Х.Золжаргал
Олон улсын харилцаа судлаач
Дональд Трампын Энэтхэг рүү чиглэсэн хоёрдогч худалдааны тариф тогтоох хатуу бодлого АНУ-Энэтхэгийн олон арван жилийн стратегийн түншлэлийг хөндийрүүлж Энэтхэгийг Хятадтай илүү ойртуулах эрсдлийг дагуулж байна. Олон улсын харилцаа, геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой тус уулзалтын тухай АНУ-ын “Гадаад харилцааны зөвлөл” “Council on Foreign relations” судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Майкл Фроманы бичсэн нийтлэлийг хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна.
БНХАУ-ын дарга Ши Жинпин Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ)-ын гишүүн улсуудын төр, Засгийн газрын тэргүүнүүд болон тэдэнтэй илүү ойртон нягтарч хамтран ажиллах эрмэлзлэлтэй улсуудын удирдагчдын оролцоотойгоор тус дээд хэмжээний өргөтгөсөн уулзалтыг зохион байгуулсан. ШХАБ 2001 онд үүсгэн байгуулагдсанаас хойш бүс нутгийн улс орнуудын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудалд дорвитой нөлөө үзүүлэх чухал алхам хийсэнгүй. BRICS (БРИКС)-ын гишүүн улсуудын дээд хэмжээний уулзалтуудын нэгэн адил ШХАБ-ын гишүүн улсуудын дээд хэмжээний өргөтгөсөн хурлын үндсэн зорилго нь Америкийн Нэгдсэн Улс (АНУ) тэргүүтэй олон улсын харилцааны системд нөлөөлөх боломжтой улсуудын хүчийг саармагжуулах зорилгыг агуулж байна.
АНУ Энэтхэг улсад ногдуулах тарифын бодлогоо дахин чангаруулсан нь БНЭУ-ын Ерөнхий сайд Моди БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй илүү дотно нөхөрлөх шалтгаан болсон. Өнгөрөгч 6-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ерөнхий сайд Нарендра Модитой утсаар холбогдсон. Тэрээр Шинэ Дели болон Исламабадын хооронд гал зогсооход биечлэн зуучилсан тухайгаа олон нийтэд мэдэгдсэнээр 2 талын зөрчил эхэлсэн. Энэтхэг улс хөрш улстайгаа гуравдагч улсын зуучлалтайгаар эвлэрэх боломжит хувилбарыг үргэлж няцаасаар ирсэн бөгөөд Модигийн хувьд Пакистаны талаас ялгаатай нь Трампыг Нобелын Энх тайвны шагналд нэр дэвшүүлээгүй явдал юм. Түүнчлэн Хятад, Турк болон бусад улсууд ОХУ-аас газрын тос импортолдгийг үл харгалзан Энэтхэг улс газрын тосны бүтээгдэхүүнийг ОХУ-аас үргэлжлүүлэн импортолсны шийтгэл болгон АНУ зөвхөн Энэтхэг улсад 50 хувийн шийтгэх хоёрдогч тариф ногдуулсан.

Хятад улс ОХУ-аас импортолсон газрын тосоо өөрийн дотоод хэрэгцээнд зориулан нэмэгдүүлж байхад Энэтхэг улс импортолсон газрын тосны бүтээгдэхүүнээ Европын болон бусад улсуудад ашиг олох зорилготойгоор дахин борлуулж буйд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ихээхэн бухимдсан нь ойлгомжтой.
Эдгээр үйл явдлуудаас үүдэн 2 талын харилцаа хүйтэрсэн. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Ши, Моди, Путин нар хамтдаа зэрэгцэн алхсан нь Ерөнхийлөгч Трампын анхааралд өртсөн.
АНУ-БНЭУ-ын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн 30 жилийн турш АНУ-ын төрийн эрхийг ээлжлэн барьж буй 2 том улс төрийн хүчний гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд бэхжин өргөжин тэлж ирсэн. Хоёр улсын харилцааны түүхэн цаг үеийг сөхвөл 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх нар АНУ-Энэтхэгийн “Иргэний Цөмийн Хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар Энэтхэг улс иргэний болон цэргийн цөмийн байгууламжуудаа тусгаарлаж Олон улсын атомын энергийн агентлагийн дүрмийг дагаж мөрдөх зохицуулалтыг тус хэлэлцээрт тусгаж 2 улсын Иргэний цөмийн хамтын ажиллагааны үндсийг тавьсан.

АНУ-БНЭУ (Бүгд Найрамдах Энэтхэг Улс)-ын батлан хамгаалах, технологийн салбарын түншлэл бэхжиж хиймэл оюун ухаан (AI), сансар судлал, АНУ-БНЭУ-ын Чухал ба өндөр технологийн санаачилга (i-CET), БНЭУ-АНУ-ын Батлан хамгаалах салбарын хурдатгалын экосистем (INDUS-X) гэх мэт хөтөлбөрүүдийг 2 тал харилцан тохиролцож санаачилсан. Түүнчлэн Австрали, Энэтхэг, Япон, АНУ-ын эвсэл болох “Дөрвөн талт аюулгүй байдлы яриа хэлэлцээ” буюу QUAD яриа хэлэлцээний механизм нь нам гүм байдалтай зөвлөлдөх уулзалтаас тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт болон тагнуулын мэдээлэл солилцох замаар өргөжиж буй нь БНХАУ-ын Энэтхэг Номхон далайн бүс нутаг дахь нөлөөллийг тэнцэвэржүүлэх зорилгыг агуулж байна. Харин АНУ-БНЭУ-ын эхлүүлсэн дээрх санаачилгуудын цаашдын цар хүрээ сулран саармагжих хандлага ажиглагдаж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп “Бид Энэтхэг болон ОХУ-ыг хамгийн гүн бөгөөд хамгийн харанхуй Хятадад алдсан юм шиг санагдаж байна.
Тэд хамтдаа урт удаан хөгжил цэцэглэлтийн төлөө урагшлах болтугай” гэжээ. ШХАБ-ын өргөтгөсөн уулзалт нь АНУ-ын хувьд “Гадаад бодлогын ухралт” байж болох ч хүчний болон геополитикийн шилжилтийг илэрхийлэхгүй.
Энэтхэг Хятадын удирдагчид ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр гар барьж хамтын ажиллагаа, харилцаагаа бэхжүүлэх оролдлогыг хийсэн ч тус 2 улсын хувьд шийдвэрлэх шаардлагатай, зөрчилтэй асуудлууд байсаар байна. Тэдгээр зөрчилтэй асуудлуудаас цухас дурьдвал Далай ламтай холбоотой 2 талын байр суурийн зөрчил, Галваны хөндийд болсон хилийн мөргөлдөөнөөс үүссэн асуудал, 1962 оны хилийн тулгаралтаас үүдэлтэй маргаан юм. Одоогийн байдлаар Энэтхэг, Хятадын хооронд шууд нислэг нээгдээгүй ч удахгүй дахин нээх боломжтой байна. Түүнчлэн Хятадын нийгмийн сүлжээний хамгийн алдартай платформд болох Тик Ток-ыг Модигийн Засгийн газар хориглож Хятадын төрийн дэмжлэгтэй харилцаа холбооны тэргүүлэгч компаниуд болох Huawei болон ZTE компаниудыг ч мөн адил Энэтхэгийн Засгийн газар хориглосон. Түүнчлэн 2 улсын хоорондох нутаг дэвсгэрийн зөрчил, эдийн засгийн хурцадмал байдлаас гадна Бээжингийн экспортод чиглэсэн гадаад бодлого, Исламабадтай эвтэйхэн харилцаагаа бэхжүүлэх асуудал, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь БНХАУ-ын нөлөөлөл нь 2 талын харилцааны эмзэг асуудал байсаар байх болно.
БНЭУ-ын Ерөнхий сайд асан Жавахарлал Неру нэгэнтээ “Бид аль болох өмнө нь дэлхийн дайнд хүргэж байсан, дахин гамшигт хүргэж болзошгүй бие биенийхээ эсрэг нэгдсэн бүлгүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцлээс зайлсхийхийг зорьж байна” хэмээн мэдэгдэж байсан. Дээрх мэдэгдлийн утгыг тайлбарлавал Энэтхэг улс геополитикийн олон талт байдлыг бий болгох зорилгоо тууштай баримтлахаа зарлаж Москва, Вашингтоны зүгээс өөрсөддөө давуу байдлыг бий болгох үйлдийг үл тоон олон улсын харилцааны системд идэвхтэйгээр тоглох эрх чөлөөгөө хамгаалах зорилгыг агуулж байна. Цаашид бидэнд АНУ-БНЭУ-ын харилцаа, хамтын ажиллагааны ирээдүйн чиг хандлага өргөжин тэлэх, саармагжих эсэхийг ажиглах л үлдэж байна.
Эх сурвалж: Council on Foreign relations