2025 оны эхний 5 сарын байдлаар 208 хүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашигласан хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
Насны байдлаар нь авч үзвэл 79.8 хувь нь 18-35 насныхан бөгөөд 75.9 хувь нь эрэгтэйчүүд байгаа аж. Анхан шатны шүүхээс 76 шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол 31 шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж шийдвэрлэжээ.
Энэ төрлийн бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх, авах нь 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл хүлээлгэдэг. Харин худалдаалах зорилгоор ийм бодисыг хууль бусаар олж авах, бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, худалдсан тохиолдолд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулна.
Гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн болон улсын хилээр нэвтрүүлсэн тохиолдолд 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх бөгөөд зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсвэл бүх насаар хорих ял оноох зохицуулалттай.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ сэтгэл санааны тэнцвэр алдагдах, хэт сэрэмж алдах, хий юм харах зэрэг сэтгэцийн гаж үзэгдэл илэрч, улмаар өндрөөс үсрэх зэрэг өөр гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй байдаг.