2026 оны наймдугаар сарын 17-28. Эл өдрүүд Монгол Улсын хувьд ихээхэн чухал. Монгол Улс дэлхий нийтийн анхаарлын төвд орж, хөрөнгө оруулалтын шинэ гарц бий болох үе. Тодруулбал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулна. Цаг хугацааны хувьд хол мэт боловч бэлтгэл ажил, бэлэн байдлаа хангах тухайд аль хэдийн хаалга тогшсон.

COP17 буюу голлон хэлэлцдэг асуудал

Манай улс 1994 онд баталсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын  конвенцод 1996 онд нэгдэн орсон. Энэхүү конвенцод нэгдэн орсон талуудын бага хурал хоёр жилд нэг удаа болж, зохион байгуулах улсыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Энэ зарчмаар 2022 онд Кот-д’Ивуар улсын Абижан хотноо болсон талуудын 15 дугаар бага хурлаар 16 дугаар бага хурлыг Саудын Араб,  харин 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Талуудын бага хурал 10-12 хоногийн хугацаанд үргэлжилж, ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхтэй холбоотой байгаль орчин, газар, усны нөөцийг хамгаалах, хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд дэмжлэг болох, худалдаа, эдийн засгийн таатай нөхцөлийг бий болгохын тулд олон улсын түншлэл, зах зээлийн зохицуулалт, өрийн асуудалд онцгой анхаарч, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө санхүү босгох, технологи, ил тод байдал, чадавх бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцдэг.

Бодлого төлөвлөлт ба санаачилга  

Тэгвэл Монгол Улс ямар бодлого төлөвлөлт, санаачилгыг дэвшүүлэхээр боловсруулж байна вэ. Талуудын бага хурлыг зохион байгуулагч Засгийн газар болон сонирхсон талууд санал, санаачилга танилцуулан батлуулах эрхтэй байдаг. Гэхдээ зөвхөн Монгол Улсад чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт татах нь хүлээлтэд хүрэхгүй байх магадлалтай тул бүс нутгийн болон олон улсын хэмжээнд санаачилга боловсруулах замаар үр ашиг хүртэх боломжтой гэж үзэн “STEPPE ACTION AGENDA” олон улсын урт хугацааны стратегид суурилсан гурван санаачилгын багцыг боловсруулж эхэлжээ. Тухайлбал, бэлчээрийн тэргүүлэх, ус ба газрын нэгдсэн менежмент, байгальд түшиглэсэн шийдэл бүхий дэд бүтэц гэсэн санаачилгыг багтаасан байна.

Бэлчээрийн тэргүүлэх санаачилгын хүрээнд байгаль орчны хамгаалал, хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртөг бүхий хувьсал, хүлэмжийн хийн шингээлтийн худалдаа, газрын нөхөн сэргээлт, малчдын амьжиргаа, AI технологийг нэвтрүүлэх замаар мониторинг хяналт хийх зэрэг төслийг хэрэгжүүлэхээр боловсруулсан байна. Харин ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилгын хүрээнд говийг усжуулах төслүүдийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх, нөхцөлийг бүрдүүлэх, хээр тал экосистемийн гадаргын усны менежментийг нэмэгдүүлэх, гадаргын болон гүний усны зохистой ашиглалт хадгалалт, усны томоохон сав газруудыг тэтгэх төслийг багтаажээ. Тус хурлыг зохион байгуулсан улс орон дараагийн хурал болтол конвенцыг даргалдаг. Энэ зарчмаар Монгол Улс COP17 хурлаас хойш 2028 оныг дуустал тус конвенцыг даргалах тул бодлого, хөрөнгө оруулалт, түншлэлийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх, манлайлах бүрэн боломжтой юм.

Нийгэм, эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй вэ

Эл асуулт иргэд, олон нийт төдийгүй төрийн болон төрийн бус байгууллагын ч анхаарлыг татаж буй.

Монгол Улс COP17 хурлаас  1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж, төлөвлөж буй. Хурлаар урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжтой.

Тухайлбал, өмнө нь энэхүү хурлыг зохион байгуулж байсан Энэтхэг улс 26 сая га газрыг нөхөн сэргээх төсөл эхлүүлж, 1.5 тэрбум ам.доллар, Котд’Ивуар улс Африк тивийг ногооруулах замаар цөлжилттэй тэмцэх бүсийн санаачилгыг “Африкийн Ногоон бүс” нэртэйгээр хэрэгжүүлж 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан байна. Харин 2024 онд Саудын Арабын хаант улс олон улсын хэмжээнд “Ганд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх түншлэл”-ийг хэрэгжүүлэхээр санаачлан 12.15 тэрбум ам.долларын амлалтыг баталгаажуулжээ. Тиймээс Монгол Улс НҮБ-ын конвенцын талуудын бага хурлаар тодорхой санаачилгуудыг танилцуулахаар "Газар-Ус-Мод" томьёоллын хүрээнд боловсруулж эхэлсэн байна.

Ер нь COP17 бага хурлыг зохион байгуулснаар байгаль орчны болон тогтвортой хөгжлийн асуудлын ач холбогдлыг олон нийтэд таниулах боломж бүрдэхээс гадна Монгол Улсын нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Батмөнх тодотголоо. Тэрбээр “Эл хурлыг хөгжингүй бус хөгжиж байгаа улс оронд түлхүү зохион байгуулдгаараа онцлогтой. Үүний гол шалтгаан нь тухайн оронд эдийн засгийн хувьд дэмжлэг үзүүлэх явдал юм. Хуралд хамгийн багадаа 6-10 мянган хүн ирүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эдгээр бүх хүн өөрсдийн зардлаар ирдэг учраас зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбараас эхлээд орлого олох боломж арвин гэж ойлгож болно. Хурлын дараа бид юутай үлдэх вэ гэдэг нь хамгийн чухал. Тиймээс газрын доройтлыг бууруулах, нөөцийн менежментийг сайжруулах чиглэлээр олон улс, бүс нутгийн түвшинд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах нь зүйтэй” хэмээв. Мөн орон нутаг руу чиглэсэн аяллын маршрут, хөтөлбөрүүдийг бий болгох замаар дотоодын эдийн засаг, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжих  боломж ч  байгаа аж. Түүнчлэн НҮБ-ын томоохон хурал зохион байгуулахад зочид буудал, тээвэр, арга хэмжээний зохион байгуулалт зэрэг салбарт 3000-8000 түр ажлын байр бий болдог гэж үздэг байна.

Бэлтгэл ажил ба барилга байгууламж  

Нийслэлийн ИТХ-аас гаргасан шийдвэрээр талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах цогцолбор барилга байгууламжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барьж байгуулахаар болсон.

Тус цогцолбор ойролцоогоор 27 га талбайг хамрах бөгөөд ингэхдээ албан ёсны хэлэлцээ явагдах "Цэнхэр бүс", олон нийтэд нээлттэй үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах “Ногоон бүс” гэсэн хоёр чиглэлтэй байх аж. Монгол Улсын Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал тавьсан Азербайжаны “Orientation events” компанийн тооцоолсноор үзэсгэлэнгийн талбайг түрээсэлснээр цэнхэр бүсээс 4.2 сая ам.доллар буюу 15.1, ногоон бүсээс болон ивээн тэтгэгч нараас 13.6 сая ам.доллар буюу 64.1 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой аж. Энэ талаар “COP17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “Хүлээн авагч орны хэлэлцээрийн хавсралтад ямар хэмжээ дамжаатай хэчнээн барилга байгууламж байх вэ гэдгийг нарийн тусгасан байдаг. Энэ хүрээнд өнгөрсөн тавдугаар сард НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын төлөөлөл манай улсад хүрэлцэн ирж загвар зурагтай танилцан үнэлэлт дүгнэлт хийж, зөвлөмж өгсөн. Үүний дагуу бид бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. НҮБ-ын тавьж буй шаардлагыг хангасан компани үндсэн гүйцэтгэгчээр орж ирэх бөгөөд туслан гүйцэтгэгчээр дотоодын хувийн аж ахуйн нэгжүүдийг оруулах боломжийг гэрээ хэлэлцээрийн хүрээнд бүрдүүлэн ажиллаж байна” гэлээ.

Тус хурал болох барилга байгуламжийн загвар нь тогтвортой хөгжлийн зарчмыг тусган, байгаль орчинд ээлтэй шийдэл, хүртээмжийг ханган, ногоон барилгын шилдэг жишгийг харуулахад чиглэжээ. Одоогоор архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулж, эрчим хүч, цэвэр, бохир ус, интернетийн дэд бүтцийг холбох ажлыг эхлүүлсэн байна.  Цогцолборыг байнгын бус түр угсрах, татан буулгах боломж бүхий шийдлээр гүйцэтгэх бөгөөд 2026 оны гуравдугаар сараас эхлүүлж, зургадугаар сард багтаан гүйцэтгэхээр төлөвлөжээ.  

Шаардлага ба шаардлагатай санхүүжилт

Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын нарийн бичгийн газартай энэ оны хоёрдугаар сард “Хүлээн авагч улсын хэлэлцээр” байгуулсан бөгөөд үүнд тусгасан стандартын дагуу бүхий л зохион байгуулалтыг бэлтгэх үүрэгтэй. НҮБ-аас тавьж буй стандартын дагуу бэлтгэл ажлыг хангах учиртай. Тухайлбал, барилга байгууламжийн бэлэн байдал, түүний доторх тохижилт, үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой шаардагдах зүйлс, хурлын байрны тохижилтоос гадна хэвлэл мэдээллийн төв, бизнес төв, тэдгээрт хамааралтай техник, тоног төхөөрөмж, хуралд оролцогч төлөөлөгчдийн аюулгүй байдал, хамгаалалт, эрүүл мэнд, шаардлагатай хангамжийг бүрдүүлэх, бэлэн байдлыг хангах гээд олон ажлууд ар араасаа хөвөрч байна. Энэ мэт шаардлагатай ажлуудыг хэлэлцээрт тусгасан стандартын дагуу бүрэн дүүрэн гүйцэтгэхэд 300 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гаргажээ. Тодруулбал, талуудын бага хурлыг зохион байгуулах үндсэн нэгж болох Үндэсний хорооны гишүүнээр ажиллаж буй төрийн байгууллагуудын шууд болон шууд бус хариуцах арга хэмжээг тооцоолон 2026 оны төсөвт 302 гаруй тэрбум төгрөгийг суулгах хүсэлтийг Үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас хүргүүлсэн байна.  

COP17 хурлыг зохион байгуулахад шаардагдах санхүүжилтийг энэ оны болон ирэх жилийн төсөвт хэрхэн тусгасан тухайд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “COP17 хурлыг зохион байгуулахтай холбоотой БОУАӨ-ийн сайдын 2025 оны төсөвт 50 тэрбум төгрөг тавигдсан бөгөөд үүний эрхийг  нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Харин 2026 оны төсөвд 200 гаруй тэрбум төгрөг тавигдаж байгаа. НҮБ-аас тавьж буй стандартын шаардлагын дагуу барилга байгууламж барих ёстой. Энэхүү барилга байгууламжид зарцуулах шаардлагатай 150 тэрбум төгрөгийн санхүүжилтийг БОУӨ-ийн сайдын багцад тавьж өгч байгаа. Үүнийг хэрэгжүүлэгч нь нийслэлийн Засаг дарга. Хэрэв, энэхүү санхүүжилт ийм байдлаар батлагдвал ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр шилжүүлнэ. Харин НҮБ-аас ирүүлсэн стандарт шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж болон бусад техник хангамж худалдан авахад 67 тэрбум төгрөг шаардлагатай гэж төсөвт тавигдаж байгаа.

COP17 хурал бол нэр төдий зүйл биш. Үүнд зарцуулсан санхүүжилтийг үр бүтээлтэй зарцуулах ёстой. Монгол Улс 100 орчим сая ам.доллар зарцууллаа гэж бодоход үүнийг хамгийн багадаа арав, хорь дахин боломж байвал түүнээс ч их хэмжээний  хөрөнгө оруулалт татах төсөөлөлтэй ажиллаж байна” хэмээн тайлбарлав.