Шударга ёсыг дэнсэлдэг хууль шүүхийн байгууллага сүүлийн үед өнгө мөнгө, эрх мэдэлд хэрхэн сөхөрч, иргэдийн итгэлийг уландаа гишгэж буйг Монголын ард түмэн нүдээрээ харж, чихээрээ сонсож, биеэрээ мэдэрсэн өдрүүд өнгөрч байна. Үндсэндээ шүүхэд итгэх итгэл хөсөр хаягдлаа. Гэвч Монголын хууль шүүх хэзээнээс ингэтлээ ялзарсныг мэдэхгүй нь харамсалтай.
Сүүлийн үеийн хоёрхон тодорхой кейсийг харая л даа.
Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн яллагдагчаар татсан этгээдүүдийг эцсийн мөчид огтхон ч гэм буруугүй хэмээн цагаатгасан нь өнөөдөр ч олон нийтийн дургүйцэл, эсэргүүцэлтэй тулсаар байгаа. Тэдгээр залуус 16 настай охины цогцсыг танигдахгүй болтол нь эрэмдэглэхдээ хөрсөн биеийнх нь дэргэд цай ууж, инээж, архидаж, толгой дээр нь гишгэлж... хэрхэн доромжилж байсныг хохирогчийн ээж хэвлэлд ярьсан. Өөр ч олон нийтэд дэлгэгдээгүй ноцтой баримтууд байгааг, тэдгээрийг шүүх нотлох баримтад тооцоогүй зэргээр хөөрхий ээжийн эвлэрэхгүй, ам нь эвлэхгүй түмэн гомдол байгаа гэх. Гэтэл тэднийг амьгүй биеийн дэргэд зүй бус авирлахдаа дарамтад орж инээж ханиасан гэж дэнслэв. Ийн хууль шүүхийн байгууллагад эргэлзэж, эгдүүцсэн өдрүүд үргэлжилж байтал өчигдөр дахин нэг хэрэг шүүхдээ олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь хүртэл дэвэргэж орхилоо.
Товчхондоо, гудамжинд согтуугаар танхайрч, зодолдож, хар тамхи хэрэглэж, нэгнийгээ нүүрэндээ бүтэн ясгүй болгож, насан туршийн эрүүл мэндийн зовлонд унагасан байтал шүүх “гэмгүй” гэж алх цохилоо. Хэрэг хийчихээд хилээр гарч зугтсан, хар тамхи хэрэглэсэн гэдэг асуудлыг энэ үеэр бүр дурссан ч үгүй. Зүгээр л хэдэн сар гадагшаа явахгүй эх орондоо "амар" гэсэн ял шийтгэл оноосон нь монголчууд шударга ёс шаардахад хүргэв.
“Эрэл” группийн эзний хүү Э.Тэмүүлэн, “Говь” компанийн захирал Б.Амарсайхан, Монгол Улсын гарьд Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нарын Монголын толгой баячуудын хүүхдүүд ч шүүх хурлын дараа хэрхэн пээдийж, өмгөөлөгчид нь мөнгө л өгчихөе, шоронд орвол "эвдэрнэ" гэж хамгаалж ам бардам суухдаа хэрхэн хэргээ замхруулдгийг нийтээрээ харлаа.
Шүүх хурлын үеэр хохирогч Д.Саяннямбуу “Нүд чихэгдэж, нүдний аяганы яс, нүүрний яснууд хугарч мах руугаа орсон, хамар бутарч хугарсан, тархинд цус харвалттай саажилттай тэнцвэр алдаж, шүд сэтэрч, нуруу гэмтэж зургаан цагийн хагалгаанд орсон” гэж хэлсэн. Гэтэл үүнийг шүүх хүндэвтэр гэмтэл гэж үзлээ. Мөн гудамжин согтуугаар танхайрч, зодолдож, орилж хашхирсныг танхайраагүй “эрүүл үзэгдэл” гэж шүүх дэнслэв.
Атал хуульчдын хэлж байгаагаар “Монголын хууль шүүх согтуурсан үедээ хүн бүлэглэн зодож, хорих ял авахгүй салж болдог жишиг тогтоолоо” гэв. Энэ талаар хуульч О.Батхүү “Эрүүгийн хуулийн 20.16-д олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэж "Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчих" гэж байдаг. Гадаа гудамжинд, түмэн амьтан хараад зогсож байхад баахан согтуу орилж хашгирч, машин зам дээр гарч зодолдохыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэхгүй бол өөр юуг хэлэх үү?
Энэ бичлэг нь хэвлэлээр цацагдаад, шүүх хурлын үед нотлох баримт болж тал талаас нь харуулж маргаад байсан. Гэтэл шүүхээс үүнийг гэмт хэрэг биш гэж үзсэн. Ийм байхад шүүхийг буруу шийдлээ, хөнгөн яг ногдууллаа гэх нь зөв” гэсэн байр суурийг илэрхийлж байна. Олон нийтэд илэрхий байгаа ийм хоёр кейс дээр л шүүхээс Монголчууд шударга ёсыг нэхэж байна. Үндсэндээ, шударга ёс ялагдлаа.
















