Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.3-т заасан бүрэн эрхийн дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийг боловсронгуй болгох саналыг баталж, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооноос тус тус санал авсны дараа хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалаас ирүүлсэн Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга), Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тус тус санал хүргүүлэхээр тогтов.

Үүнээс гадна АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалаас ирүүлсэн тодруулга хүсэх, мөн иргэн Н.Ариунболдоос ирүүлсэн нээлттэй мэдээлэл авах тухай албан бичгүүдтэй танилцаж, хариу хүргүүлэхээр боллоо.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр Нийт шүүгчийн чуулганы Ажлын хэсгээс ирүүлсэн хүсэлтийн тухай хэлэлцэж, санал хүргүүлэхээр тогтож, мөн бусад асуудлыг хэлэлцэв.