ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах процесс үргэлжилж байна. Энэ удаагийн томилгоогоор шүүгч бус дөрвөн гишүүнийг сонгох юм.
Шүүхийн захиргааны бие даасан байдал, хараат бус байдлыг хангах, шүүх эрх мэдлийн хэрэгжилтийг хяналттай байлгахад чухал үүрэгтэй институцийн төлөөлөл болсон ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвших хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авсан.
Тэгвэл зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад хүсэлтээ өгсөн нэр дэвшигчдийн нэрсийг бүртгэх ажлын хэсэг байгуулж, ажлын 2 хоногт багтаан бүртгэн авах процесс бий.
Энэ дагуу 10 дугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдрийн дотор нэр дэвшигчдийн нэрсийг олон нийтэд нээлттэй мэдээлэх журамтай.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг дараах зураглалаас харж болох бөгөөд зар нийтлэгдсэнээс эхлээд нэр дэвшигчдийг бүртгэх, мэдээлэл цуглуулах, улмаар УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулах журамтай.
ШЕЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэгт хэн хэн багтав
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулаад буй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “Ажлын хэсэг нь Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахална” гэсэн заасан байдаг.

Ингээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
1. Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров 87.5 хувь
2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд 87.5 хувь
3. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны Хуулийн бодлогын хэлтсийн ахлах зөвлөх Г.Оргилболд 81.3 хувь
4. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санал болгосны дагуу тус Комиссын гишүүн С.Дондов 87.5 хувь
5. Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн М.Мөнхбат 68.8 хувь
6. Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн 75 хувь
7. Шихихутаг их сургуулийн Судалгааны хүрээлэнгийн захирал Б.Нармандах 81 хувь
8. Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа 87 хувийн санал авч ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сонгогджээ.
9. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн зөвлөх Х.Номингэрэл 53.8 хувь
Мөн одоогоор ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахаар Засгийн газраас ирүүлсэн Ч.Эрдэнэчимэг, Н.Мөнхбат нарыг Хууль зүйн байнгын хорооны хоёр удаагийн хуралдаанд оролцогчдын олонх дэмжээгүй учир холбогдох саналыг шинэчлэн ирүүлэхийг үүрэг болгожээ. Ийнхүү УИХ-ын даргын болон Засгийн газрын төлөөлөл ажлын хэсэгт сонгогдоогүй байна.















