Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны үйл ажиллагааны тайланг өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Тус байгууллагын тайланд УИХ-ын Тамгын газар дүн шинжилгээ хийх хуультай. Уг дүн шинжилгээнээс харвал, “Гүйцэтгэлийн хэрэгжилт өндөр түвшинд үнэлэгдсэн ч үйл ажиллагаанд төвлөрч, үр дүн, үр нөлөөг бүрэн тусгаагүйгээс бодит үр дүнг хангалттай илэрхийлж чадаагүй байна хэмээн онцолсон байна. Мөн санхүүгийн салбарын өсөлт, тэлэлт ажиглагдаж байгаа ч бодлогын нөлөөллийн дүн шинжилгээ хангалтгүй байгааг дурдаж.

Өөрөөр хэлбэл, зохицуулалттай этгээдийн тоо, зах зээлийн хэмжээ, ДНБ-д эзлэх хувь өссөн зэрэг эерэг үзүүлэлт ажиглагдсан ч эдгээр өөрчлөлт нь зохицуулалтын бодлогын шууд үр дүн, эсэхийг нотолсон дүн шинжилгээ хангалтгүй байна хэмээн тусгажээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр ч үүнтэй адил агуулга бүхий санал, шүүмжлэлийг зарим гишүүн хэлсэн. Тухайлбал, гишүүн О.Батнайрамдал “Танай тайланд өсөлттэй тоо олныг дурдсан байна. Гэхдээ үүнийг бусад орон, тухайлбал, Казахстантай харьцуулахад маш доогуур үзүүлэлт юм. Би лав хувьдаа үүнийг сайн гэж дүгнэхгүй. Зээлийн хүү өндөр байгаа нь хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаатай холбоотой. Нөгөө талаас та бүхэн хяналт, шалгалт явуулсан, эсэхээс үл хамааран эдийн засгийн өсөлт нь санхүүгийн зах зээлийг тэлж байдаг. Та нарын баталсан дүрэм, журам буцаад салбартаа чөдөр, тушаа болж байна гэх гомдлыг надад ихээр ирүүлдэг. Гаргасан дүрэм, журмынхаа мөрөөр хэр хяналт тавьдаг вэ. Энэ чиглэлээр хийсэн дүгнэлт, судалгаа байна уу. Нэгэнт Ерөнхий сайд нь санаачлаад, Засгийн газраас “Чөлөөлье” аян өрнүүлж байгаа бол санхүүгийн зах зээлийг ч тойрч гарч болохгүй. Танай байгууллага УИХ-ын шууд харьяанд ажилладаг байлаа ч “Чөлөөлье” арга хэмжээнээс мултарч үлдэх ёсгүй. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга өнгөрсөн онд 509 тушаал гаргаснаас хамгийн өндөр нь банк бус санхүүгийн байгууллага, удаах нь хяналт шалгалтын чиглэлээр гаргасан байна. Зохицуулалттай зах зээл ч гэлээ хяналт шалгалт их байх тусмаа эргээд “Зөвшөөрлийг чинь цуцална шүү” гэх айдас, хүндрэл дагуулж байх вий” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Үүнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун “Санхүүгийн зохицуулах хороо “Чөлөөлье” аяныг дэмжин ажиллаж байгаа. Дүрэм, журмыг цөөлөх чиглэлээр ажиллаж байна. 64 зөвшөөрлийг цөөлж, 36 болгосон.
Хяналтын зөвлөлөөс энэ чиглэлээр гаргасан дүгнэлт, судалгаа одоогоор байхгүй. Казахстантай харьцуулахад хангалтгүй байгаа нь үнэн” гэх мэтээр төөрч будилсан, туйлын ядмаг хариулт өгнө лээ.

Мөн гишүүн Л.Соронзонболд “Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү бараг ломбардных шиг байна. Сүүлийн жилүүдэд Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг нэмэгдүүлж ирсэн нь үүнд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, дүрмийн сангаа нэмэхийн тулд ашигтай ажиллах ёстой. Ашигтай ажиллахын тулд зээлийн хүүгээ нэмж байна. Эндээс харвал зээлийн хүүг бууруулах бидний бодлоготой та бүхний алхам зөрчилдөөд байгаа юм биш үү. Аудитын дүгнэлтээр гүйцэтгэлийн үнэлгээ сайн гарсан ч үүнийгээ үйл ажиллагаа гэхээс илүүтэй үр дүнд тулгуурлан гаргах ёстойг анхааруулсан байна” хэмээсэн.

Улмаар тус хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг хангалтгүй гэж дүгнэж, сэтгэл дундуур буйгаа гишүүд хэлж байлаа. Гишүүн О.Батнайрамдал өнгөтөөр хэвлэсэн ном шиг 24 хуудас тайланд төдөн хурал хийсэн гэхээс өөр онцлох зүйл байхгүйг дурдсан бол гишүүн Л.Соронзонболд цаашид Санхүүгийн зохицуулах хорооны тайланг хэлэлцэхдээ Хяналтын зөвлөлөөс төлөөлөл байлцуулах шаардлагатайг онцолсон. Учир нь Хяналтын зөвлөл нь Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэртэй холбогдсон гомдлыг хянах, Хорооны үйл ажиллагааны талаар хөндлөнгийн аудитын гаргасан санал, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тамгын газраас гаргасан дүн шинжилгээнд ч Хяналтын зөвлөлийг хууль болон холбогдох журамд заасан чиг үүргийн дагуу ажиллуулж, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах санал гаргасан байна.
Одоогоор тус зөвлөлийн даргаар М.Буяндэлгэр, гишүүдээр С.Халиунаа, О.Оч, Ч.Сайнбилэг, Б.Энхбаяр нар ажиллаж буй.















