УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч удаа ярилцаж байсан. Дээрх асуудлууд шийдэгдэж амжаагүй байтал дахин олон улсын шүүх дээр Рио Тинто компани очоод байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Энэ үйл явдлын эргэн тойронд дахь асуудлаар О.Батнайрамдал гишүүнтэй ярилцлаа.

-Олон улсын хэвлэлд Риотинто компанийг шүүхэд өгсөн талаар бичсэн тухай сонслоо. Яг ямар асуудал үүсээд байна вэ?

-Дөнгөж уржигдар буюу зургаадугаар сарын 18-ны өдөр олон улсын Ройтерс агентлаг Рио Тинто компани Америкийн хөрөнгө оруулалтын “Pentwater Capital Management” тэргүүтэй хөрөнгө оруулагчдад 138.75 сая ам.доллар буюу 496 тэрбум төгрөгийн төлбөр өгөхөөр тохирч байгаа талаар мэдээлсэн байна. 2022 оны арванхоёрдугаар сар хүртэл Канад болон Америкийн хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалдаг Оюу толгойг эзэмшдэг “Туркис хилл” гэж компани байсан.

Шүүхэд нэхэмжлэл гаргагч “Pentwater Capital Management” тэргүүтэй хөрөнгө оруулагчид энэхүү компанийн 10-12 хувийг эзэмшдэг байлаа.

Дубайн гэрээгээр санхүүжиж байсан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хугацаанаас хоцорч, зардал үлэмж хэмжээгээр нэмэгдсэнийг нуун дарагдуулж, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн гэх ноцтой асуудлаар “Pentwater Capital Management” тэргүүтэй эдгээр хөрөнгө оруулагчид Риотинто болон түүний хуучин менежментийг АНУ-ын Нью-Иоркийн шүүхэд өгсөн байсан.

Дөнгөж өчигдөрхөн Риотинто компанийн зүгээс “Pentwater Capital Management” тэргүүтэй жижиг хөрөнгө оруулагчдад 138.75 сая ам.доллар олгох тохиолцоонд хүрэх санал тавьсан байна.

-Хувьцаа эзэмшигч “Pentwater Capital Management” сангийн Рио тинтог шүүхэд өгсөн худал гээд байгаа мэдээлэл нь юу юм бол?

-Нью-Иоркийн шүүхэд өгсөн 206 хуудас материал миний гар дээр байна. Бүх учир шалтгаан, үйл явц, дүгнэлтүүд энд маш тодорхой бичээстэй байна. Хувьцаа эзэмшигч “Pentwater Capital Management” сан ямар учраас Рио тинтог шүүхэд өгсөн бэ гэхээр Оюу толгой компанийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 1.9 тэрбум ам.доллароор өсгөж, ашиглалтанд орох хугацаа нь 2-2.5 жилээр хойшилсон асуудлаа хөрөнгө оруулагчдаас санаатайгаар нуун дарагдуулж, төөрөгдүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна.

Өөрөөр хэлбэр хөрөнгө оруулагчдад анх төсөвлөсөн төсөвтөө, анх тооцсон цаг хугацаандаа бүх үйл ажиллагаа хэвийн явж байна гэсэн илт худал мэдээлэл өгсөн гэж үзсэн.

Энэхүү худал мэдээллээ нуун дарагдуулахыг оролдсон, энэ тухай анх мэдэгдсэн “шүгэл үлээгч” ажилтнуудаа чимээгүй байлгах гэж оролдсон, ажлаас нь зүй бусаар халсан гэсэн үндэслэлүүдээр Рио Тинто компани, Рио Тинто компанийн 2016-2020 оны Гүйцэтгэх Захирал Jean-Sebastien Jacques, Зэсийн групийн захирал Arnaud Soirat нарт нэхэмжлэл гаргаж, шүүхэд хандсан байна.

Гэтэл Рио Тинто энэ алдаагаа албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй боловч 138.75 сая ам.доллароор тохиролцоонд хүрэх санал тавьсан нь албан бусаар алдаагаа зөвшөөрч байна гэж үзэж болохоор байна.

-Тэгэхээр энэ Рио Тинтогийн худал мэдээлэл өгсөн асуудал ч Монгол Улсын хувьд хамаатай биз дээ. Бид чинь Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг байхаа?

-Тиймээ, бид ч яг адилхан хохирсон гэсэн үг. Бидний эрх ашиг тэгвэл хаана байна вэ. Тэр үеийн 10-12 хувийг л эзэмшдэг “Pentwater Capital Management” тэргүүтэй гадаадын жижиг хөрөнгө оруулагчид ингэж асуудлыг гаргаж тавиад шүүхдээд, хохирлоо барагдуулж байхад бүхэл бүтэн 34 хувийн хувьцааг эзэмшдэг Монголын хохирлыг хэрхэн тооцож, хариуцлага нэхэх юм бэ. Монгол Улсын эрх ашиг хаана байна вэ?

2019 онд Риотинто компани Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 1.9 тэрбум ам.доллароор хэтэрсэн, хугацаа нь 2-2.5 жилээр анх төлөвлөснөөс хоцорсон гэж мэдээлж байсан. Эндээс үүдэж гарсан хохирлыг 34 хувийн хувьцаа эзэмшдэг Монгол Улсад хэн төлөх юм, яаж тооцох юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Энд ноцтой асуудлууд яригдаж байна. Дэлхийн томоохон Хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаат компани гэдэг нь бодит мэдээллээ, ялангуяа жижиг хөрөнгө оруулагчиддаа үнэн зөвөөр өгөх зохицуулалттай байдаг. Тэгэхээр мэдээллээ санаатайгаар нуун дарагдуулж төөрөгдүүлнэ гэдэг нь компанийн засаглал болон менежментийн ил тод байдлын маш ноцтой асуудал. Тухайн үедээ үнэнд гүйцэгдэж 1.9 тэрбум ам.доллароор хэтэрсэн зардал, 2-2.5 жилээр хоцорсон хугацаагаа олон нийтэд зарлахад компанийн хувьцааны ханш нь ганц өдрийн дотор 50 хувь унаж байсан түүхтэй.

-Шүгэл үлээсэн ажилтнаа чимээгүй байлгах гэсэн, ажлаас халсан гэж ярилаа. Энэ мэдээлэл хэрхэн дэлгэгдсэн юм бол?

-Далд уурхайн бүтээн байгуулалтад менежерээр ажиллаж байсан Richard Bowley, (мөн зөвлөх Maurice Duffy) нар энэхүү асуудлуудыг дотоодоо дэвшүүлж олон дахин сануулж, шүгэл үлээж байсан боловч харин ч эсрэгээрээ тэднийг чимээгүй болгож, эцэст нь ажлаас халаад, зүй бусаар халсанаа хаацайлах арга хэмжээ авч байсан гээд бүх зүйлийг энэхүү шүүхийн нэхэмлэлийн баримтад маш дэлгэрэнгүй дурджээ. Мөн энэхүү асуудалд хөндлөнгийн дүгнэлт гаргасан “International Consulting Group” (ICG)-ийн тайланд дээрх томоохон менежментийн алдаануудыг баталгаажуулсан гэдгийг шүүхийн баримтад бичжээ. Энэ бүхэн олон нийтэд нээлттэй мэдээлэл учир интернэтээр ороод 206 хуудас бүхий шүүхийн баримттай танилцах бүрэн боломжтой гэдгийг дашрамд дурдая.

-Монголчууд Оюу толгойн далд уурхайгаас ашиг хүртэх ёстой байтал энэ мэтчилэн гэрээний асуудлаас үүдэлтэй хохирч үлдээд байгааг та удаа дараа хөндөж байна. Одоо бидэнд ямар гарц, гаргалгаа байна вэ?

-2021 онд УИХ-ын 103 дугаар тогтоолын гуравдугаарт, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд хөндлөнгийн аудитын дүгнэлт хийлгэж, баталгаажуулж авая гэсэн боловч одоог болтол хийгдээгүй байна. Хэрэв энэ аудитын дүгнэлт гарсан бол дээрх асуудлууд гарч ирэх байсан. Тэгж байж Монголын эрх ашгийг хамгаалах болно. Риотинто энэ алдаа завхарлаа залруулж, Монголын талд гарсан хохирлыг тайлбарлаж, барагдуулах ёстой. Монголын эрх ашгийг хангаж ажиллах ёстой. Цаашдаа Оюу толгойн засаглалын болон менежментийн асуудлаар УИХ дээр хэлэлцүүлэг хийж ойлголтоо нэгтгэхгүй бол гаднын хэвлэлээс мэдээлэл авдаг байдал үргэлжилсээр байна. Монголын тал үргэлж хашааны гадна үлдэж, хохирогч байсаар байж болохгүй. Би өөрийн хэмжээнд Оюу толгойн ордын асуудалд анхаарал хандуулж, хөөцөлдөж явна.

Энд Онтрэ-гийн асуудал, татварын маргаан, зээлийн хүүгийн хэлэлцээр болон одоо энэ далд уурхайн бүтээн байгуулалт дээр гарсан шударга бус асуудлаар УИХ дээр хяналтын сонсгол хийж, энэ асуудлыг ил тод хэлэлцэж, яаралтай асуудлыг шийдүүлэхийн тулд ажиллана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин