НИТХ “том” эрх мэдэлтэй, Улаанбаатарын иргэдийн шууд сонголтын үр дүнд хамтаараа шийдвэр гаргахаар бүрдсэн байгууллага. Тэд Хотын удирдлагыг сонгож томилуулах санал гаргахаас гадна бүрэн эрхийнхээ дөрвөн жилд хийх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, тайланг нь хэлэлцэн, хэр ажиллав, хэлсэндээ хүрэв үү гэдгийг нь үнэлж, дүгнэх ёстой. Шаардлагатай бол түүнийг томилсон шигээ огцруулах саналыг Ерөнхий сайдад уламжлах эрх нь ч нийслэлийн ИТХ-д бий. Үүнийг дурьдсаны учир нь НИТХ-ын төлөөлөгч олон жилийн турш гэр бүлийн ноцтой хүчирхийлэл үйлддэг байсан нь илэрч эхнэр нь шүгэл үлээлээ.
НИТХ-д АН-аас сонгогдсон Б.Эрдэнэсүх 20 гаруй жил эхнэрээ зодож тамласан төдийгүй гэр бүлийнхэн нь удаа дараа цагдаа, шүүх, хүний эрхийн байгууллагад хандсан ч хэргийг дараад өнгөрөөдөг байсныг хэллээ. Гэтэл өнөөх “том” эрх мэдэлтэй данагар бүтэцтэй, 45 төлөөлөгчийн хэн нь ч энэ асуудлаар ам нээсэнгүй.
НИТХ иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй субьект. Тэр ч утгаараа НИТХ-ын дарга нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргаар ажилладаг.
Гэтэл нэг танхимд мөр зэрэгцэн суугаа “нөхөр” нь он удаан жил гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдэж буйг мэдсээр байж мэдэн будилж байна уу. Эсвэл иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах үүргээ умартав уу. Хохирогч удаа дараа гомдол санал гаргаад байхад дуугүй өнгөрөөж байсан уу зэргээд маш олон асуудал, ээдрээ эргэлзээ зайлшгүй хөндөгдөх учиртай.
НИТХ 45 төлөөлөгчтэй. Төлөөлөгчийн баримтлах ёс зүйн дүрэмтэй бөгөөд эл баримт бичгийг хурал баталдаг.
Харин төлөөлөгч ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн. Мөн гэмт хэрэг үйлдсэн бол төлөөлөгчийн бүрэн эх дуусгавар болно. Түүнчлэн НИТХ-ын бүрэн эрхэд төлөөлөгчийн бүрэн эрхийг хөндөх асуудал ч хамаарна гэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь төлөөлөгч ёс зүйн дүрмийн дүрмийг зөрчсөнд тооцогдох уу. Хэрэв тооцогдох бол бүрэн эрх нь дуусгавар болох уу.
Энэ мэтээр Гэмт хэргээс сэргийлэх, иргэнээ гэмт хэрэгтнээс хамгаалах үүрэгтэй НИТХ өөрсөдтэйгээ нэг танхимд мөр зэрэгцэн сууж төр, түмний төлөөлж буй хүчирхийлэгч төлөөлөгчөө буцааж татах уу. Ямар хариуцлага ярих вэ. НИТХ дахь сөрөг хүчнийхэн өөгшүүлээд өнгөрөх үү гэдгийг харах үлдлээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр НИТХ-д АН-аас сонгогдсон Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлсэн гэсэн. ХЭҮК-оос иргэн О.Нарангаравын ээжийн гомдлын дагуу холбогдох байгууллагуудаас тайлбар, мэдээлэл авч эхлээд байна.















