2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шүүхийн тухай хуулийг шинэчилсэн. Энэ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгч бус гишүүдийг олон нийтэд ил тод, нээлттэй сонгон шалгаруулалт, сонсголын дагуу томилж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, шүүгч бус гишүүд нь Монгол Улс дахь шударга ёсны баталгаа, шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэхэд өндөр үүрэг, хариуцлагатай. Хараат бус шүүхийг төгөлдөржүүлэхэд ард түмнийг төлөөлөн ажиллах хүмүүс юм. Тиймдээ ч олон нийт, парламентын өмнө “асуугдаж” хүлээн зөвшөөрөгдсөний үндсэн дээр томилогддог шүүгч бус гишүүнд тавигдах шаардлагыг өндөр шалгуураар тогтоож өгсөн.

Одоогийн байдлаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг нэр дэвшүүлэх процесс үргэлжилж байгаа бөгөөд энэ удаагийн томилгоогоор шүүгч бус дөрвөн гишүүнийг сонгох юм. Шүүгч бус гишүүнд нэр дэвших хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах юм.

Түүнчлэн шүүхийн захиргааны бие даасан байдал, хараат бус байдлыг хангах, шүүх эрх мэдлийн хэрэгжилтийг хяналттай байлгахад чухал үүрэгтэй институцийн төлөөлөл болсон ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний нэр дэвших хүсэлт дуусахад тун богинохон хугацаа үлдээд буй.

Тиймээс шүүхийн өөрийгөө удирдах тогтолцооны нөгөө тал болсон шүүгч бус гишүүнд нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай, мэргэжлийн өндөр түвшний нэр дэвшигчид оролцох нь чухал байна гэдгийг иргэний нийгмийн байгууллагууд ярьж хэлж сануулсаар буй.

УИХ-аас албан ёсоор зарласнаар шүүгч бус гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 20-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах бөгөөд үүний дараа сонгон шалгаруулалтад хүсэлтээ өгсөн гишүүдийн нэрсийг бүртгэх ажлын хэсэг байгуулж, ажлын 2 хоногт багтаан бүртгэн авна. Улмаар 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор нэр дэвшигчдийн нэрсийг олон нийтэд нээлттэй мэдээлэх учиртай.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг дээрх зураглалаас харж болох бөгөөд зар нийтлэгдсэнээс эхлээд нэр дэвшигчдийг бүртгэх, мэдээлэл цуглуулах, улмаар УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулах журамтай.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан дараах шаардлагыг хангасан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байна.

1. Хууль зүйн өндөр мэргэшилтэй;

2. Эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан;

3. Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй;

4. Сүүлийн таван жил шүүгчээр ажиллаагүй;

5. Сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;

6.эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавих шаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг дээрх заасан хугацаанд ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар /PDF болон Word форматаар тус тус/ хүлээн авна:

1. Нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт /“Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан загварын дагуу бичиж гарын үсэг зурсан байх/;

2. Төрийн албан хаагчийн анкет /гарын үсэг зурсан байх/;

3. Иргэний үнэмлэхийн хуулбар;

4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;

5. Эрх зүйн бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

6. Хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдгийг нотлон харуулсан үйл ажиллагааны талаарх баримт;  

7. Эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт;

8. Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;

9. Шүүхийн тухай хуулийн 76.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох бусад баримт.

“Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварыг Word файлаар татаж авна уу.

“Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам” түүний хавсралтуудын /линк байна/ линкээр унших боломжтой.

Холбоо барих:

Лавлах утасны дугаар /ажлын цагаар/: 51-262727

Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг:

Төрийн ордон, Хууль зүйн байнгын хороо, 276 тоот өрөө

Баримт бичиг файлаар хүлээн авах цахим шуудангийн хаяг: bayarsaikhanb@parliament.mn