Засгийн газрын хуралдаанаар "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс Э.Баясгаланг чөлөөлсөн. Mongoliapress агентлаг түүнтэй уулзаж ярилцлаа.  

-Таны хувьд багагүй хугацаанд "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-д Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ажиллалаа. Ямар зарчим, бодлого баримталж ирэв?

- “Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнийг томилох нээлттэй сонгон шалгаруулалт 2020 оны есдүгээр сард анх удаа зарлагдсан. Тухайн үед би АНУ-ын Нью-Иорк хотод хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байхдаа сонгон шалгаруулалтад материалаа илгээж, ЗГХЭГ-тай ярилцлаганд орсноор “Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсоноос хойш таван жил болох гэж байна. Энэ хугацаанд их олон зүйл болж өнгөрлөө. Сайн ч зүйл байна, саарч юм бий.

Сайн талыг нь ярьвал “Оюу толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай дуусгаж, тогтвортой олборлолтыг эхлүүлснээр 2028 он гэхэд жилийн 500 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалд хүрэхээр ажиллаж байна. Мөн Ковид цар тахлын хүнд үеийг амжилттай даван туулж, “Оюу толгой” ХХК нь 2025 оноос эхлэн баяжмалын борлуулалт анх удаа 4 тэрбум ам.доллар давж, үйл ажиллагааны хувьд 1.2 тэрбум ам. долларын эерэг мөнгөн гүйлгээтэй гарахаар байна. Энэ хугацаанд “Оюу толгой” ХХК-ийн урт хугацааны стратегийг тодорхойлж, ажилчдын ажлын байр ба нийгмийн асуудал, компанийн засаглал болон орон нутаг, Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэх чиглэлээр түлхүү анхаарч ажиллалаа.

ТУЗ-ийн гишүүний хувьд онцлох ажил маань Засгийн газрын Рио тинтотой хийсэн хэлэлцээрийн багт мэргэжлийн үүднээс ажиллаж Засгийн газрын 34%-д ноогдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж Монгол Улс ногдол ашиг авахгүйгээр алдагдал хүлээж байсныг өөрчлөх шийдвэрт хувь нэмрээ орууллаа. Ингэснээр Монгол Улс 2038 оноос эхлэн ногдол ашиг авах боломж бий болсон. 2021-2022 оны хооронд үргэлжилсэн энэ хэлэлцээрийн явцад надад төрсөн итгэл үнэмшил бол монголчууд бид бэлтгэл ажлаа сайн хангаад, асуудалд мэргэжлийн үүднээс ул суурьтай хандах юм бол цаашид аливаа хөрөнгө оруулагчидтай амжилттай хэлэлцээ хийх бүрэн боломжтой гэдгийг олж харсан.

Олон нийтийн мэдэж байгаачлан “Оюу толгой”-н ТУЗ-ийн есөн гишүүний зургаа нь Рио Тинто, гурав нь Монголын талаас томилогддог. Үндсэндээ Монголын талын гурван гишүүнд бие даан шийдвэр гаргах хэмжээний эрх мэдэл байдаггүй. Ихэнх тохиолдолд буюу төсвийн хэлэлцүүлэг, санхүүжилтийн бүтэц, зээлийн хэлэлцээр, том дүнтэй худалдан авалтын гэрээ зэрэг чухал асуудлуудыг Рио тинто компани бие даан шийдвэрлээд явдаг.

Өөрөөр хэлбэл Рио Тинто нь, нэгдүгээрт, хөрөнгө оруулагч, хоёрдугаарт, менежментийн үүрэг гүйцэтгэж байгаа, гуравдугаарт, зээлдүүлэгч, дөрөвдүгээрт ТУЗ-ийн дийлэнх олонхийн суудалтайгаар давхар давхар ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй асуудлыг миний хувьд цаг тухай бүрд нь ТУЗ дээр хөндөн ярьж, Монголын эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж ирсэн.

Мэдээж “Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээр хийх, зээлийн хүү бууруулах, нийт иргэдэд үр ашгаа өгөх, Үндсэн хуульдаа нийцүүлэх ажлууд үргэлжлэх учиртай.

-Оюу толгойн ТУЗ-д Монголын талаас томилогдсон гурван гишүүн эх орныхоо эрх ашгийг хамгаалахгүй байна гэдэг шүүмжлэл үеийн үед яригдаж ирсэн. Та сая Монголын талын гурван гишүүнд шийдвэр гаргах хэмжээний эрх мэдэл байдаггүй гэж хэллээ. Үүнийг засаж залруулж, өөрчлөх боломж бий юу?

-Юуны түрүүнд Оюу толгойн асуудал шууд улстөржсөн сэдэв болчихдог. Хоёрдугаарт, компанийн мэдээлэл нээлттэй биш. Улирал болгон тайлан гаргадаг ч иргэдэд хэрэгтэй мэдээллээ өгдөггүй. Эдгээр асуудлуудыг Монголын талаас томилогдсон үе үеийн төлөөлөл хэлж, ярьж ирсэн протоколууд байдаг.

Харин гол асуудал юунд байна вэ гэвэл, ТУЗ хаалттай хуралддаг. Тэр хаалттай хаалганы цаана юу болж байгааг олон нийт мэддэггүй, мэдэх ч боломжгүй. Тодорхой яривал, засаглалын хэмжээнд ТУЗ-ийн гишүүдийн эрх мэдэл хаана хүрээд зогсох вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Хуралд орохдоо гаргах шийдвэр бүр дээр толгой компани буюу “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-өөс удирдамж, чиглэл авч ордог. Тэр утгаараа өөрсдөө бие даан шийдвэр гаргадаггүй.

Энэ процессыг харвал удирдамжаа “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-өөс авдаг хэрнээ харьяалагдах байгууллага нь ЗГХЭГ, түүнчлэн УИХ-ын 92 болон 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах Засгийн газрын ажлын хэсгүүд нь өөр өөр яам дээр байх жишээтэй. Энэ мэтээс шалтгаалаад хоорондын уялдаа холбооноос гадна асуудлаа зөв ойлгож дүн шинжилгээ хийх процесс манай талд алдагдах сул талтай.

Нөгөө талаас “Оюу толгой” компанийн мэдээлэл зориуд ч юм уу нээлттэй бус байдаг. Ганцхан жишээ хэлэхэд, миний хувьд Засгийн газраас томилогдсон ч Монголын бүх иргэнийг төлөөлж, эрх ашгийг нь хамгаалах үүрэгтэй гэж боддог. Тэр ч утгаараа чухал ач холбогдолтой мэдээллүүд монголчуудад нээлттэй байх ёстой гэж үзэж “Оюу толгой” компанийн санхүүгийн бүтэц, Засгийн газарт ногдож байсан 2.3 тэрбум ам.долларын өрийн дүнгийн талаар ажил авсан цагаасаа л хэвлэл мэдээллийн байгууллагад хэлж ярьж ирсэн. Гэтэл “Оюу толгой” компанийн дотоод мэдээллийг ТУЗ-ийн гишүүд задруулж байна гэж дарамт үзүүлсэн. Цаашлаад “ТэнГэр” ТВ-д ярилцлага өгч, олон нийтэд мэдээлэл хүргэснийг минь компанийн нууц мэдээллийг задруулсан гэж үзсэн.

Дээр ярьсанчлан “Оюу Толгой”-н ТУЗ нь компанийн дүрмийн дагуу гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл, Монголд ашиггүй байх асуудлаар Монголын талын гурван гишүүн яаж ч эсэргүүцээд нэмэргүй, Рио Тинтогийн зургаан гишүүн олонхиороо дэмжээд батална гэсэн үг. Сүүлийн том жишээ нь, Онтрэгийн хоёр лицензийг “Оюу толгой” дээр шилжүүлж авах асуудлыг энэ оны нэгдүгээр сард ТУЗ дээр хэлэлцсэн. Тухайн үед миний байр суурь бол Онтрэгийн лицензүүд нь стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын нэг хэсэг, тэр ч утгаараа Засгийн газартай шинээр хөрөнгө оруулалтын гэрээ хийх учиртай, шууд “Оюу толгой” шилжүүлж авч болохгүй. Ийм чухал асуудалд Монгол Улсын Засгийн газрын оролцоогүй, Монголыг төлөөлж байгаа гурван гишүүний дэмжлэггүй батлаад явах нь бүрэн эрхт Монгол Улсын эрх ашгийг үл хүндэтгэсэн хэрэг гэдгийг онцолж хурлын протоколд тэмдэглэн үлдээсэн. Гэвч нөгөө талын зургаан гишүүн дийлэнх олонхиороо батлах жишээтэй.

Гэсэн хэдий ч энэ асуудал, түүний үр дагаврыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярьж байж, түүнчлэн Засгийн газрын гишүүд болон УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгсний дүнд өнөөдөр УИХ дээр уг асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулагдан ажиллаж байна.

Яг үнэндээ компанийн нууц мэдээлэлд юу орох вэ гэвэл борлуулалт, үйл ажиллагаатай холбоотой техник, өрсөлдөх чадварын мэдээлэл ордог. Түүнээс “Оюу толгой” компанийн ашигтай үйл ажиллагаа болоод манай Засгийн газарт хэзээ ногдол ашиг өгөх вэ гэдэг нь нууцад хамаарах уу. Гэтэл энэ мэдээллийг хэн хамааруулах, хэн тодорхойлох нь ойлгомжгүй. Энэ мэт асуудлаар “Рио Тинто” компани манай Засгийн газарт шахалт үзүүлж Монгол Улсыг төлөөлөхөөр томилсон ТУЗ-ийн гишүүнийг чөлөөлүүлэхийн тулд бичиг цаас явуулж, гомдол мэдүүлж байсан нь зохимжгүй санагдаж байна.

Хамгийн гол нь нууц мэдээлэл гэж юу вэ. Бид мэдээлэлд үндэслэн хамтын шийдвэр гаргах учиртай. Гэтэл шийдвэр гаргах дийлэнх олонх нь монголчууд биш, тэрхүү мэдээллийг нь монголчууд хэлэлцэж болдоггүй, зөвхөн хаалттай хаалганы цаана суугаад сонсоод өнгөрөх ёстой юм бол энд хамтын гэх утга бий юу гэдэг асуулт гарч ирнэ.

-ЗГХЭГ-аас таныг ямар үндэслэлээр чөлөөлж байгаа талаар мэдээлэл өгөөгүй гэж ойлголоо?

-Чөлөөлөгдсөн тухайгаа Eguur.mn сайтаас олж мэдлээ. Засгийн газрын зүгээс надтай албан ёсоор уулзаагүй, ямар нэг мэдээлэл өгөөгүй. Гэхдээ ийм асуудлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд худал мэдээлэхгүй гэж бодож байна. Миний оронд ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмонг томилсон гэж сонслоо.

Өчигдөр өглөө л гэхэд ЗГХЭГ-ын дэд дарга болон Засгийн газрын зарим гишүүнтэй ажлын хэсгийн уулзалтад ороод ширээ тойроод хамт сууж байлаа. Тэр үед надад юу ч хэлээгүй. Засгийн газрын хурлын дараа ч мэдэгдсэнгүй.

Оюу Толгой дээр Монгол Улсын эрх ашиг нэгдмэл байх ёстой гэж боддог. Нэг цул болж Рио тинтотой хэлэлцээр хийх ийм цаг үед нэгдмэл байх шинж чанараа алдаж байна уу гэж харлаа.

-Компанийн нууц задрууллаа гэсэн гомдол гаргаснаас харвал Оюу толгойн ТУЗ-ийн Монголын талын гишүүд гадагш нь олон нийтэд мэдээлэл өгөх тал дээр хэр эрх чөлөөтэй байдаг вэ. Ямар нэг үүрэг хүлээдэг үү. Үе үеийн ТУЗ-ийн гишүүд тэр бүр хэвлэлд ярьдаггүй шүү дээ?

-“Оюу толгой”-н ТУЗ-д Монголын талаас томилогдсон гишүүдийг мэдээлэл задруулахгүй байх, компанийн дотоод дүрмийг дагаж мөрдөх ёстой гэсэн “Нууцын гэрээ”-нд гарын үсэг зуруулдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, Рио тинтотой холбоотой тодорхой тооны баримт бичигт гарын үсэг зурж, үүрэг хүлээнэ гэсэн үг шүү дээ.

Миний хувьд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөхийн хувьд Монгол Улсын хууль, журмын хүрээнд л ажиллана гэж хэлээд гарын үсэг зураагүй. Өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн үе үеийн ТУЗ-ийн гишүүдээс “Нууцын гэрээ”-нд гарын үсэг зураагүй цор ганц хүн нь би байх.

Угаасаа ч тийм үүрэг, хариуцлага байх ёстой гэж бодохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тийм учраас дээр дурдсан Онтрэгийн лицензүүдийн асуудлаар болон үр дагаварын талаар олон нийтэд телевизээр нээлттэй мэдээлэл өгсөнд асуудал үүсгэсэн бололтой байна.

-ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Монголыг төлөөлж буй гишүүд “Эх орноо гэсэн сэтгэлтэй ажиллах хэрэгтэй, хангалтгүй байна” гэж хэллээ. Өнөөдөр ч биш үеийн үед улстөрчид ийм агуулгаар хандаж ирсэн. Та юу гэж хардаг вэ?

-Засгийн газрын гишүүд маань өөрсдийнх нь төлөөлөл болж ажиллаж байгаа хүмүүсийнхээ талаар ийм сөрөг мэдээлэл түгээж байгаад харамсдаг. Бидэнд олгосон хууль, журмын хүрээнд бүх бололцоогоо шавхаж ажиллаж ирсэн. Оюу толгойн асуудлаар улс орныхоо эрх ашгийг хангуулахад улстөрчид, Засгийн газрын гишүүдийн дэмжлэг маш чухал байдаг. Гэтэл хамтдаа гар нийлээд ажиллах ёстой нэг талын монгол хүмүүс бие биеэ буруутгаад байж болохгүй. Урьд нь, Ажлын хэсэг байгуулж, баг болж, хамтдаа чухал шийдэлд хүрч болдог юм байна аа гэдгийг бид харчихаад байгаа шүү дээ. Бид улстөржилтөөс ангид, асуудалд мэргэжлийн хандаж, ул суурьтайгаар л хамтран ажиллах ёстой. Эцсийн дүндээ Монголын эрх ашиг хангагдах уу, үгүй юу гэдэг нэгдмэл зорилгын төлөө л бид зогсох ёстой шүү дээ.