БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шийдвэрээр 4 дүгээр сарын 09-нд Өвөр Монголын Чөлөөт худалдааны туршилтын бүсийг байгуулж буйгаа албан ёсоор зарлав. Энэ бол Хятад улсын 23 дахь чөлөөт худалдааны туршилтын бүс бөгөөд өмнө зүгийн Хайнань арлаас хойд зүгт Монгол Улс, ОХУ-ын хил хүртэл үргэлжилсэн, Хятадын бүх муж, өөртөө засах орон, шууд харьяат хотуудыг хамарсан үндэсний хэмжээний чөлөөт бүсийн сүлжээ бүрэлдэн тогтож буйг судлаачид онцолсон байна.
Уг Чөлөөт бүс байгуулснаар Өвөр Монгол нь Монгол, ОХУ болон бусад бүс нутгийн улс орнуудтай хийх худалдааг эрс нэмэгдүүлэх стратегийн гарц болж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл ногоон эрчим хүчний сүлжээ, дэд бүтэц болон хил дамнасан төмөр замын логистикийн нэгдсэн системийн нэг хэсэг болж байгаа юм. “Хөрөнгө оруулалт, худалдааг хөнгөвчилсөн, инновацын шилдэг экосистемтэй, шилдэг үйлдвэрүүдийн кластер бүрэлдсэн, олон улсын хамтын ажиллагаа идэвхэжсэн” өндөр түвшний чөлөөт худалдааны бүсийн хөгжлийн зорилтыг тавиад байна.
Байршил, зохион байгуулалтын хувьд Хөх хотод 76.2 км2, , Манжуурт 25.1 км2, Эрээн хотод 18.35 км км2 гэсэн нийт 119.74 км2 газартай 3 салбар бүсийг байгуулахаар болжээ. Дотоодын болон олон улсын зах зээлийг холбосон "Бүс ба зам" санаачилгыг хэрэгжүүлэх чухал гарц болох зорилго тавьж буй олон улсын худалдаа, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, тээвэр логистик, байгалийн нөөц, шинжлэх ухаан, технологийн инновац, аж үйлдвэр гэх мэт олон төрөл чиглэлийн үйл ажиллагаа явуулах юм.
Уг чөлөөт бүсүүд нь ойрын 3-5 жилийн дотор хөрөнгө оруулалт татах замаар хөгжүүлж, худалдаа, логистикийг үе шаттай хэрэгжүүлэн, өрсөлдөх чадвар бүхий инновацын эко систем бий болох юм. Мөн Ганцмод боомтыг орчин үеийн өндөр технологи бүхий боомт болгох стратегийн зорилт тавьжээ. Өвөр Монгол нь дотоодын болон олон улсын зах зээлтэй холбогдох 20 боомттой. Үүнээс 14 нь хуурай газрын боомт бөгөөд ачаа тээвэрлэлтийн хэмжээ 2025 онд 132 сая тоннд хүрч дээд амжилт тогтоожээ.
Чөлөөт бүсийг байгуулах дунд хугацаандаа 7 томоохон чиглэлээр 81 шинэчлэлийн хэрэгжүүлж улмаас 3-5 жилийн дотор хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлсэн, аж үйлдвэрийн төвлөрөл буй болсон, экологийн хувьд эрүүл орчинтой өндөр түвшний чөлөөт худалдааны бүс байгуулахаар төлөвлөжээ.
Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн дээр дурдсан 3 салбар нь газар зүйн байршил, дэд бүтцийн нөхцөл, үйлдвэрлэлийн кластерийн бүрдэл зэргээс шалтгаалж өөр өөр онцлог шинжүүдтэй байхаар хөгжлийн загвараа гаргажээ.
• Хөх хотын бүс (76.28 кв.км): Өвөр Монголын чөлөөт худалдааны бүсийн гол хөдөлгүүр учир хамрах хүрээ, хөрөнгө оруулалт зэргээрээ харьцангуй том газартай. Мужийн төв хотын давуу талыг ашиглан сүү, ногоон үйлдвэрлэл, био-анагаах ухаан сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл зэрэг өндөр технологийн салбарыг хөгжүүлэхэд голчлон анхаарлаа хандуулах төлөвтэй байна.
• Манжуурын бүс (25.11 кв.км): Хятад улсаас ОХУ-тай хийгддэг худалдааны гол боомт. Хятадын хамгийн том хуурай газрын боомтод тулгуурлан импортын түүхий эдийг тухай орон нутагт нь боловсруулах, хил дамнасан санхүү, аялал жуулчлал, ухаалаг гаалийн бүрдүүлэлтийн загварыг буй болгохыг тэргүүн эгнээнд анхаарна.
• Эрээн хотын бүс (18.35 кв.км): Монгол-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулан ажиллаж буй бөгөөд ашигт малтмалын худалдаа, хил орчмын аялал жуулчлал, хил дамнасан бүс дэх үйлдвэрлэл, олон улсын тээвэр логистик, хуурай газрын ба далайн боомтын холболтыг хөгжүүлэхэд чиглэл бололтой.
Хэдийгээр Өвөр Монголд ачаа тээврийн коридор байгаа ч бараа эргэлт гадагш чиглэсэн зөвхөн "дамжин өнгөрч", бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин бага байна. Чөлөөт худалдааны салбар бүсүүдийг байгуулагдсанаар "дамжин өнгөрөх эдийн засаг"-ыг "бүсэд суурилсан эдийн засаг" болгон хувиргах, улмаар аж үйлдвэрийн нэмүү өртгийг шингээх зорилготой ажээ.
• Шинэ технологийг өргөнөөр ашиглах. Жишээлбэл, Эрээн хотод Монгол-Хятадын хил дамнасан гар утасны төлбөрийн холболт, боомтууд дээр "5G + IoT" ухаалаг хяналтыг ашиглах нь бизнесийн зардлыг бууруулах зорилготой юм.
• Монгол-ОХУ-той хиллэж буй хойд хил дагуух анхны чөлөөт худалдааны бүс болсноор Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг өргөжүүлэхэд чухал чухал нөлөөлөл үзүүлнэ.
Чөлөөт худалдааны бүсэд хэрэгжих татварын болон бусад хөнгөлөлтийн бодлого
Уг чөлөөт худалдааны бүсэд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд цаашид улсын болон орон нутгийн түвшинд дараах татварын хөнгөлөлтийг эдлэх боломжтой.
Баруун бүсийн хөгжлийн ААН-ийн орлогын албан татварын хөнгөлөлт: Чөлөөт худалдааны бүсэд байрладаг, үндсэн үйл ажиллагаа нь "Баруун бүсийг нээн хөгжүүлэх салбаруудын жагсаалт"-д багтсан төслүүд бөгөөд уг бизнесээс олсон орлого нь нийт орлогынхоо 60%-иас дээш хувийг эзэлдэг аж ахуйн нэгжүүдэд ААН-ийн орлогын албан татварын 15%-ийг бууруулсан хувь хэмжээ ногдуулна.
Бичил болон жижиг аж ахуйн нэгжүүдэд зориулсан ААН-ийн орлогын албан татварын хөнгөлөлт:
Улсын түвшний татварын хөнгөлөлт: Бичил болон жижиг аж ахуйн нэгжүүдэд ААН-ийн орлогын албан татварыг 20%-иар хөнгөлнө.
Орон нутгийн татварын хөнгөлөлт: Жилд 1 сая юаниас доош татвар ногдох орлоготой Бичил болон жижиг аж ахуйн нэгжүүд ААН-ийн орлогын албан татварын орон нутгийн хувийг (40%-ийн хэсгийг) чөлөөлнө.
Үл хөдлөх хөрөнгийн албан татвар болон хотын газрын албан татвар: Сарын борлуулалтын орлого нь 30,000 юаниас хэтрэхгүй жижиг хэмжээний татвар төлөгчдийг үл хөдлөх хөрөнгийн албан татвар болон хотын газар ашиглах албан татвараас бүрэн чөлөөлнө.
Тээврийн хэрэгсэл болон нисэх онгоцны албан татвар: Ачааны машин, чиргүүл, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, дугуйтай тусгай зориулалтын машин механизмын тээврийн хэрэгсэлд одоогийн мөрдөгдөж буй татварын хувь хэмжээг 50%-иар бууруулна.
ХХОАТ-ын хөнгөлөлт: Чөлөөт худалдааны бүсэд ажиллаж буй тусгай болон нэн шаардлагатай мэргэжилтний ХХОАТ-ыг чөлөөлөх бодлого гаргаж байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар: Эхний 3 жил бүрэн чөлөөлж, дараагийн 2 жилд 50 хувь бууруулан төлнө.
Үзэсгэлэнгийн татварын урамшуулал: "Манжуурын Олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн"-ийг үндэсний хэмжээний олон улсын үзэсгэлэн болгон шинэчлэх, үзэсгэлэнгийн үеэр зарагдах импортын барааг бүх татвараас чөлөөлөх боломжийг олгох бодлого гаргана. Чөлөөт худалдааны туршилтын бүсийн дотор үйлдвэрлэж, экспортолж буй бараа бүтээгдэхүүний хувьд гол хэрэгжих бодлого нь "үйлдвэрлэлийн үе шатанд татвараас чөлөөлөх" биш харин "экспортын татварын хөнгөлөлт" юм.
Экспортын татварын буцаан олголт: Үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ экспортлохоос өмнө худалдаж авсан түүхий эдийн НӨАТ-ыг буцаан олгодог. Өвөр Монголын чөлөөт худалдааны бүс нь 2026 он гэхэд 3 сая тонноос дээш импортын түүхий эд боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж, "боловсруулалтын түвшин"-ийг 50%-иас дээш хүргэх явдал юм.
Үндсэн схем: Импортын түүхий эд → баталгаат бүсэд баталгаат хугацаагаар оруулах (татвар төлөхгүй) → бүс дотор боловсруулах (баталгаат ус, цахилгаан, хий болон бусад нөөцийг ашиглах) → бэлэн бүтээгдэхүүний экспорт (экспортын татвараас чөлөөлөгдсөн) → энэхүү схем нь татварын ачааллыг хамгийн бага хэмжээнд бууруулдаг.
Жишээлбэл: Эрээний чөлөөт бүсэд бүртгэлтэй ган хайлуулах үйлдвэр Монгол Улсаас 100 тонн төмрийн хүдэр импортлох үедээ 100 тонн төмрийн хүдэрт импортын гаалийн татвар эсвэл нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн үед төлөх шаардлагагүй. Харин гаалийн байгууллага үүнийг "баталгаат бараа" гэж бүртгэнэ. Гэхдээ энэ нь татвараас чөлөөлөгдөөгүй, харин "түдгэлзүүлсэн" байна. Хэрэв тухайн ААН төмрийн хүдрийг бүс дотор ган бүтээгдэхүүн болгон боловсруулж, дараа нь Япон руу экспортолбол бол өмнө нь "түдгэлзүүлсэн" импортын татварыг албан ёсоор чөлөөлнө. Энэ нь "баталгаат импорт, экспортын баталгаажуулалт" юм. Харин тухайн ААН бизнес загвараа өөрчилж, гангийн зарим бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулахыг хүсвэл баталгаат бүсээс гарсанд тооцогдож анхны 100 тонн төмрийн хүдрийн импортын гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх ёстой.
Өвөр Монголын Чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулагдсан нь Монгол-Хятадын худалдааны харилцаанд багагүй нөлөө үзүүлэх нь мэдээж. Энэ нь Хятад-Монгол-Оросын Эдийн засгийн коридорыг энгийн "дамжин өнгөрөх зам"-аас "үйлдвэрлэлийн эдийн засгийн коридор" болгон шинэ шатанд гаргах зорилго тавьжээ.
Эдгээр нөлөөлөл нь голчлон худалдаа, санхүү, аж үйлдвэр, логистик, соёл гэсэн доорх салбаруудад тусах бололтой.
Санхүүгийн үйлчилгээ:
Чөлөөт худалдааны бүсэд хоёр улсын бизнес эрхлэгчид худалдан авалт хийхдээ өөрийн гар утасны апп шууд ашиглах боломжтой болж эхэлж буй. Саяхан Эрээн хот боомтод нь Монголын SocialPay App ашиглан QR кодтой төлбөрийн гүйлгээг амжилттай гүйцэтгэж эхэлжээ.
Импортын түүхий эдийн боловсруулалт: Чөлөөт худалдааны бүс нь "импортын түүхий эдийн боловсруулалтын үйлдвэрүүд" хөгжүүлэхийг ихээр дэмжиж байгаа бөгөөд энэ нь Монголоос импортолсон нүүрс, төмөр жонш, ноос ноолуур, үхэр, хонины арьс зэрэг түүхий эдийг Өвөр Монголын чөлөөт худалдааны бүсэд нэмүү өртөг шингээн боловсруулснаар гуравдагч улсад экспортолно. Энэ нь зөвхөн Монголын ашигт малтмалын экспортын зах зээлийг тогтворжуулаад зогсохгүй үнэ, эрэлтийг илүү тогтвортой болгоно.
Логистикийн сувгууд: "Ухаалаг боомтууд"-ыг байгуулснаар Монгол, Хятадын хоорондох логистикийн сувгууд сайжирч гаалийн бүрдүүлэлтийн хурд мэдэгдэхүйц сайжирч байна. Эрээн хот боомтод "шууд экспортлох" загварыг хэрэгжүүлснээр гаалийн мэдүүлэг өгөхөөс эхлээд гарах хүртэлх нийт хугацаа 24 цаг болж багассан. Хоёр орны хэрэглэгчдийн хувьд томоохон өөрчлөлт бол логистикийг хурдасгах явдал юм. Хятадын цахим худалдааны платформуудаас захиалсан бараа маш хурдан Монголд хүргэх боломжтой болж логистикийн зардал 50%-иар буурна. Одоогийн байдлаар зөвхөн Эрээн боомтод хил дамнасан цахим худалдааны илгээмжийн өдөр тутмын боловсруулалтын хэмжээ дунджаар 5000 захиалга байгаа нь хурдацтай өсөлтийг харуулж байна.
Уламжлалт хилийн худалдааг сайжруулах нь: Уламжлалт хилийн худалдаа нь шинэчлэл рүү чиглэн хөгжиж байна. Эрээн хотын боомтод "хилийн худалдаа + орон нутгийн борлуулалт" гэсэн шинэ загвар нь ноос ноолуур, арьс шир, сүү, махь гар урлал зэрэг Монголын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний борлуулалтын сувгуудыг илүү олон хэлбэрээр ашиглах боломжийг судалж байна.
Хил дамнасан соёл аялал жуулчлал: Хил дамнасан авто аялал, "Цайны зам" зэрэг соёлын аялал жуулчлалын маршрутуудыг хөгжүүлэх зэрэг үйл ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Бид ч гэсэн одоогоор 4 газар чөлөөт бүс байгуулан үйл ажиллагааг нь жигдрүүлэх, сайжруулахаар хичээж байгаа энэ цаг үед зарим нэг бодлого шийдлээ гаргахад хэрэгтэй байж мэднэ гэсэн үүднээс уг нийтлэлийг бичив.
Хятад судлаач, доктор Х.Баатархүү











.jpeg)



