт олноороо, ажилчид бүгдээрээ оролцохыг шаарддаг. Гэтэл албан тушаалын тодорхойлолтод энэ талаарх ямар ч мэдээлэл, ойлголт оруулдаггүй. Уг нь үүнийг ажилтан нэг бүр анхнаасаа мэддэг байх ёстой. Тухайн хүн албан тушаалын тодорхойлолттойгоо танилцаад, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж буй нь түүнийг хүлээн зөвшөөрч буй хэрэг. Улмаар цаашдаа эрх нь зөрчигдөхөөс сэргийлж чадна” гэж сургалтын талаарх сэтгэгдлээ хуваалцсан юм.  

Н.Энхжаргал: “Өгөөмж архад” компани хүн, байгаль, нийгэмдээ ээлтэй үйлдвэрлэгч байх алсын хараатай

"Өгөөмж архад" компанийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал

Эл сургалт нь дээрх хоёр компани үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж буй энэ үед цаг үеэ олсон ажил болсныг тэд хэлж байлаа. Бизнес дэх хүний эрхийн үзэл баримтлал нь “Өгөөмж архад” ХХК-ийн эрхэм зорилго болох менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулан, хүн, байгаль, нийгэмдээ ээлтэй үйлдвэрлэгч байх зорилготой уялдаж байгааг удирдлагын зүгээс онцолсон. Тус компанийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргалтай цөөн хором ярилцлаа.

-“Бизнес дэх хүний эрх, байгаль орчны асуудал-Ажилтнуудын оролцоотой шийдэл” сургалтын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Би 2021 онд “Бизнес ба хүний эрх” чуулга уулзалтад оролцсон юм. Хувь хүний минь үзэл бодол, зарчимтай нийцсэн зүйлсийг тэндээс сонсож, ойлгосон учраас компанийнхаа үйл ажиллааг хүний эрхийг дээдлэхэд нийцүүлэхийг илүү их хүсэх болсон. Компанидаа олон стандарт нэвтрүүлж, баталгаажуулах бүрт хүний эрхийг хангах суурь бэхжиж байгаа гэдэгт итгэдэг. Энэ удаагийн сургалтын агуулга бүхэлдээ манай компанийн алсан хараа, үнэт зүйл, эрхэм зорилготой нийцсэнд баяртай байна. “Өгөөмж архад” компани хүн, байгаль, нийгэмдээ ээлтэй үйлдвэрлэгч байх алсын хараатай. Бид алсын хараагаа баримтлаад ажиллахад хүний эрхийг дээдэлсэн, цаашлаад Монгол Улсын иргэн бүр эрхээ эдэлж, үүргээ ухамсарлан амьдрах суурийг бий болгоход хувь нэмрээ оруулж буй хэрэг. Хүсэл мөрөөдөл, зарчим, зорилгодоо хүрэхэд маш ойрхон байна.

-Алсын хараа, эрхэм зорилгоо ийн тодорхойлсон нь үнэхээр л бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангах зарчмуудтай нийцэж байх шиг.

-Ер нь аль ч компанийн эрхэм зорилго, алсын хараа бол үүсгэн байгуулагчийнх нь зүрх сэтгэлээс гарсан, зарчим, үнэт зүйлээс нь ундарсан байх учиртай. Манай эрхэм зорилго бол монгол хүний ур ухаан, мэдлэгээр салбартаа тэргүүлэгч байхад чиглэдэг. Тухайн хувь хүн өөрөө аливаа зүйлд зүрх сэтгэлээсээ ханддаг, өөрийгөө болон бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг байх нь чухал. Алсын хараагаа дахин тодотговол хүн, байгаль, нийгмээ хайрлаж байж монгол хүн, эх дэлхий минь эрүүл байх ёстой. Өнгөрсөн 25 жилд бидний үнэт зүйлс хэдийнэ бий болж, төлөвшсөн. Энэ он жилүүдийн дийлэнхэд нь буюу эхнээсээ надтай хамт ажиллаж, өнөөдрийг хүргэсэн хүмүүс бид үнэт зүйлс нэгтэй, тууштай, хариуцлагатай, эерэг хандлагатай, ёс зүйтэй, амьд харилцаа байсан юм.

Товчхондоо, манай компанийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл нь зүрх сэтгэл, хайр гэж хэлнэ.  

-Сургалтад хамрагдсан танай хамт олноос гаргасан санаа, шийдлээс онцолбол?

-Манайхан болохгүй байгаа зүйлсийг зөвөөр харж илэрхийллээ. Бас мэдээллийн урсгал дутмаг байгааг анзаарлаа. Хамт олны маань бүх зүйл болж, бүтэж байгаа гэж удирдлагын зүгээс хараад байгаа нь мэдээллийн урсгал дутмагтай л холбоотой юм байна.

-Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг дээдэлж ажиллахад анхаарах, тулгамдсан асуудал нь юу байна?

-Гурилан бүтээгдэхүүний үйлдэврлэлийн салбарт тасралтгүй 25 жил үйл ажиллагаа явуулж байна. Манай салбар маш эмзэг, нарийн. Энэ хугацаанд тулгарсан, цаашдаа ч байх асуудлыг тоочвол цөөн биш. Гэхдээ асуудал байна, бэрхшээл бий гээд байвал дуусахгүй. Жишээ нь, манай компанийн хувьд 2018 оныг хүртэл нэлээд асуудалтай тулгарч байлаа.

Иймд тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх гарц, гаргалгааг олохын тулд үүсгэн байгуулагч, удирдлага нь өөрсдийн мэдлэг, чадвараа дээшлүүлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэх шаардлагатай.

Бидний хувьд хүнс үйлдвэрлэлийн олон улсын стандартууд, менежментийн тогтолцоо, лаборатор, байгаль орчин, хог хаягдлын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын гэх мэт олон стандарт, шаардлагыг шат дараатай нэвтрүүлж байгаа. Асуудал, бэрхшээл мөнхөд оршино. Гэхдээ түүнийг шийдвэрлэх гарц, гаргалгаа бүр ч олон бий шүү дээ.

-Танд баярлалаа.