Эрх баригч намын даргын сунгаа энэ намрын улс төрийг чинээнд нь тултал халуурууллаа. Эрүүгийн ноцтой гэмт хэргүүдийг хууль шүүхийн биш “мик”-ний өмнө задлахдаа тултал эрх ашгийн төлөө “ноцсон” улстөрчид намынхаа төв байранд 23 цаг тасралтгүй хуралдав. Эцэст нь МАН шинэ даргатай болсон ч удирдлагууд нь эвлэрч чадсангүй. Нэг нь ялагдлаа хүлээн зөвшөөрч нөгөөх нь бүрэн дүүрэн ялж чадсангүй. Ноёны бөх унасан наадмыг үзэхгүй гэдэг шиг Г.Занданшатарын фракц хурлаа дуусгалгүй орхиж гарсан бол Д.Амарбаясгалан намын тамгаа гардахдаа зөвхөн өөрийнхөө талын хүмүүсээр алга ташуулав. Ийн тэд “эвлэрээгүй шүү” гэдгээ ил цагаан зарлаж буй нь Бага хурлын шийдвэр хууль, дүрэмд нийцсэнгүй гэдэг асуудал сөхөгдөж бас бус эргэлзээ гарч ирж байгаагаас харж болно. Товчхондоо, МАН-ын Бага хурал шийдвэрээ гаргалаа, харин бүртгэх эсэх нь улсын Дээд шүүхийн мэдэх хэрэг болж үлдэв.

Бага хурлын дараа МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “...2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж буй Улс төрийн намын тухай хуульд намын даргыг Удирдах дээд байгууллага буюу Их хурал эсвэл төлөөллийн төв байгууллага буюу Бага хурал сонгох эрхтэй гэж заасан. Тухайн хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар намын даргад сонгогдсонд тооцдог. Иймд эхний санал хураалтад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдлөө. Нэр дэвшигчдийн дунд бодлогын нээлттэй мэтгэлцээнийг өрнүүллээ. Нэр дэвшигчдэд хандан олон гишүүн саналаа хэллээ. Ингээд санал хураалт явагдаж Д.Амарбаясгалан 56.1, Г.Занданшатар 43.9 хувийн саналыг авч, аль нэг нь гуравны хоёр хувь буюу 66 хувийн саналаа авч чадаагүй. Иймд Ж.Алдаржавхлан ахлагчтай 15 хүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комиссоос гаргасан журмаар, Улс төрийн намын тухай хуулийн зүйл заалт буюу намын үйл ажиллагаандаа баримталдаг саналыг нууцаар хураана гэсэн зарчмыг баримталсан. Хэдэн ч удаа санал хураалт явуулж болно. Улс төрийн нам өнөөдөр үйл ажиллагаандаа өрсөлдөгчгүй нэг нэр дэвшигч байсан ч гэсэн нууц санал хураалт явуулдаг хуулийн заалттай. Энэхүү хуулийн заалт болон Тооллогын комиссын журмыг баримтлан хоёр дахь санал хураалтыг явууллаа. Хуралдаан дундаа завсарлагатай явсан, эхний санал хураалтын дараа хуралд оролцсон гишүүд буюу ирцийг дахин шинэчилж гаргасан. Бага хурлын нийт 479 гишүүнээс гуравны хоёр хувийг давсан буюу нийт 321 гишүүний ирцтэй байсан. Ингээд 321 саналын хуудаснаас 46 саналын хуудас хүчингүй, 275 нь хүчинтэй саналын хуудаст тоооцогдож 85.67 хувийн саналаар УИХ-ын дарга, Бага хурлын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын даргаар сонгогдлоо” гэсэн тайлбарыг хэлсэн.

Харин нөгөө талд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Улс төрийн намын хуулийн 17.6-д “Намын дүрэмд заасны дагуу … намын даргыг сонгоно.” гэж, МАН-ын дүрмийн 20.3.7-д “намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох” гэж заасан. МАН-ын Бага хуралд 442 гишүүн оролцсон бөгөөд 275 гишүүн (62.2%) Д.Амарбаясгаланд санал өгчээ. Нэгэнт эхэлсэн бөгөөд үргэлжилж буй Бага хурлын ирцийг 321 болгож дундуур нь дахин Бага хурлыг “эхлүүлж” ирц тооцдог ямар ч дүрэм, дэг байхгүй" гэсэн байр суурийг илэрхийлсэн бол МАН-ын хуульч Г.Төгөлдөр “МАН-ын Бага хурал эхэлсэн цагаасаа хууль дүрэм зөрчсөн. Хэрэв МАН-ын даргын сунгаа хуульд нийцсэн бол өнөө маргаашгүй Дээд шүүхэд бүртгүүлэх хэрэгтэй. Удаж хугацаа алдах шаардлагагүй” гэж хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын тухай хууль, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар баталсан журмын дагуу 60 хоногийн дотор намын шинэ даргаа бүртгүүлэхдээ өмнөх дарга нь хүлээлгэн өгдөг. Улсын Дээд шүүх 30 хоногийн дотор нягталж бүртгэдэг тул нийтдээ 90 хоногийн хугацаанд Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргах ёстой. Эрх баригч намын даргыг бүртгэх эсэх нь Дээд шүүх, Ерөнхий шүүгчээс бүрэн хамаарна. Улс төрийн энэ ньюансыг харвал 2020 оны хавар Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар томилогдож байсан Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрх ирэх онд дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, хагас жил гаруйн дараа буюу 2026 оны зургадугаар сард дараагийн Ерөнхий шүүгч томилогдсон байх ёстой учраас тун удахгүй шинэ нэр яригдаж эхлэх нь.

Хуульд “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заасан. Ийнхүү улс төрийн хүрээнд маш чухал үүрэг, ил далд оролцоотой байдаг Ерөнхий шүүгч солигдох тун дөхсөн, магадгүй дараагийн хүний нэр яригдаж буй энэ үед ардын намын даргын бүртгэл, Ерөнхийлөгчийн сонгууль гээд улс төрийн маш торгон огтлолцол өрнөж мэдэхээр байна. Мөн зөвхөн нэг удаа томилно гэж хуульд заасан учраас Д.Ганзориг улирахгүй. Шинэ Ерөнхий шүүгчтэй болно. Өөрөөр хэлбэл, улс төрийн хэр сайн тохиролцоо хийгдэхээс шалтгаалж дараагийн Ерөнхий шүүгчийн нэр тодорно. Угаас ч шүүх байгууллагын хамгийн эмзэг цэг буюу улс төрийн өмнө бөхийдөг “барьцаа” нь Ерөнхий шүүгчийн томилгоо гэдгийг мэдэхгүй хүн үгүй.

Өнөөгийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн хувьд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгаас нэг удаа буцаж, хоёр дахь удаагаа зүтгүүлснээр зарлигаа гардаж байв. Тодруулбал, 2019 онд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг чөлөөлж, түүний оронд Д.Ганзоригийг томилох саналыг Улсын дээд шүүхийн шүүгч нар санал болгосон. Гэвч Ерөнхийлөгч түүнийг батламжлахаас татгалзаж, Улсын дээд шүүхийн шүүгч нар дахин хуралдаж Х.Батсүрэнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснийг батламжилж байв. Гэвч жил гаруйн дараа Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн суудал эзгүйрснээр Улсын дээд шүүхийн шүүгч нар дахин хуралдаж, өмнө нь зүтгүүлж байсан Д.Ганзоригийг дахин Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснийг батламжилж, зарлиг гарсан түүхтэй.