УИХ, Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын иргэд болон аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, өмчлөх эрхийг баталгаажуулах нэгдсэн бүртгэлийн үйл ажиллагааг төрийн өмчит “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК хариуцан гүйцэтгэдэг. Тэгвэл тус төв нь ЭТТ компанийн хувьцааг бүртгэхдээ ноцтой алдаа олон гаргасан нь аудитын байгууллагын шалгалтаар илэрчээ. Төрийн өмчит “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Тавинжил ажиллаж буй юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 оноос хойш 10 гаруй их наяд төгрөгийн ногдол ашигт хуваарилснаас төрийн эзэмшлийн хувьцаанд 7,6 их наяд, аж ахуйн нэгжид 5.4 тэрбум, иргэдэд 2,3 их наядыг хуваарилсан байна. Тэгвэл эрх бүхий байгууллагын уялдаа хангалтгүйгээс хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, мэдээллийн үнэн зөв байдлыг алдагдуулсан гэж аудит дүгнэжээ.  

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь хувьцаа эзэмшигчийн нэгдсэн бүртгэлийг хөтлөхдөө хувьцаа эзэмшүүлэхээс өмнө Монгол Улсын харьяатаас гарсан иргэдийг бүртгэсэн нь хувьцааг “Монгол Улсын иргэн”-д эзэмшүүлэхээр заасан Засгийн газрын тогтоолуудтай нийцээгүй, мөн хугацаанаас өмнө нас барсан иргэдэд өмчлөх эрх олгосон. Тухайлбал, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нас барсан 135798 иргэн, харьяатаас гарсан 13823 иргэн бүртгэлтэйгээс хувьцаа эзэмшүүлэхээс өмнө нас барсан болон харьяатаас гарсан 1988 иргэн байна.

Хувьцаа эзэмшүүлэхээс өмнө Монгол Улсын харьяатаас гарсан 1482 иргэний 1,685,760 ширхэг хувьцаа, мөн нас барсан 388 иргэний 425,299 ширхэг хувьцаа тус тус бүртгэлтэй байгаа аж.

Харин хувьцаа эзэмшүүлэх хугацаанаас өмнө харьяатаас гарсан 16 иргэний 3712 ширхэг, нас барсан 17 иргэний 8325 ширхэг хувьцааг төрийн өмчлөлд буцаан худалдсан боловч хувьцааны нэгдсэн бүртгэлд уг гүйлгээний төрөл, эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй. Мөн Монгол Улсын иргэний бүртгэлд хүчингүй регистрийн дугаартай болон регистрийн дугаараа сольсон иргэд хувьцаа эзэмшигчийн бүртгэлд давхар бүртгэлтэй байна.

Хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн бүртгэлд хүчингүй регистрийн дугаартай 6272 иргэний 6.723.584 хувьцааг бүртгэснээс регистрийн дугаар өөрчлөгдсөн 2449 иргэний 2.624.792 хувьцааг давхар бүртгэсэн ба 49 иргэнийг хувьцаа эзэмшигчээр бүртгээгүй байна. Регистрийн дугаараа өөрчилсөн иргэдийн хүчингүй бүртгэлийн хувьцааны үлдэгдлийг шинэ регистрийн дугаараар шилжүүлэн бүртгэхдээ 35 иргэний эзэмшиж байсан 35.952 ширхэг хувьцааг 37.740 ширхэг гэж 1.788 ширхэг хувьцааг үндэслэлгүйгээр илүү бүртгэсэн байжээ.

Мөн регистрийн дугаараа шинэчилсэн 2449 иргэнийг бүртгэхдээ 2156 иргэний 2,311,232 ширхэг хувьцааг 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөр, 66 иргэний 70,752 ширхэг хувьцааг 2023 оны 12 хувьцааны 31-ний өдрөөр тус тус хүчингүй регистрийн дугаартай давхардуулан бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл, хууль, журмын шаардлага хангаагүй болон хувьцаа эзэмшүүлэхээс өмнө нас барсан, харьяатаас гарсан, хийсвэр болон хүчингүй бүртгэлтэй иргэдэд 6.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байна. Энэ мэт ноцтой зөрчил нь  хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн үнэн зөв байдлыг хариуцах чиг үүрэг бүхий 'Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв' ХХК-ийн үнэт цаасны шилжилт хөдөлгөөнд тавих дотоод хяналт, хэрэгжилт сул байгааг харуулж байна гэж үзжээ.

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн мэдээллийн “E-Clearing House” системийн үндсэн цэсээр бүртгэл хийгдээгүй, Улсын бүртгэлийн мэдээлэлд тулгуурлан гар аргаар хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хийсэн байна.

Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг системд бодит цагийн (Real-time) горимоор гүйцэтгэдэггүй, төрийн эрх бүхий байгууллагатай мэдээлэл солилцох системийн уялдаа, холбоогүй байгаа нь мэдээллийн үнэн зөв, бодитой байдал алдагдах, цаг хугацааны хоцрогдол үүсэх зэрэг эрсдэл үүсгэхээр байна.

Тиймээс хувьцаа эзэмших боломжгүй иргэдийг бүртгэлээс хасч, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, Монгол Улсын харьяатаас гарсан, нас барсан хугацаа тодорхойгүй иргэдийн хугацааг УБЕГ-тай хамтран тодорхой болгож, бүртгэлийн алдааг залруулах, регистрийн дугаараа шинэчилсэн иргэдийн өмнөх хүчингүй регистрийн дугаараар бүртгэлтэй хувьцааг шилжүүлэн бүртгэх, Монгол Улсын харьяатаас гарсан иргэдийг хувьцааны бүртгэлээс хасах эрх зүйн орчныг тодорхой болгох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх албан шаардлагыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн захиралд хүргүүлсэн байна.

Дээрх алдааг шуурхай засаж сайжруулахгүй бол Засгийн газраас гаргасан 2026 оны ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 154 дүгээр тогтоолоор нас барсан иргэдийн хувьцааны ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн энэ бүх ажил ойлгомжгүй, буруу болж хувирах эрсдэлтэй.

Үргэлжлэл бий...