“Нэг бүс нэг зам” Хамтын Хөгжил Судалгааны Төвийн тэргүүн, хятад судлаач, Т.Чулуун-Эрдэнэ, Доктор

Дэлхийн эдийн засгийн газрын зургийг тодорхойлогч БНХАУ-ын Таван жилийн төлөвлөгөө гэдэг бол зөвхөн тус улсын дотоод хэрэг биш, харин бүс нутгийн, тэр дундаа манай улсын хувьд цаашид макро эдийн засгийн төлөвлөлтдөө анхаарах гол чиг баримжаа болох юм. БНХАУ-ын эрх баригчдаас саяхан боловсруулсан “Улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн XV таван жилийн төлөвлөгөөний төсөл (2026-2030)" нь ирэх таван жилд Хятадын эдийн засаг ямар замаар явахыг тодорхойлсон стратегийн хамгийн чухал баримт бичиг боллоо.

Хятад судлаачийн хувиар миний бие саяхан зохион байгуулагдсан https://www.mongoliapress.mn/news/mongol-hyatadyn-harilcaa  эрдэм шинжилгээний хурлын үеэр өөрийн тавьсан илтгэл болон бусад илтгэгч нарын судалгаа, дүн шинжилгээнд тулгуурлан энэхүү нийтлэлийг хүргэж байна.

Бидний өмнө "түүхий эдийн хараат" байдлаас гарч, технологийн түншлэлд суурилсан эдийн засгийн шинэ интеграцид нэгдэх түүхэн боломж, басхүү цаг хугацаатай уралдах сорилт тулгарч байна.

1. "ШИНЭ ЧАНАРЫН ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН": БУЛЧИНГИЙН ХҮЧНЭЭС ТАРХИНЫ ХҮЧ РҮҮ

Хятадын XV таван жилийн төлөвлөгөөний гол цөм нь "Шинэ чанарын үйлдвэрлэх хүчин" хэмээх концепц юм. Энэ нь хямд ажиллах хүч, нүсэр дэд бүтцэд суурилсан уламжлалт өсөлтийн загвар дуусгавар болж, оронд нь өндөр технологи, мэдлэг, инновацид суурилсан шинэ философи руу шилжиж буй хэрэг.

Хятад улс "Тооноос чанарт" шилжих макро эргэлтийг хийж байна. Тэд зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байхаа больж, GPU чип, тархи-компьютерийн интерфэйс (BCI), устөрөгчийн эрчим хүч зэрэг ирээдүйн технологийн дэлхийн стандартыг тогтоогч болохоор төлөвлөгөөндөө тусгажээ. Монгол Улсын хувьд энэ нь "бид юу нийлүүлэх вэ?" гэдгээс илүү "бид ямар стандартаар нийлүүлэх вэ?" гэдэг асуултыг тэргүүн эгнээнд гаргаж ирлээ. Хятадын зах зээлд үлдэхийн тулд манай уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд тэдний шинэ "ногоон/дижитал" стандартад нийцэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

2. ТӨЛӨВЛӨЛТИЙН УЯЛДАА: МОНГОЛ УЛСЫГ 2026-2030 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ БА ХЯТАДЫН XV ТАВАН ЖИЛ

Эдийн засагч Н.Энхбаярын онцолсноор, Монгол Улсын Их Хурлаас 2025 оны 11-р сард 109-р тогтоолоор  баталсан "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" нь Хятадын XV таван жилийн төлөвлөгөөтэй цаг хугацааны хувьд яг давхцаж байна. Энэ нь хоёр улсын хөгжлийн бодлогыг уялдуулах түүхэн боломжийг олгоно. Түүнчлэн манай улсын төлөвлөгөөнд туссан найман үндсэн чиглэл, тэр дундаа "Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил", "Байгаль орчин, ногоон хөгжил" зэрэг зорилтууд Хятадын шинэ бодлоготой шууд огтлолцож байна. Жишээлбэл, Монгол Улс ирэх таван жилд эрчим хүчний үйлдвэрлэлийг 14,078 сая кВт.цагт хүргэх, логистикийн гүйцэтгэлийн индексийг 2.5-аас ахиулах амбицтай зорилт тавьсан. Эдгээр зорилтод хүрэхэд Хятадын ирэх таван жилийн төлөвлөгөөнд туссан хөрш орнуудтайгаа улам нээлттэй, харилцан ашигтай хамтран ажиллах гэсэн прагматик бодлого гол хөшүүрэг болох юм.

3. ӨВӨР МОНГОЛЫН "1571" СТРАТЕГИ: ХОЙД ЗҮГТ НЭЭЛТТЭЙ БАЙХ ГҮҮРЭН ГАРЦ

Судлаач доктор Х.Баатархүүгийн онцолсноор, Хятадын XV таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн гол талбар нь манай улстай 4700 гаруй км зурвасаар хиллэдэг ӨМӨЗО байх болно. Өвөр Монголын Намын хорооноос дэвшүүлсэн "1571" төлөвлөлт нь ирэх таван жилийн эдийн засгийн хөгжлийн ерөнхий удирдамж юм.

Энд дурдагдаж буй "5" гэсэн тоо нь Монгол Улсад шууд хамааралтай таван стратегийн байр суурийг илэрхийлж байна. Үүнд:

Хоёр саад: Экологийн аюулгүй байдлын саад болон хойд хилийн аюулгүй байдлын саадыг арилгах.

Хоёр суурь: Үндэсний эрчим хүч, стратегийн нөөцийн бааз болон хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бааз болох.

Нэг гүүрэн гарц: Улсын хойд зүг рүү нээлттэй байх чухал гүүрэн гарц болох.

Өвөр Монголын эдийн засаг 2025 онд 2,67 их наяд юаньд хүрч, 6.1 хувиар өссөн нь манай улсын хувьд асар том зах зээл хаяанд маань байгааг илтгэнэ. Түүнчлэн, ирэх таван жилд Өвөр Монголд 21,000 томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, нийт хөрөнгө оруулалт нь 17.57 их наяд юань давж байгаа нь манай улсын хувьд дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх санхүүгийн асар их нөөц боломж байгааг харуулж байна.

4. ЭКОЛОГИЙН БАГЦ ХУУЛЬ БА УУЛ УУРХАЙН ШИНЭ ШАЛГУУР

Хятадын XV таван жилийн төлөвлөгөөний нэгэн онцлох шинэчлэл бол "Экологи хүрээлэн буй орчны хуулийн цогц эмхэтгэл" (ЭШХ-ын үеэр Доктор А.Батцэцэг холбогдох сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн) болон "Ногоон олборлолтын стандарт 2026" . Энэхүү хууль тогтоомж нь байгаль орчинд хохирол учруулсан компаниудад хүлээлгэх хариуцлагыг эрүүгийн түвшинд хүртэл чангатгаснаас гадна, хилээр орж ирж буй түүхий эдүүдэд тавих экологийн шаардлагыг хуульчилсан байна.

Монголын уул уурхайн компаниудын хувьд энэ нь маш том сорилт. Хэрэв манай бүтээгдэхүүн (нүүрс, зэс, төмрийн хүдэр) Хятадын шинэ ногоон стандартад нийцэхгүй бол зах зээлээс шахагдах эрсдэл бодитой боллоо. Хүхэр болон үнслэгийн агууламж өндөртэй нүүрсэнд тавих хяналт чангарч, "Нүүрстөрөгчийн хийг саармагжуулах" (Carbon Neutrality) зорилтын хүрээнд импортын бүтээгдэхүүний экологийн гэрчилгээг шаардаж эхэлнэ. Энэ нь биднийг олборлолтын тоо хэмжээнээс илүүтэйгээр баяжуулах, цэвэршүүлэх технологид хөрөнгө оруулахыг шууд шаардаж буй хэрэг юм.

5. МОНГОЛЫН ЭКСПОРТЫН СОРИЛТ: НҮҮРСНИЙ "АЛТАН ЦОНХ" ҮЕ ХААГДАЖ БАЙНА

Эдийн засагч Н.Энхбаярын судалгаанаас үзвэл, 2025 онд Монгол Улсаас БНХАУ-д 14 тэрбум гаруй ам.долларын түүхий эд экспортолсон нь манай нийт экспортын 90 гаруй хувийг эзэлж байна. Гэвч Хятадын эрчим хүчний шилжилт маш хурдтай явагдаж, 2026 оны эхний байдлаар сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал нь түүхэнд анх удаа нүүрсний эзлэх хувийг давлаа.

Хятад улс 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлаа оргил цэгт нь хүргэх зорилт тавьсан. Энэ нь манай нүүрсний экспортын хувьд ердөө 5 жилийн "алтан цонх" үе үлдсэнийг сануулж байна.

Хятадын дотоодын нүүрсний олборлолт 4.8 тэрбум тоннд хүрч тогтворжсон тул тэд ирэх жилүүдэд зөвхөн өндөр чанартай, байгаль орчны стандартад нийцсэн нүүрсийг л импортлох бодлого баримтална. Тиймээс бид нүүрсний орлогоо 2030 оноос өмнө ногоон эрчим хүч, газрын ховор элемент болон нэмүү өртөг шингээх боловсруулах үйлдвэрлэл рүү хөрвүүлэх стратегийн шилжилтийг яаравчлах хэрэгтэй.

6. ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ БА ТЕХНОЛОГИЙН ТҮНШЛЭЛ

Хятадын ирээдүйн аж үйлдвэрийн 3 түвшний бодлогын зураглалд цахилгаан автомашин, шинэ эрчим хүч, био-эм зүй зэрэг салбарууд эдийн засгийн гол хөдөлгүүр болохоор заагдсан. Эдгээр салбарын амин судас нь Газрын ховор элемент  юм. Ингээд Хятад улсын эдийн засгийн төлөвлөгөөнд "Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлнэ" гэж заасан нь Монгол Улсын хувьд түүхий эд нийлүүлэгчээс "Технологийн түнш" болох түүхэн боломж юм.

Хятад улс газрын ховор элементийг боловсруулах дэлхийн хамгийн дэвшилтэт технологийг эзэмшдэг. Бид зөвхөн "түүхий эд" экспортлох бус, Хятадын технологийг Монголд нутагшуулах, хамтарсан R&D лабораториудыг байгуулах замаар нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах стратегийг баримтлах ёстой. Энэ нь Хятадын XV таван жилийн төлөвлөгөөнд туссан "Үйлдвэрлэл-Сургалт-Судалгаа"-ны уялдааг хил дамнасан түвшинд хэрэгжүүлэх боломжийг олгоно.

7. ЛОГИСТИКИЙН АРТЕРИ БА УХААЛАГ БООМТ

Худалдааг хөнгөвчлөх хамгийн гол хүчин зүйл бол дэд бүтэц. Хятад улс ирэх таван жилд логистикийн зардлыг ДНБ-ийн 10% хүртэл бууруулах амбицтай зорилт тавьсан. Үүний хүрээнд Монгол Улстай шууд холбоотой гурван том төслийг ирэх таван жилийн төлөвлөгөөндөө нэр зааж хуульчилжээ:

Гашуунсухайт-Ганцмод төмөр зам: "Ганцмодны төмөр замын боомтыг барьж байгуулна" гэж заасан нь олон жил гацсан нүүрсний экспортын гацаа арилна гэсэн улс төрийн баталгаа юм.

Замын-Үүд-Эрээн боомт: "Эрээн хотын боомтыг шинэчлэн сайжруулна" гэсэн нь манай импортын гол сувгийн нэвтрүүлэх чадвар нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих эерэг нөлөөтэй.

Хийн хоолой: "Хятад-Оросын төв чиглэлийн байгалийн хийн хоолойн (Сибирийн хүч-2) урьдчилсан ажлыг урагшлуулна" гэж заасан.

8. ЭКОЛОГИЙН ЗАСАГЛАЛ БА COP17: ШОРООН ШУУРГЫГ "НОГООН ХӨГЖИЛ" БОЛГОХ НЬ

2026 онд Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх COP17 хурлыг эх орондоо зохион байгуулах гэж буй нь Хятадын XV таван жилийн төлөвлөгөөнд туссан экологийн зорилтуудтай яг таарч байна. Хятад улс эдийн засгийн төлөвлөгөөндөө "Гурван хойд бүсийн төслийн тулаанд ялалт байгуулах" хэмээн зарласан нь манай улсын хувьд экологийн эдийн засгийн маш том боломж юм.

Өвөр Монголын нутагт нийт 8.2 сая га талбайг ойжуулсан туршлага нь манай "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнтэй нэгдмэл экосистем дээр залгагддаг. Хятадын талаас "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ" гэж заасан нь COP17-ийн үеэр Хятад улс ӨМӨЗО-ны туршлага, технологийг ашиглан Монголд экологийн ногоон санхүүжилт болон ойжуулалтын дэмжлэг үзүүлэх эрх зүйн үндэс нь болж байна.

ДҮГНЭЛТ: СТРАТЕГИЙН ТЭНЦВЭР БА ҮНДЭСНИЙ МАНЛАЙЛАЛ

БНХАУ-ын XV дахь таван жилийн төлөвлөгөө нь Монгол Улсын хувьд эдийн засгаа тэлэх, гацсан мега төслүүдээ хөдөлгөх, технологийн шинэчлэл хийх "Түүхэн эдийн засгийн боломж"-ийг нээж байна. Гэвч энэхүү боломж нь биднийг түүхий эдийн хамаарлаас гаргах уу, эсвэл улам гүнзгийрүүлэх үү гэдэг нь бидний бодлогын сонголтоос шууд хамаарна.

Бид урд хөршийнхөө газрын ховор элементийн "огцом эрэлт", экологийн "сорилт" (элсэн шуурга) болон шинээр батлагдсан "Экологийн хуулийн цогц эмхэтгэл"-ийн өндөр шалгуур дээр тулгуурлан, өөрийн үндэсний эрх ашигт нийцсэн прагматик бодлого явуулах шаардлагатай. Монгол Улс зөвхөн түүхий эд нийлүүлэгч байхаас татгалзаж, Хятадын ирэх таван жилийн төлөвлөгөөнд туссан дэд бүтэц, технологийн зорилтуудыг өөрийн "Алсын хараа 2050" болон 2026-2030 оны хөгжлийн хөтөлбөртэйгөө ухаалгаар уялдуулах цаг иржээ.

Эх сурвалж:

1. 中华人民共和国国民经济和社会发展第十五个五年规划纲要(草案),2026,03月。

2. Эдийн засагч, дэд професоор Н.Энхбаяр, Хятад улсын хөгжлийн 5 жилийн төлөвлөгөө ба Монгол Улсын хөгжлийн зорилтуудын уялдаа, илтгэл.

3. Хятад судлаач, доктор, Х.Баатархүү, ӨМӨЗО-ны төлөвлөлт “1571” илтгэл,

4. Хятад судлаач, доктор Т.Чулуун-Эрдэнэ. Хятадын XV таван жилийн төлөвлөгөө “Шинэ чанарын үйлдвэрлэх хүчин” Монголд ямар орон зай нээх вэ? Илтгэл