Монголчууд нийтээрээ “Таван богд”-ын Ц.Баатарсайханы хүүг хүлээсээр арав гаруй хонолоо. Өдгөө “Говь“ ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг Б.Амарсайхан баар цэнгээний газар наргиж явахдаа бусдын биед халдаж ноцтой гэмтэл учруулаад тэр шөнөдөө хилээр гарсан. Эл хэрэгт Ц.Баатарсайханы хүүгээс гадна “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, улсын заан Б.Цэрэнпунцаг нарын хүүхдүүд ч шалгагдаж хоригдож байгаа. Тэднээс хар тамхи мансууруулах бодис илэрсэн бол хуулийн Ц.Баатарсайханы хүүг мөрдөн шалгаж, шинжилгээ авч чадаагүй байна. Хохирогч маш хүнд гэмтсэн, биеийн байдал тааруу, гадагшаа эмчилгээнд явсныг ар гэр нь мэдэгдээд байгаа.

Харин “Таван богд групп”-ын захирал Ц.Баатарсайханы хүүг энэ сарын 28-нд буюу даваа гарагт Монголд ирнэ гэж хууль хяналтын байгууллагаас мэдэгдээд байсан ч ирсэнгүй. Сураг алдарсан бололтой. Тиймээс хүний эрүүл мэндийг онц ноцтойгоор хохироож, яллагдагчаар татагдсан “Говь“ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг Интерполын улаан булангаар эрэн сурвалжлуулах хүсэлт өгөөд буй мэдээлэл өнөө өглөө цацагдлаа.  

Өнөөгийн дүр зургийг харвал, Монгол Улсын хууль хяналтынхан хөрөнгөтэй,  нөлөөтэй нэгнийг чимээгүйхэн хүлээгээд сууж буйд олон нийт бухимдаж шударга ёсыг нэхэн шаардсаар буй юм.

Харин хариуцлагаас зугтаж гадаадад очоод хэвтчихсэн “Таван богд”-ын Ц.Баатарсайханы хүүг хуулийн өмнө авчрах нэг боломж нь “шувуу” ажиллагаа юм. Өмнөх Засгийн газраас Авлигатай тэмцэх "Таван Ш” ажиллагааны хүрээнд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаадад оргон зайлсан этгээдүүдийг барьж ирэхээр “Шувуу” ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг онгоцны буудал дээр сүр дуулиантай тоссоныг олон нийт санаж буй байх. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нарын 100 гаруй хүнийг гадаадаас авчрах жагсаалт гаргаж зарлаж байв. Ингэхдээ "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан хүмүүсийг авчрах ажиллагааг гадаадын 23 улстай эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд эрэн сурвалжилж, эх оронд нь дуудан ирүүлэх ажиллагааг зохион байгуулж байсан юм.

Хоёр жилийн хугацаанд интерполын “Хөх булант” зар мэдээгээр 70, “Улаан булант” зар мэдээгээр 22 этгээдийг эрэн сурвалжилж, 57 этгээдийг олж 13 хүнийг авчирч дөрвөн хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Мөн гадаад улсад байгаа 30 гаруй иргэний гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгож, тухайн оронд  зорчих, амьдрах боломжийг хязгаарласан. Гадагшаа оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг буцаан авчрах ажил 75 хувьтай хийгдсэн хэмээн тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлж байв.

Ийн Л.Оюун-Эрдэнэ эхлүүлсэн “Шувуу” ажиллагаа сөрөг хүчний төлөөлөл О.Алтангэрэл сайдын үе хүртэл хэрэгжээд өдгөө Ерөнхий сайд Г.Занданшатар, түүний танхимын Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар нар дээр ирээд зогсох уу гэдэг асуулт урган гарч байна.

Зүй нь хэн эхлүүлсэн нь хамаагүй. Гагцхүү авлига, албан тушаал, гэмт хэрэгтэнтэй тэмцэх үр дүнтэй шийдэл л бол аль ч даргын үед хэрэгжих л учиртай.

Тиймээс гэмт хэрэг үйлдээд гадагшаа оргон зайлсан хэнбугай ч хамаагүй, одоогийн нөхцөлд бол “Таван богд”-ын Ц.Баатарсайханы хүү дээр “шувуу” ажиллагааг хэрэгжүүлж, гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгож, тухайн оронд  зорчих, амьдрах боломжийг хязгаарлаж болохгүй гэж үү Ерөнхий сайд аа, Хууль зүй, дотоод хэргийн сайд аа. Ард түмэн тэгш эрх, шударга ёсыг шаардаж байна.