Төрийн ордонд, нэг өдөрт Оюу толгойтой холбоотой хоёр ньюанс өрнөлөө. Товчхондоо, нэг талд Оюу толгой Монголын төрийг дуудахад ирсэнгүй. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага парламентын мандаттай Хянан шалгах түр хорооны өөдөөс “боломжгүй, хэлэлцээрийн тактикаа ярихгүй” гэсэн ганц хуудас бичиг “шидэж” үл тоосон бол ордны нөгөө жигүүрт ЗГХЭГ-ыг хүслээрээ хөдөлгөж, шийдвэр гаргуулж чадав.
Ер нь үеийн үед Монголын эрх ашиг хөндөгдөж, мөнхийн зовлон болж ирсэн Оюу толгойн орд газар өнөөдөр ч асуудал дагуулсаар, сурсан зангаараа аргацаасаар буй бололтой. Хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суух, Монголын эрх ашгийг хөндсөн агуулгыг өөрчилж сайжруулах нэн шаардлага бий болсон гээд Оюу толгойтой холбоотой олон ноцтой асуудлыг цэгцлэх УИХ дахь Хянан шалгах түр хорооныхон зунжингаа ажилласан. Энэ хугацаанд төр, хувийн хэвшлийн олон ч байгууллагыг дуудаж мэдээлэл сонссон.

Харин Оюу толгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хороо лхагва гарагт Оюу толгойн мэдээллийг сонсох байв. Энэ товыг хэн нэгэн албан тушаалтан дур зоргоороо гаргадаггүй. Тогтсон дэг журмын дагуу даваа гараг бүр УИХ-аас албан ёсоор зарлаж https://www.parliament.mn/ сайтад байршуулдаг.
Энэ дүрэм журмын дагуу өчигдөр холбогдох албаны баахан хүмүүс ажлаа төлөвлөөд хүлээж байтал Оюу толгой компани ирээгүйгээс болж төрийн ажил гацаанд орж, тарцгаав.

Уг мэдээллийг сурвалжлахаар очсон хэвлэлийнхэн Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалаас тодруулахад “Парламентын сайт дээр даваа гарагт товоо зарласан. Энэ дагуу өнөөдөр мэдээллийг сонсох ёстой байсан боловч нэг өдрийн өмнө Оюу толгой компанийн гүйцэтгэх захирлын гарын үсэгтэй бичиг ирсэн. Тус бичигт “Цаг хугацаа нь хэтэрхий тулсан учраас оролцох боломжгүй, гүйцэтгэх удирдлагын хүмүүс гадаадад ажилтай яваа. Гэрээ хэлэлцээрт нөлөөлж болзошгүй тактикын асуудлаа яримаагүй байна” гэсэн агуулгыг дурдсан байна. Угтаа Хянан шалгах түр хороо бол хэлэлцээрийн тактик ярьдаг газар биш. Огт өөр мандаттай. Онтрэгийн асуудал буюу хувь эзэмшил, зээлийн хүүг бууруулах шийдвэрийг л ярих юм. Сүүлийн 16 жилийн процесст хяналт тавих чиг үүргийнхээ дагуу Оюу толгой компаниас асуух зүйл их бий. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд ч аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудыг дуудаж мэдээлэл сонсож ирсэн.
Оюу толгой ч бусдын л адил Монгол Улсад бүртгэлтэй, Монголын төр 34 хувийг эзэмшдэг дотоодын аж ахуйн нэгж шүү дээ. Парламентын хянан шалгах түр хороо дуудсан нөхцөлд ирэх үүрэгтэй. Тиймээс Оюутолгойг иртэл хойшлуулсан” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Зүй нь Оюу толгойн гүйцэтгэх удирдлага гадаадад томилолттой яваа бол даваа гарагаас хойш бүтэн 2-3 өдрийн хугацаанд Монгол руу нисээд ирэх бүрэн боломжтой. Үгүй юмаа гэхэд төлөөний хүнээ томилох боломж компанийнх нь дотоод журамд бий юм билээ. Нөгөөтэйгүүр зээлийн хүү зэрэг Монголчуудын эрх ашгийг хангуулах чухал асуудлыг ярихын өмнө “ам нээхгүй, тактикаа нууцална” гэсэн агуулгыг дурдсаныг юу гэж ойлгох вэ.
Монгол Улс 34 хувийг эзэмшдэг, Монгол Улсад бүртгэлтэй хэдэн мянган ажилтантай томоохон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж буй л бол Монголын төрийг хүндэтгэх учиртай. Ийм ноцтой, үл ойшоож буй асуудлыг парламент ч авч хэлэлцэж яагаад болохгүй гэж. Гадаадын хөрөнгө оруулалттай дурын нэг компани Монгол төрийг “дээр”-аас харах, дээрэлхэх учиргүй юм.
Тэгвэл Төрийн ордон руу илгээсэн Оюу толгойн хоёр өөр “бичиг”-ийн нөгөөх нь ЗГХЭГ-т ирж, улмаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргасныг зарим хэвлэл мэдээлэв. Eguur.mn сайтын мэдээлснээр Засгийн газрын хуралдаанаар “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс Э.Баясгаланг чөлөөлжээ. Э.Баясгалангийн Оюутолгойн ТУЗ-д Монголын Засгийн газрыг төлөөлдөг гурван гишүүний нэг бөгөөд ужгирсан олон асуудлыг хөндөж, шинэчлэл хийхээр зорьсонд дургүйцэж “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Шон Хинтон нь “Эрдэнэс Оюу толгой” ХХК-д албан бичиг явуулсан байна. Ингэхдээ “Э.Баясгалан Тэнгэр ТВ-д ярилцлага өгөхдөө компанийн нууц мэдээлэл задалсан. Нууц хадгалах үүргээ удаа дараа зөрчиж байна. Энэ асуудлаар тодорхой шийдэл гаргаж өгнө үү” гэсэн агуулгаар ханджээ. Энэ бичгийг үндэслэн ЗГХЭГ-аас хөрөнгө оруулагч талын хүслийг гүйцэлдүүлж Э.Баясгаланг чөлөөлөх шийдвэрийг ийнхүү албажуулсан бололтой. Тэрбээр ажлаас чөлөөлөгдсөнөө мэдээгүй, албан ёсоор хэлээгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Эндээс харахад, Монгол Улсын гүйцэтгэх засаглал эх орныхоо төлөө дуугарсан хүмүүсээ хөрөнгө оруулагч талын гомдлоор чөлөөлж буй нь их сонин логик биш гэж үү. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” компанийн нууц мэдээллийг алдагдуулсан гэдэг шийдвэрийг хэн гаргасан. Үүнийг Рио тинто компаниас томилсон хүн тодорхойлох юм уу эсвэл манай Засгийн газар шийдэх юм уу гэдэг асуулт гарч ирж байна.
Ийн Оюу толгой компани нэг гараараа Монголын төрийг үгүйсгэж, нөгөө гараараа Засгийн газраар хүссэн шийдвэрээ гаргуулж байгаа нь хачирхалтай. Үндсэндээ, хоёр талд хоёр бичиг илгээхдээ Монголын төрийг дээрэлхэж чадлаа.
















