Ой, хээрийн болон объектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар өнөөдөр мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.05.14/ байдлаар объектын гал түймрийн 2070 тохиолдол бүртгэгдснээс 309 буюу 15 хувийг өнжмөл шар өвсний түймэр эзэлж байна. Объектын гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 26.8 хувиар өссөн бол гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 31.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өнжмөл шар өвс шатсан дуудлагын 79.3 хувь нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бүртгэгджээ.

Харин улсын хэмжээнд 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.5 хувиар өссөн дүнтэй байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47.071, хээрийн 701.011, нийт 748.082 га талбай,  таван байшин, 49 гэр, дөрвөн автомашин, дололон мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн түймрийг унтраахаар ОБЕГ-ын  Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан онцгой байдлын байгууллагын 176 алба хаагч, 14 автомашин, 319 гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй,  мэргэжлийн ангийн 87 хүн, 16 автомашин, нийт  263 хүн, 30 автомашинтай үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Түймрийн зүүн, зүүн урд, урд тал, баруун урд талыг цурамд оруулж, баруун хойд талын түймрийг хяналтад оруулахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 11915 га талбай өртжээ.

Хуурашилтын зэрэг өндөр, түймэр гарах эрсдэл хэвээр байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.