Дэлхийн 2-р дайны дараа буюу 1945 оны 6-р сарын 26-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотод анхны 50 гишүүн улс “НҮБ-ын дүрэм”-д гарын үсэг зурсан түүхтэй. Ийнхүү 1945 оны 10-р сарын 24-ны өдөр тус дүрэм хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.
НҮБ (Нэгдсэн Үндэстний Байгууллага)-ын 80 дахь Ерөнхий Ассамблейн чуулган 9-р сарын 23-ны өдөр АНУ -ын Нью Йорк хотод эхлэх товтой байна. Ерөнхий Ассамблейн чуулганаар хиймэл оюун ухаан, ОХУ-Украины дайн, Газын зурвас дахь зөрчил зэрэг цаг үеийн халуун сэдвүүд тус чуулганд оролцогч талуудын хувьд чухал ач холбогдолтой боловч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудал улс орнуудын анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Даян дэлхийд их гүрнүүдийн өрсөлдөөн, зөрчил мөргөлдөөн нэмэгдэж буй өнөө цаг үед НҮБ-ын 80 жилийн ой тохиож байна. Дэлхийн улс орнуудын НҮБ-д итгэх харилцан итгэлцэлд сорилт, бэрхшээл тулгарч буй эсэх асуулт бидэнд нээлттэй хэвээр байна.
НҮБ-ЫН ГИШҮҮН УЛСУУД ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА БИЕЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
Өнөөдрөөс 80 жилийн өмнө Дэлхийн 2-р дайн дуусахад АНУ хэд хэдэн олон талт байгууллагуудын дэмжлэгтэйгээр олон улсын дэг журмыг үндэслэн байгуулсан. Тус олон улсын дэг журмын хүрээнд даян дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд учирч болзошгүй аюул заналхийллээс урьдчилан сэргийлж, АНУ холбоотон улсуудынхаа дэмжлэгтэйгээр өөрсдийн системийг бий болгох зорилготой байв. Энэхүү олон улсын дэг журам Хүйтэн дайны төгсгөл үе буюу ЗХУ (Зөвлөлт Холбоот Улс) задрах хүртэл динамик байдалтай үргэлжилсэн. АНУ-ын тогтоосон тус олон улсын дэг журам тэдний төсөөлөлд хараахан хүрээгүй ч өнөөг хүртэл оршин тогтносон хэвээр байна.

НҮБ болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага (ЮНЕСКО), Дэлхийн Худалдааны Байгууллага зэрэг олон улсын байгууллагуудад элсэх гишүүн улсуудын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр АНУ-ын хүч, нөлөө буурч эхлэх хандлагатай байна. Бодит байдлыг ажвал Олон улсын системийн хагарал, зөрчил Хүйтэн дайны төгсгөл үед эхэлж, АНУ-ын зүгээс ЮНЕСКО зэрэг НҮБ-ын системийн байгууллагуудыг тус улсын засаг захиргааны бодлогын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж үзэн Ерөнхийлөгч Рональд Рейганы үед тус байгууллагыг орхиж байсан түүхтэй. НҮБ-ын систем дэх байгууллагуудын гишүүн улсууд хамтран дундын өмчөө эзэмшиж, дүрэм журмаа мөрдөж, хамтын шийдвэрээ хэрэгжүүлсэн тохиолдолд л дэлхийн засаглалын хамтын тогтолцоо бий болно гэж олон улсын систем судлаачид тайлбарладаг.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дахь чуулган удахгүй эхлэх гэж буйтай зэрэгцэн тус олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллага суларч буйг олон улсын харилцаа судлаачид нотолж байна. Өнөөгийн хувьсан өөрчлөгдөж буй олон улсын харилцааны систем, геополитикийн тавцанд НҮБ-ын систем, түүний харъяа байгууллагуудын үүрэг, оролцоо сулран хумигдаж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэх зорилготой гишүүн улсуудын олон арван жилийн хүчин чармайлт хараахан үр дүнд хүрээгүй л байна. Үндэстнүүдийн Холбоо үүсгэн байгуулагдахаас өмнө Олон улсын цахилгаан мэдээний холбоо, Дэлхийн шуудангийн холбоо болон далай тэнгис, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн олон улсын байгууллагууд байгуулагдаж байсан түүхтэй. Эдгээр олон улсын байгууллагуудын ихэнх нь НҮБ-ын системд нэгдсэн бөгөөд одоо ч үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Өдгөө оршин тогтнож буй олон улсын байгууллагуудад тулгарч буй нийтлэг бэрхшээл, асуудлуудыг улс орнууд дангаараа шийдвэрлэх боломжгүй болсон учир хамтран шийдвэрлэх хэрэгцээ, шаардлага үүссэн.
Өнөөдөр хиймэл оюун ухаан гэх мэт зарим асуудлуудыг зохицуулахад улс орнуудын хамтын ажиллагаа нэн тэргүүнд шаардлагатай ч өсөн нэмэгдэж буй улс орнууд, их гүрнүүд олон улсын нийтлэг дүрэм, журмыг үл тоомсорлох хандлагатай байна. Түүгээр ч зогсохгүй өнөөгийн НҮБ-ын систем бүс нутгуудад олон арван жилийн турш тулгарсан эмзэг асуудлуудыг зохицуулж чадаагүйн учир шалтгаан нь Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрт 1 гишүүн улс хориг тавьж зогсоох боломжтой байдагт оршиж байна.
Гэсэн хэдий ч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон түүнийг дэмжигчид улс орнуудын өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудад нийтлэг ашиг сонирхлоо илэрхийлж буйг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Өнөөгийн олон улсын харилцаанд тулгарч буй үл илтгэлцлийг шийдвэрлэх гол түлхүүр нь улс орнуудын зохицуулалт бүхий хамтын үйлдэл, бодлого, арга хэмжээ байж болох магадлалтай юм.

80 ДАХЬ ЖИЛТЭЙГЭЭ ЗОЛГОЖ БУЙ НҮБ: ХЯМРАЛД НЭРВЭГДЭЖ БУЙ ОЛОН ТАЛТ ҮЗЭЛ, ХАНДЛАГА
Энэ оны 9-р сард АНУ-ын Нью-Йорк хотод чуулах НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд дэлхийн улс орнуудын удирдагчид уулзах гэж буй өнөө цаг үед олон талт үзлийн хямрал НҮБ-д тулгамдаж буй чухал асуудлуудын нэг болсон. Дэлхийн дайн, зөрчил мөргөлдөөний аюулаас хойч үеэ аврах зорилготойгоор үүсгэн байгуулагдсан НҮБ Европ, Ойрхи Дорнод, Африкийн бүс нутаг дахь мөргөлдөөн, их гүрнүүдийн хоорондох зөрчлийг шийдвэрлэх чадамжгүй болсон байна. Олон улсын эрх зүйчид “хүч хэрэглэхийн эсрэг хэм хэмжээний гамшигт сүйрэл” олон улсын системд аюул учруулж буйг учирлан тайлбарлаж байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын тогтворгүй бодлого нь олон арван жилийн турш өргөн хүрээнд хэлэлцэгдсэн, дүрэм, журамд суурилсан олон улсын худалдааны нийтлэг зарчмыг зөрчиж байна. Даян дэлхийн хэмжээнд гадаад тусламжийн төсөв хумигдаж, цэрэг, зэвсгийн зардал нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (ТХЗ)-ыг дэмжих бодлого удаашралтай явагдаж байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүн (P5) хоорондох хуваагдал улам бүр нэмэгдэж Украин, Газын зурвас дахь зөрчил, мөргөлдөөнийг шийдвэрлэх хүчин чармайлтад НҮБ-ын гүйцэтгэх үүрэг хумигдсаар байна. Даян дэлхийн энх тайванд заналхийлж буй эдгээр зөрчил, мөргөлдөөнүүд НҮБ-ын Ерөнхий Ассамблей (ЕА)-н анхаарлын төвд байна. АНУ-ын Ерөнхийлөгч НҮБ-ын системээс гадуур ОХУ-Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын төлөө зуучлалын үүрэг гүйцэтгэж буй ч ОХУ-ын түрэмгийллийн эсрэг Европын Холбоо, НАТО Украиныг тууштай дэмжиж байна. Дэлхийн нийтийн хэмжээнд тулгамдаж буй бүс нутгийн зөрчил, мөргөлдөөн, геополитикийн хүчний шилжилтийн дунд НҮБ-д санхүүжилтын хүндрэл тулгарч буй нь тодорхой байна. НҮБ-ын нийт төсвийн 22 орчим хувийг бүрдүүлдэг хамгийн том хандивлагч, санхүүжүүлэгч улс болох АНУ-ын засаг захиргаа Ерөнхийлөгч Трампын зүгээс зохион байгуулсан хяналт шалгалтын дараа НҮБ-д өгөх санхүүжилтээ танах төлөвтэй байна. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш НҮБ-ын төсөв, хүний нөөцийн бодлогыг өөрчилж 20 хүртэл хувиар бууруулах зорилготойгоор төсвийн зардлаа эрс танах ажлыг эхлүүлснийг онцлох нь зүйтэй. НҮБ-ын хэмнэлтийн бодлогын үр дүнд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай бүлгүүд, нийгмийн эмзэг давхаргыг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хүндрэл учрах төлөвтэй байна.
НҮБ-ын системийн хүрээнд цогц шинэчлэл хийгдэх нь гарцаагүй үнэн боловч тус шинэчлэлийг бодит үр дүнгүй гэж үзэж буй гишүүн улсууд буулт хийх хүсэлгүй байна. Дэлхийн өнцөг булан бүрт дайн, зөрчил, мөргөлдөөнд нэрвэгдсэн хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай хүүхдүүд болон энхийг сахиулах ажиллагаанд хамгаалагдаж буй энгийн иргэдэд НҮБ-ын төсвийн таналт хамгийн ихээр мэдрэгдэх нь ойлгомжтой байна.
ГИШҮҮН УЛСУУЛЫН ГҮН ХУВААГДАЛ ТОДОРХОЙГҮЙ ЖИМ РҮҮ ЧИГЛЭЖ БАЙНА
Дэлхийн 2-р дайны дараа АНУ болон түүний холбоотон улсуудад итгэл, найдварын галыг асаасан тус олон улсын системд хэд хэдэн хуваагдал, хагарал ажиглагдаж байна. НҮБ-ын системийн хуваагдал, хагаралд гишүүн улсууд тодорхой нөлөө үзүүлж буй ч Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдэд гол хариуцлага ногдож байна. НҮБ-ын төсөв, санхүүжилт танагдаж буй өнөө үед гишүүн улсуудын хуваагдал, хагарал улам бүр нэмэгдэж буй нь тус олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааны ирээдүйн тэлэлтэд сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна. 2024 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (Франц, Герман, Их Британи, АНУ) хамгийн том 4 хандивлагч улсуудын хөгжиж буй улсуудад үзүүлэх олон нийтийн хөгжлийн тусламж 9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Олон улсын санхүүгийн шинжээчдийн таамаглаж буйгаар энэ онд тус үзүүлэлт 9 хувиар буурч 17 хувьд хүрнэ гэсэн байна. Иймд дайн, зөрчил, мөргөлдөөнд нэрвэгдсэн бүс нутгуудын иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэхийн тулд НҮБ-ын системийн байгууллагууд болон гишүүн улсуудын оролцоо нэн тэргүүнд шаардлагатай байна. Даян дэлхийн тогтвортой хөгжил, эрүүл мэнд, хүмүүнлэгийн тусламжид учирч буй бодит аюул, сөрөг нөлөөлөл нь АНУ-ын Засгийн газрын төсвөө танах бодлогоос үүдэлтэй юм.
Ирэх онд НҮБ-ын системийн хүрээнд шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ. Тус албан тушаалыг хүлээн авах хүнд олон саад, бэрхшээл тулгарах нь гарцаагүй. Ирээдүйд даян дэлхийд энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжих, зөрчил, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд НҮБ-ын гүйцэтгэх үүрэг өндөр байх нь тодорхой байна. Тус олон улсын хамтын нийгэмлэгийн шинэ тэргүүнд НҮБ болон түүний харъяа байгууллагуудад тулгамдаж буй олон бэрхшээл, асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлага гарна.
Эх сурвалж: Council on foreign relations
